Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын 2024 оны сонгуулийн дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин, сонгогдсон Дамбын Батлут “Улс төр бол попордог биш, ажилладаг талбар” гэж хэлж байсан удаатай. Ингэж хэлэхдээ тэрбээр аль хэдийн улс төрд хөл тавьж, попорч ч сурсан байж. Д.Батлут 2008 оноос сумын Засаг даргын орлогчоос эхлэн улс төрийн цөөнгүй албан тушаал хашиж, Орхон аймгаас УИХ-д хоёр дахиа сонгогдоод буй нь энэ юм. 1974 онд Архангайн Хашаат сумд есөн хүүхэдтэй айлын найм дахь нь болон мэндэлсэн тэрбээр 1992 онд Орхон аймгийн тавдугаар дунд сургуулийг төгсөж, цахилгааны инженер мэргэжлийг ШУТИС-ийн харьяа Технологийн сургуульд эзэмшсэн байна. 2007 онд Удирдлагын академид төрийн удирдлагаар суралцаж, мэргэжил дээшлүүлжээ. 1994 онд “Эрдэнэт хивс” ХХК-ийн туслах ажилтнаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн түүнийг хэрхэн, ямар замаар УИХ-д хоёронтоо сонгогдсоныг нь нийслэлчүүд тэр бүр мэддэггүй.
Д.Батлутыг улс төрд кранаар бус, шатаар өгссөн гэж орхончууд ярьдаг юм билээ. Тэрбээр 2003-2006 онд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, 2006-2007 онд Орхон аймгийн ЗДТГ-ын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн, 2008-2012 онд тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчоос НАМЗХ-ны дарга, аймгийн МАН-ын дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, 2016-2020 онд Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчаар ажиллаж байв. Аймгийн Засаг даргаар сонгогдсон даруйдаа Д.Батлут “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркийг байгуулж, эрдэмтдийн зөвлөлтэй болгон, ЖДҮ-ийн цөөнгүй төсөл бойжуулж, хүүгүй зээл олгон, иргэдийн амьжиргааг дэмжсэнд орхончууд итгэл хүлээлгэдэг бололтой.
Тэгвэл УИХ-ын гишүүн болоод юу хийсэн бэ. Д.Батлутын гишүүн болсон анхны жилд “Ковид-19” гарч, манай улс вакцины эрэлд “хатаж” байсан цаг. Тухайн үед түүнд улс төрчдийн “өвчин” халдсан уу гэлтэй, “Хамгийн түрүүнд вакцин хийлгэсэн иргэд орхончууд боллоо” гэж попорч байв. Засаг дарга нь гишүүн болсон гээд тэднийг давуу эрх эдлэх ёсгүйг иргэд нийгмийн сүлжээнд шүүмжилж байсан юм.
Д.Батлут чуулганы танхимд хуурамч эмийг зах зээлээс татах, хүүхдийн мөнгийг бүгдэд нь ялгаварлахгүй олгох зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн бөгөөд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачилж, 2022 онд батлуулжээ. Мөн төсвийн мөнгөөр тойрогтоо буюу Орхон аймгийн шинжлэх ухаан, технологийн паркийг шинэ байртай болгож, олон улсын стандартад нийцсэн авто тээврийн төв барьж, БОЭТ-д ангиограф, томографын аппарат нийлүүлсэн гэх. Зарим улс төрч түүнийг “УИХ-ынх бус, Орхон аймгийн гишүүн юм биш үү” гэж ёгтлох. Түүнчлэн 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит бус чуулганы долоон удаагийн хуралдааны дөрвийг нь Д.Батлут хүндэтгэх шалтгаангүйгээр тасалжээ. 2024 оны аравдугаар сарын чуулганы хурлуудад ч тэрбээр ганцхан удаа суухдаа хоцорсон, нэгт нь гадаадад, тавд нь орон нутагт томилолттой байсан аж. Харин өнгөрсөн сарын 11 удаагийн хуралдааны 10-т нь суусан байна.