Татварын хууль тогтоомжийг шинэчлэхэд иргэн, аж ахуйн нэгжийн саналыг тусгахын тулд өчигдөр хэлэлцүүлэг өрнүүллээ. Уг хэлэлцүүлгийг Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан юм. Татварын хууль тогтоомжийг шинэчлэхдээ цуврал хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн бөгөөд анхных нь энэ болов. Эхний удаагийн үйл ажиллагаанд гаалийн зуучлагч байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Гаалийн зуучлагч 80 байгууллага байдгаас 63 орчмынх нь төлөөлөл саналаа илэрхийлсэн байна. Тэдний зүгээс НӨАТ, импортын бараанд ногдуулах татварын хэмжээг бууруулах талаар саналаа хүргүүлжээ. Түүнчлэн тээвэр зууч, гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчид маргааш, гаалийн хяналтын, баталгаат бүс эзэмшигч байгууллагууд болон хилийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэгчид ирэх долоо хоногийн даваа гарагт уг хэлэлцүүлэгт оролцох боломжтой. Энэ сарын 29-нд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогчид, 31-нд улс хооронд шуудан илгээмжийн үйл ажиллагаа эрхлэгчид татварын хуулийн шинэчлэлийн талаар санал солилцох нь. Эдгээр хэлэлцүүлэг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын хурлын танхимд болох гэнэ. Мөн ийм үйл ажиллагааг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс ч зохион байгуулж буй юм билээ. Түүнчлэн Татварын ерөнхий газрын цахим хуудас mta.gov.mn сайтаар дамжуулан онлайнаар санал өгөх боломжтой.
А.Тэлмэн