Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Сино Хайдро” уурхайн ажилчид цалингаа нэмүүлэхээр ажил хаяжээ. Тэд дөрөв дэх өдрөө аюулгүй ажиллагааны зогсолт хийж буй юм. Энэ нь ажлын талбай дээрх аюулгүй ажиллагааны асуудлыг тодорхойлох, хэлэлцэх, сайжруулах зорилгоор бүх ажлыг түр хугацаанд зогсоохыг хэлдэг байна. Тус уурхайд 600 гаруй монгол иргэн хоёр ээлжээр ажилладаг аж. Энэ талаар тус уурхайн ажилчдын эрх ашгийг хамгаалахаар дуу хоолойгоо хүргэж буй геологи уул уурхайн хөгжлийн “Тэмүүлэл” холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Ононхангай “Сино хайдро” бол Хятадын төрийн өмчит компани. “Олон овоот” төслийг хэрэгжүүлж буй SGS компанийн туслан гүйцэтгэгч буюу нүүрс олборлох, хөрс хуулах ажлыг нь хариуцдаг. Уурхайн монгол ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлтийг тус компанийн удирдлагад жилийн өмнөөс удаа дараа тавьж, хариу хүлээж байсан. Гэтэл энэ сарын эхээр цалинг нь таван хувиар л нэмэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Илүү нэмэхгүй гэж мэдэгдсэн. 100 мянга орчим төгрөгөөр л нэмнэ гэсэн үг. Уурхайн ажилчид цалингаа 30 хувь нэмүүлэх хүсэлтэй байгаа. Хүсэлтийг хүлээн авах боломжгүйг уурхайн удирдах албан тушаалтан өнөөдөр (өчигдөр) хэллээ. Үүнийг ажилчид зөвшөөрөхгүй. Тиймээс төслийн удирдагч компани руу шаардлага хүргүүлнэ, шийдэлд хүргэхээс нааш ажилдаа гарахгүй” гэв.
Тэд уурхайн нөхцөл байдал болон эсэргүүцлийнхээ талаар цахим орчинд мэдээлж буй. Цахилгаан дулаан, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн ч цалин нэмэхгүй, илүү цагийн мөнгийг нь буруу боддог гэцгээж байв. Хятад болон монгол ажилчдын ажлын байрыг харахад л ямар ялгамжтай ханддаг нь илэрхий. Монгол хүн Монголд газар нутагтаа харийнхны эрхшээлд боол шиг ажиллаж буй. Эргэн тойронд хятад эзэнтэй уурхай олон бий. Тэд хоорондоо үгсэн хуйвалдаж, цалингаа нэмүүлье гэхээр хөөж туудаг. Уул уурхай тэргүүлэх салбар гэж ярьдаг ч уурхайчдын эрүүл мэнд, цалин, нийгмийн асуудлыг төр засгаас хөсөр хаясан гэж байв.
Ч.Болор