Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Хүүхдүүддээ инээмсэглэхийг заая. Бид яагаад дулаахан инээмсэглэдэг үндэстэн байж болохгүй гэж” хэмээн нийгмийн сүлжээнд бичиж, уриалга дэвшүүлж байсан нь саяхан. Түүний үгийг энэ цаг үед монголчуудын сонорт дахин хүргэж, нийгэмд илүү чангаар уриалмаар байна. Тийм ээ, бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол дулаахан инээмсэглэл. Өөрийгөө хүчилж, эсвэл хэн нэгэнд таалагдах үүднээс ёс төдий мушилзах тухай энд яриагүйг уншигч авхай та эрхбиш ялгаж салгаж буй байх. Инээмсэглэл гэдэг бол элэгсэг найрсаг, халуун дулаан харилцааны эхлэл. Инээмсэглэж сурна гэдэг нь бусадтай эв эетэйгээр харилцаж, зохицож амьдрах, эерэг эрчим түгээх, аливаад хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж сурах тухай ойлголт юм. Тиймээс л “Ядаж хүүхэд, залуустаа инээмсэглэхийг заая” хэмээж буй хэрэг.
Зохиолч Г.Аюурзана “Монголчууд бид дотроо уг нь гэм халгүй, эгэл жирийн ард түмэн. Гэвч өөр хоорондоо харьцах нь ч, өрөөл бусдад хандах нь ч нэг л эвгүй. Хотын соёл, замын хөдөлгөөнд оролцож буй байдал, зарим хүүхэд, залуусын хүмүүжлийн гажиг, нийгмийн сүлжээн дэх зан харилцааны бүдүүлэг, харанхуйн илрэл зэргийг энд тоочихоо больё. Яриад ч дуусахгүй. Хөдөөгийнхөн найрсаг, зочломтгой гэж сонссон гадаад хүн Монголын үзэсгэлэнт нутагт тийм хүнтэй бараг таараагүйгээ гайхан ярьж байсан. Хариуд нь хэлэх үг олдоогүй. “Тэдний сайхан сэтгэлийг олж харахын тулд хамт амьдарч үзэх ёстой” гэлтэй биш. Өндөр хөгжилтэй орнуудад тэр энгийн инээмсэглэлийг хүүхдүүдэд дунд сургуулиас нь заачихдаг. Одоо тэгвэл бид хүүхдүүддээ үүнийг заая. Хүнтэй харц тулгарвал нүүр буруулах, гөлрөх, эсвэл толгойноос хөл хүртэл ширтэх биш, зүгээр л инээмсэглэхийг. Тэдний мишээхийг хараад бид аяндаа суралцана. Тайланд, Камбожийг нүүр дүүрэн инээмсэглэлийн, амар тайван орон гэдэг. Бид яагаад зэвүүн царайтай байх ёстой юм бэ. Улс, эх орны нүүр царай гэдэг бол бидний л өнгө төрх. Үүнийг хамгийн сайхан чимэх зүйл инээмсэглэлээс өөр юу байх сан билээ” гэж өгүүлснийг ч зориуд онцлон дурдъя. Бидний бодит байдал яг л ийм буй. Саяхан манай улсад ирсэн нэгэн жуулчин мөн л монголчуудын дүнсгэр, уур уцаартай төрхийг шүүмжлээд, барагтаа инээмсэглэдэггүй, баяр баясгалантай байдаггүй хэмээн ярьсан байна билээ. Магадгүй бид энэ байдалдаа өөрсдөө дассан, алдаа дутагдлаа олж хардаггүй байх. Харин шинэ орчин, хүмүүсийн дунд орж ирсэн гаднынхан энэ сул талыг илүү тод анзаарч, шүүмжилсээр.
Зарим нь “Манайхан барууныхан шиг харц тулгарангуутаа хөнгөн инээмсэглэдэггүй нь үнэн. Гэхдээ харилцаа тогтоод, дотносоод ирэхээр дундаа орж, инээж хөхөрдөг, найрсаг хүмүүс” гэж өмөөрдөг. Мөн нэг хэсэг нь “Байгаль, цаг уурын эрс тэс, тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхойгүй нөхцөл, хүнд сорилт, нийгмийн стресс монголчуудын сэтгэл зүй, харилцаа, хандлагад нөлөөлдөг. Тэр бүхэн нь нүүрний хувирлаас нь харагддаг” хэмээн учир шалтгааныг нь тайлбарладаг. Дээр дурдсан зохиолч гэхэд үүнийг нийгмийн, гэр бүлийн нийтлэг хүмүүжилтэй холбоотой гэж үзсэн. Эдгээрийн аль нь ч үнэн байлаа гэсэн бид алдаа дутагдал, сул талаа хаацайлан хамгаалж, өөгшүүлэх шалтгаан болохгүй. Харин үүнийгээ засаж залруулаад, урагшлах ёстой.
Дэлгүүр, худалдааны төвөөр ороход л монголчууд хэр найрсаг, зочломтгой, соёлтой вэ гэдэг нь харагддаг. Худалдагч, үйлчилгээний ажилтнууд нь үл тоох хандлагатай, утсаа ширтээд, эсвэл хоорондоо элдвийг хуучлаад зогсож байх нь түгээмэл. Үйлчлүүлэгчээ цоргисон харцаар удтал ширтэж, шинжиж, тухгүйтүүлэх нь ч бий. Бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой танилцуулга, мэдээллээ ч хүмүүст өгдөггүй, асуусан зүйлд ч дорвитой хариулдаггүй. Юун инээмсэглэн угтаж, үдэх соёл манатай. Авбал ав, байвал бай гэсэн үл ойшоосон, ажилдаа ялархсан хандлага нийтлэг ажиглагддаг. Үйлчилгээний салбарт бичигдээгүй хууль болсон угтах, үдэх, талархах соёл, найрсаг харилцаа манайд ер байдаггүй. Тиймээс л жуулчид, гадаадын иргэд гайхшаа бардаг, ижил дасал болсон эерэг хандлагаа биднээс нэхдэг, сэтгэл дундуур буцдаг. Гадаадын орнуудад, илүү тодруулбал, хөгжингүй, аялал жуулчлалын бүс болсон газруудад хүмүүс нь хоорондоо найрсаг, эелдэг харилцдаг, харь улсаас ирсэн зочдод бүр ч хүндэтгэлтэй ханддаг. Жирийн нэг иргэн, захын нэг худалдаа, үйлчилгээний газар ч улсынхаа нэр, нүүр царайг илтгэж байдаг, харилцаанаас харилцаа үүсдэг, хэн илүү найрсаг байсан нь илүү ихийг олдог, илүү сайхан сэтгэгдэл төрүүлж, олон үйлчлүүлэгчтэй болдог гэдгийг тэд хэлүүлэлтгүй мэддэг учраас л хүн хоорондын харилцаагаа хамгийн гоёор хадгалахыг хичээдэг. Солонгос, япончууд сул дорой, өөртөө итгэлгүйдээ тэгж их бөхөлздөг юм биш. Тайланд, вьетнамчууд дүр эсгэж, бусдад таалагдах гэсэндээ үргэлж инээмсэглэж явдаггүй. Энэ бүхний цаана өнөөх л хүн хүнээ хүндлэх соёл, эерэг уур амьсгалаар ойлголцох, харилцааг зөөлрүүлэх, хөнгөвчлөх гэсэн бодлого байгаа юм.
GS25, CU зэрэг олон улсын сүлжээ, конвиниенс дэлгүүрүүд Монголд анх үйлчилгээгээ эхлүүлж, салбаруудаа нээж байхад ямар байлаа даа. Худалдагч, үйлчилгээний ажилтнууд нь соёлч, найрсаг байдлаараа үлгэрлэж, нийгэмд эергээр нөлөөлж байв. Гэтэл одоо тус дэлгүүрүүд энэ ялгарлаа “гээсэн”. Ямар сайндаа л “CU, GS 25 дэлгүүрүүд монголжсон” гэж хошигнох, шүүмжлэхийн завсар ярих вэ дээ. Эелдэг, найрсаг харилцааг далимдуулан ажилтнуудыг нь дээрэлхэх, дураараа аашлах, соёлч байдлыг нь доог тохуу хийж, илүүд үзэх хандлага нийгэмд түгээмэл байсан нь үүнд нөлөөлсөн болов уу. Нөгөөтээгүүр, угаас инээмсэглэн угтаж, үдэх, найрсаг харилцах соёлд суралцаагүй нийгэм, зах зээлд эерэг хандлага тогтооход урт хугацааны тууштай үйл ажиллагаа, уйгагүй оролдлого хэрэгтэй нь мэдээж. Цагийн ажилтны системээр хүний нөөцөө бүрдүүлдэг компанийн хувьд энэ нь бүр ч бэрхшээлтэй. Солонгосоос гаралтай олон улсын сүлжээ дэлгүүрүүд манай улсад сайн жишиг тогтоож, өөрчлөлт авчрах гэж хэрэндээ хичээсэн ч монголчууд тэдэнд хүчрэгдсэнгүй.
Эелдэг найрсаг зан, харилцаа хүнд төрөхөөс заяагддаг уу. Дээр дурдсанчлан байгаль, нийгмийн онцлогоос хамаараад зарим үндэстэнд ийм өгөгдөл угаас байдаггүй юү. Энэ бол хүн нийгэмших, төлөвших явцдаа эзэмшиж, өөртөө суулгаж болдог зан байдал. Өөрөөр хэлбэл, төрөлхийн эелдэг хүн, байгалиасаа харилцаа муутай хүн гэж байдаггүй гэсэн үг. Өсөж торнисон орчин, гэр бүлийн хүмүүжил, нийгмийн ерөнхий хандлага, уур амьсгал үүнд гол нөлөөтэй. Тэр ч бүү хэл, инээмсэглэл, эерэг хандлага бусдад “халддаг”, харилцааны эргэх холбоог сайжруулдаг гэж үздэг шүү дээ. Тэгэхээр бид “зэвүүн”, ширүүн байдлаа өөрчлөх боломжтой. Харин үүнийг хаанаас эхлүүлэх вэ.
Нэн түрүүнд хүүхэд, залуусаас эхлүүлэх нь зүйтэй. Эрүүл харилцаа, зөв хандлагатай иргэдийг бэлтгэе, төлөвшүүлье гэвэл тэр хэрээр эртнээс “тулж ажиллах” шаардлагатай. Энэ нь ч үр дүнтэй. Тэрчлэн улсынхаа нүүр царай болж гадаадын иргэд, жуулчидтай ойр ажилладаг үйлчилгээний байгууллагынхныг наанадаж угтах, үдэх, мэндчилэх соёлд суралцуулах нь нэн тэргүүний шаардлага болоод байна. Үнэндээ манай улс “Монголд зочлох жил” санаачилга гаргаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа ч энэ бүхний үндэс суурь болсон тав тухтай, аюулгүй орчин, чанартай үйлчилгээ, найрсаг харилцааг бий болгоход төдийлөн санаа тавихгүй өдий хүрлээ. “Өөдлөн дэвжих Монгол”, “Урагшлан тэмүүлэх Монгол” зэрэг сүржин, амьдралаас тасархай уриалга дэвшүүлж байхаар “Соёлтой Монгол”, “Найрсаг Монгол” гэсэн үндэсний брэнд үгтэй болж, үүнийгээ амьдралд хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгахад анхаарвал илүү тохиромжтой мэт. Тийм ээ, бидэнд хамгийн их дутагдаж буй зүйл бол дулаахан инээмсэглэл, найрсаг харилцаа.
Н.Мишээл