Орон даяар гашуудал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх тогтоолыг Засгийн газар баталжээ. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн П.Очирбатыг сүүлчийн замд нь үдэх өдөр буюу энэ сарын 24-нд орон даяар гашуудал зарлах зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан юм. Тухайн өдрийн 07.00-гоос 25-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд соёл урлаг, биеийн тамир, спортын тоглолт зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглохоор Засгийн газрын тогтоолд тусгасан байна. Энэ өдрийн 12.00 цагт улс орон даяар автомашин, галт тэрэг, цахилгаан станцын дохиоллыг дуугаргаж, төрийн албан хаагчид нэг минут зогсож хүндэтгэл үзүүлэх аж.
Мөн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Сүхбаатар дүүргийн I хороо, Сөүлийн гудамжнаас нийслэлийн ерөнхий боловсролын I сургуулийн зүүн талаас “Цэцэг” төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит болгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ.
Ч.Зул