Хамтарсан Засгийн газрын тэргүүний санаа амрав. Учир нь Засгийн газрыг огцруулахыг шаардаж, Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулсан жагсаал 13 өдөр үргэлжлээд дууслаа. Тэд зорилгодоо хүрч чадсангүй. Тус нам, тэдэнтэй нэгдсэн олон иргэний шаардлагыг ажил хэрэг болгох боломж УИХ-д л байсан. Нийт гишүүний дөрөвний нэг нь ийм саналыг албан ёсоор оруулж байж парламент хэлэлцэх хуультай. Гэвч хэн нь ч хуруугаа хөдөлгөсөнгүй. Өөрийг нь огцруулах жагсаалын сургаар л хамгаалах элдэв арга хэмжээ авч, эсрэг явуулга хийсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайн дураараа огцрохгүй нь эхнээсээ тодорхой байсан юм.
Тэр хамтарсан Засгийн газар байгуулсны хэргээ гаргаж, МАН, АН, ХҮН, тэр байтугай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж үлдсэн Үндэсний эвсэл, ИЗНН-ыг ч өөрийн талд нэгтгэж чаджээ. Улс төрийн тохиролцоо хүчтэй аж. Албан тушаал, эрх мэдлээ хадгалж үлдсэн тул Засгийн газрын тэргүүн сэтгэл дүүрэн байгаа бол Ерөнхий сайд болохоор дотроо сэм горилогсод гонсойж хоцров. Юутай ч жагсаал зохион байгуулагчид тэмцлээ зогсоохгүй гэдгээ мэдэгдэж, Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа УИХ-ыг тараах шаардлагыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлжээ.
20-иод гишүүн албан бусаар дэмжжээ
Жагсаал, цуглаан хийх Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж буй иргэдээ хавчиж, рецедив гэмт хэрэгтнүүдээр сүрдүүлэн, Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацрал хэмээх бүсгүйг элдвээр гутааж буйг эсэргүүцэж байгаагаа УИХ-ын гишүүн Д.Ганбат чуулганы танхимд мэдэгдсэн юм. Тэрбээр “Иргэдийн эрх, эрх чөлөөнд халдвал Засгийн газрыг огцруулах асуудал оруулна” хэмээсэн билээ. Гэхдээ “Одоо чуулган завсарлаад орон нутгаар яваад ирэхэд бөөн юм болгочихсон байв” гэдэг үгээс нь тэр албан ёсоор алхам хийж чадахгүй гэдэг нь харагдсан. Худлаа ч гэсэн иргэдээ хамгаалж үг хэлсэн нь энэ. Бусад нь харин дуугүй байв. Тэгвэл Эрх чөлөөний эвсэл намаас жагсаал эхлэхээс өмнө УИХ-д албан бичиг илгээж, Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг оруулж, хэлэлцэж өгөхийг хүссэн аж. Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан байдаг. Жагсаалын сүүлийн өдөр тус намын дарга Б.Цацрал мэдээлэл хийхдээ “АН-аас 10 орчим, МАН-аас 10 гаруй, нийт 20-иод гишүүн “Санал гаргавал гарын үсэг зурахад бэлэн” гэсэн хариу өгсөн” хэмээв. Бүрэн эрх нь гишүүн бүрд байхад хэнийгээ эхэлнэ гэж хүлээсэн юм бол. Тэгэхээр бас л жүжиг, ард түмний талд буй мэт дүр эсгэсэн байх нь. Учир нь нэг ч гишүүн иргэдийн төлөөллийн шаардлагыг хүлээн авч, асуудлыг албан ёсоор оруулаагүй.
Тиймээс дээрх намынхан УИХ-ыг чадамжгүй хэмээн үзэж, тараах шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна. Б.Цацрал “Олон мянган хүний саналыг авч, сөрөг хүчин байна хэмээн сонгогдсон Үндэсний эвсэл, ИЗНН-ынхан Засгийн газрын ажлыг гүйцэтгэгч алба болж буйгаа мэдэгдлээ. Энэ бүхэн нь иргэдийг парламентад хэн ч төлөөлөхгүй гэдгийг харуулж байна. Улс төрчид, намууд бидний өгсөн санал, итгэл үнэмшлээр наймаалцдаг аж. УИХ-д сөрөг хүчин байхгүй нь. Иргэдийг парламентад төлөөлөх гишүүн үгүй болжээ. Тиймээс бид өөрөө өөрсдийгөө төлөөлөх ёстой. Засгийн газрыг огцруулах санал гаргах чадамжгүй УИХ тарах ёстой, энэ парламент биднийг төлөөлж ажиллаж чадахгүй гэдгээ харууллаа” гэв.
Парламент хамгаалах арга хэмжээ авах уу
Үндсэн хуулийн 22.2-т “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзэж, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол парламентын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно” хэмээн заажээ. Ерөнхийлөгч одоо ямар алхам хийх бол. Жагсаалын 13 өдрийн турш олон нийтэд ямар ч тайлбар тавилгүй, Төрийн ордондоо нуугдсан Л.Оюун-Эрдэнийн үйлдлийг давтах уу. Өөрөөр хэлбэл, шаардлагыг үл тоох уу. Эсвэл “Огцруулах үндэслэл алга” гэсэн дипломат тайлбар өгөх үү. Хэдийгээр бүх ард түмний саналаар сонгогдсон ч У.Хүрэлсүх МАН-ын хүн. Бас Төрийн тэргүүн Ерөнхий сайд хоёр зарим зүйл дээр зөрчилддөг, нам дотроо хэн нь илүү эрх мэдэл, дэмжлэгтэй тухайд ч янз бүрийн яриа гардаг. Тэгэхээр МАН олонх байгаа, бусад намыг эгнээндээ нэгтгэсэн эл парламентыг тараахад У.Хүрэлсүх хувь нэмэр оруулах уу, эсвэл хамгаалж үлдэх үү. Эдгээр асуултын хариу удахгүй тодорхой болох биз ээ.
Мөн УИХ-ын гишүүдийн гуравны нэг буюу 42 хүн санал оруулбал тарах асуудлыг хэлэлцүүлэх боломж нээлттэй. Гэхдээ тэгэх гишүүн гарахгүй биз ээ. Хариуцлага тооцож, сольж, огцруулж чаддаг байх зориг, соёл манай улс төрд бараг байдаггүй. Аль талын эрх ашиг илүү байгаагаар л асуудалд ханддаг улс төрчидтэй шүү дээ.
Горилогчдын хүсэл биелсэнгүй
Засгийн газрыг огцруулахыг шаардан иргэдийн төлөөлөл жагсаж байх зуурт дараагийн Ерөнхий сайд болохыг хүссэн хүмүүсийн сунгаа өрнөсөн. Нийгмийн сүлжээнд МАН-ын энгийн гишүүдээс нь ч санал асуулга явуулж тандаж үзэв. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нарын “нэр дэвшигч” хүртэл тодорлоо. УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы пиар илүү хүчтэй явав. Хэн нь ч алхам хийхгүй, гэхдээ юмыг яаж мэдэх вэ, Л.Оюун-Эрдэнэ огцорчихвол гэсэн сэм хүлээлт энэ мэт улс төрчдөд байжээ. Дээр бичсэнчлэн хэн нэгэн гишүүн эхэлж Засгийн газрыг огцруулах санаачилга гаргавал дэмжээд гарын үсгээ зурахад бэлэн, залгуулаад өөрийн тоглолтыг хийх гэсэн төлөвлөгөө ч байсан биз. Гэхдээ хэн нь ч эхэлж түвдсэнгүй. Тиймээс горилогчид ээлжээ хүлээгээд үлдэж байна.
Эрх чөлөөний эвсэл намаас зохион байгуулсан жагсаал хэдийгээр зорилгодоо хүрээгүй ч Засгийн газар, УИХ-д ч тодорхой хэмжээгээр сануулга өгсөн болов уу. Утаандаа хордож, түгжрэлд хамаг цаг, санхүүгээ барж, татварт дарлуулж яваа иргэд тэсрэхэд ойрхон байгааг харууллаа. Мөн жагсаал, цуглаан хийх, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг иргэдэд сануулж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ төлөө өөрсдөө дуугарах, тэмцэх ёстойг ойлгуулав. Гадаадын санхүүжилттэй, захиалгатай хэмээн хардуулж, элдэв гэмт хэрэгтэн, “Босоо хөх Монгол” зэрэг хөдөлгөөнийхний сүрдүүлэгт орж, биедээ халдуулж, доромжлуулсан ч Эрх чөлөөний эвсэл намынхан анх эхлүүлсэн зорилгынхоо дагуу жагсаж, эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин иргэд эхний өдөр бужигналдаад л энэ жагсаалын талаар мартаж орхисон. Тууштай тэмцэх зан чанар монголчуудад үгүй аж.
Олон талаас хамгаалах арга хэмжээ авч, эрх мэдэлтэйгээ үлдсэн Л.Оюун-Эрдэнэ, түүний танхим иргэдийн шаардсан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн төлөө бодит ажил хийх ёстой. Тэгж чадахгүй бол чаддаг хүнд нь албан тушаалаа өгөхийг иргэд ахиад ч шаардах биз ээ.