Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай хууль, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаар удирдах ажилтнуудын дунд нэгдсэн ойлголт бий болгох, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулан, үр дүнд хүрсэн улс орнуудын туршлага, дэлхий нийтийн чиг хандлагаас суралцах, үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудал, цаашдын бодлого зорилтоо тодорхойлох зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд зөвлөлдөж байна.
Энэ удаагийн зөвлөгөөнийг “Хамтдаа хөгжье” уриа дор “Байгууллагын хөгжил, цаашдын чиг хандлага”, “Төрийн бодлого, хөгжлийн удирдлага”, “Мэргэжлийн удирдлага” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, хийсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Зөвлөгөөнд төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах 220 албан тушаалтан оролцож буй бол Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар урилгаар ирсэн бөгөөд зөвлөгөөнийг нээж ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд үг хэлэв. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд анх удаа оролцож, цагдаагийн байгууллагаас хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх зорилтуудтай танилцлаа. Цагдаагийн байгууллага үеийн үед гадаад харилцаагаа хөгжүүлэх, алба хаагчдаа чадавхжуулахад анхаарч ирсэн. Үүний үр дүнд эрх зүйн орчин бүрдэхээс гадна Монгол Улсын нэрийн хуудас болсон энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож байна. ГХЯ-наас энхийг сахиулах үйл ажиллагаанд хамрагдах цагдаагийн алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Үүнээс гадна цагдаагийн алба хаагчдыг гадаадын улс оронд сургах, чадавхжуулах ажлыг цаашид тогтмол зохион байгуулна” гэсэн юм.
Мөн онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр эхэлж, Шадар сайд С.Амарсайхан оролцжээ. Энэ үеэр төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтнуудад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор ган зудын үнэлгээг эртнээс төлөвлөн хийж, эрсдэлийн зураглалыг боловсруулан салбар хоорондын шийдвэр гаргах үйл ажиллагаа, зохицуулалтыг оновчтой зохион байгуулах, эрсдэлийн мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах удирдлага, хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах, онцгой байдлын байгууллагын удирдлага, алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах чиглэлээр үүрэг өгсөн байна.