ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 60 жилийн ойг тохиолдуулан нээлттэй өдөрлөг өчигдөр зохион байгууллаа. Тус хүрээлэн нь Генетикийн, Молекул биологийн, Микробиологийн, Микробын нийлэгжлийн, Ургамлын биотехнологийн, Шувуу, шавж судлалын, Хөхтний экологийн, Гидробиологийн загас судлалын гэсэн найман лабораторитой.
Оюутан залуус, хүүхэд багачууд тэнд олноороо цуглажээ. Хүүхдүүд дотогш орохоор яарцгаана. Харин оюутан залуус судлаачдаас мэргэжлийнх нь талаар зөвлөгөө авахыг хичээж байлаа. Мөн судалгааны ажлынх нь үр дүн, туршилт гээд тэдний анхаарлыг татах зүйл бишгүй олон.
Олны анхаарлыг хамгийн ихээр татсан газар бол үзвэрийн хэсэг. Энэ нь шувууд, эрвээхэй, хэвлээр явагчид зэрэг хэсэгт хуваасан тохилог танхим аж. Олон нийтэд нээлттэй арга хэмжээнээс бусад үед ч оюутан залуус, хүүхдүүдэд эл танхим нээлттэй юм билээ. “Монголд 520 гаруй зүйлийн шувуу байдгаас 400 гаруйнх нь үзмэр манай хүрээлэнд бий. Усны, бор шувууны багийнхан, харцага, шонхор зэрэг хэсэгт хуваан толилуулж байна” хэмээн Шувуу, шавж судлалын лабораторийн эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б.Эрдэнэхүү хэлэв.
Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Халиун “Өдөрлөгийн үндсэн танхимд хүрээлэнгийнхний эрдэм шинжилгээний бүтээлүүд, түүний үр дүн болсон бүтээгдэхүүн, хээрийн судалгааны ажлын зарим тоног төхөөрөмж зэргийг танилцуулж байна. Эдгээр тоног төхөөрөмжийг Хөхтний экологийн, Шувуу, шавж судлалын лабораторийнхан хээрийн судалгааны ажлуудад ашигладаг. Жишээлбэл, сансрын дохиолол дамжуулагчтай хүзүүвч, хөхтөн амьтан баригч, шувууны байршил тогтоох төхөөрөмж зэрэг бий” гэлээ. Мөн тэрбээр “Молекул биологийн лаборатори нь сүүлийн үед элэгний хавдрын судалгааг голчлон хийж байна. Коронавируст халдварын үед эсрэг бие илрүүлэх тестийг зохион бүтээсэн. Энэ нь коронавирусний эсрэг бие буюу дархлаа тогтсон, эсэхийг илрүүлэх оношлуур л даа. Эдгээр инновацын бүтээгдэхүүн нь Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийн бүтээлийн үр дүн юм. Биологийн хүрээлэнд инновацын 15 орчим төрлийн бүтээгдэхүүн байгаа. “Биоплас” барагшун, “Бэхэн нүд” чонон хармагтай цай зэрэг бүтээгдэхүүний оюуны өмчийг нь компаниудад эзэмшүүлээд, түүнээсээ ашиг хүртэх нь ч бий” гэсэн юм.
“Био-Ариус”, “Био-Дэндро” бактерийн бэлдмэл, “Урга” биобордоо зэрэг бүтээгдэхүүнүүдийг Микробын нийлэгжлийн лабораториос гаргажээ. Эдгээр нь бүтээмжит бичил биетэн ашиглаж үйлдвэрлэсэн, бактерийн гаралтай био бэлдмэл аж. “Био-Ариус” нь нүхэн жорлонгийн үнэр дарах, хөрсийг халдваргүйжүүлэх нөлөөтэй. “Био-Дэндро” бактерийн бэлдмэлийн хувьд ойн хөнөөлт хортон шавж буюу хөхүүр эрвээхэйн эсрэг үйлчилгээтэй. Найрлагын хувьд хүн болон амьтдад гаж нөлөөгүй, органик найрлагатай. Ой нөхөн сэргээхэд түгээмэл ашигладаг талаар Молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Халиун хэллээ.
ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга “Биологийн хүрээлэнгийн 60 жилийн ойн баяраа тохиолдуулан олон улсын хурал, улсын биологийн олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 60 жилийн хугацаанд бид юу хийсэн бэ, ямар үр дүн гарав гэдгийг ирэх есдүгээр сард болох олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцэх юм.
Бид мэдлэг бүтээх ёстой, түүнийгээ олон нийтэд түгээн дэлгэрүүлэх шаардлагатай. Судалгааны ажлуудыг зөвхөн салбарын мэргэжлийнхэн нь хүлээн авдаг бус, бусад хүнд ч хүргэх хэрэгтэй юм. Хоёрдугаарт, энэ үйл ажиллагааг зохион байгуулснаараа ахлах ангийн сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах зорилготой. Үүгээрээ дамжуулаад 10-20 жилийн дараах хүний нөөцөө бэлдэж байна гэсэн үг шүү дээ.
ШУА гэхээр л “Тэд юу хийдэг юм” гэсэн сөрөг хандлага ажиглагдах нь бий. Бидний хийсэн зүйлсээс хамгийн наад захын жишээ хэлэхэд Орхон аймгийн төвийн ус цэвэршүүлэх системийн бохирдлыг багасгаж, лаг шаврыг нь бордоо болгосон удаатай. Үүний тулд манай хүрээлэнгийн эрдэмтэд гурван жилийн турш ажиллаж, микробиологийн аргаар бохирыг задалж байлаа. Бохир агуулсан нэг бассейн нь л гэхэд 5000 шоо метр хэмжээтэй. Түүнийг нь 1000 шоо метр болтол нь задалж, өвчин үүсгэгчгүй, хөрсний бордоо болгосон. Мөн Биологийн хүрээлэнд биотехнологийн, биологийн гэсэн үндсэн хоёр чиглэлийн үйл ажиллагаа зангилаатай явагддаг. Бид өнгөрсөн жил л гэхэд шонхрын тооллогыг удирдаж хийсэн. Монгол орны амьтны аймаг, тэр дундаа хөхтөн, загас, шувууны судалгааг тогтмол хийдэг. Ингэхдээ тэдгээр амьтны экологи, хамгаалал зэрэгт голчлон анхаардаг” гэв. Мөн Ургамлын биотехнологийн лабораторидоо нэн ховор болон ашигт зарим ургамлыг биотехнологийн аргаар үржүүлдэг юм билээ. Эл лабораторид ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлж, нэн ховор зүйлүүдийг “олшруулж” буй аж.
А.Үүл