Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх мега төслүүдийг Засгийн газар эрэмбэлжээ. Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Үүний хүрээнд Улаанбаатарын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлж, түүний дагуу хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахыг “20 минутын хот” үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт даалгасан байна. Мөн мега төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл болон төсөвт магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Түгжрэлийг бууруулах төслүүдээс метрог нэгдүгээрт эрэмбэлсэн байна. Агаарын бохирдлыг бууруулахаас “ДЦС-5”, бусад чиглэлийн төслөөс шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг нэгдүгээрт эрэмбэлжээ.