Хууль сахиулах байгууллагынхан яг нэг жилийн өмнө буюу 2022 оны есдүгээр сарын 27-нд Баянзүрх дүүрэг дэх ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Лхагвадуламыг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Цагдаагийн байгууллагынхан тухайн үед нийслэл дэх ерөнхий боловсролын хэд хэдэн сургуулийн захирлыг шалгаж эхэлсэн бөгөөд хууль, дүрэм, журам зөрчсөн, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр түүнийг саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. Хууль сахиулагчид түүний гэрт нэгжлэг хийгээд багагүй хэмжээний мөнгө эд мөрийн баримт болгон хурааж байсан юм.
Бүтэн жил шахам хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Лхагвадулам нь цахилгаан барааны худалдаа, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эмтмарт” ХХК-ийн захирал С.Батгэрэлээс 84 дүгээр сургуулийн захирлын албан өрөөндөө 16.8 сая төгрөгийн хахууль авсныг тогтоосон гэнэ. Тус компани нь эл ерөнхий боловсролын сургуультай 107.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий гүйдэг самбар, ухаалаг дэлгэц нийлүүлэх гэрээ байгуулж ашиг олохын тулд хахууль өгсөн аж.
С.Лхагвадулам өмнө нь НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байгаад 2021 оны аравдугаар сард тус сургуулийн захирлаар томилогдсон юм.