Орон сууцад амьдардаг иргэн, айл өрхүүдэд хотын соёлыг түгээхгүй бол горьгүй болжээ. Угаасан аягаа хормойгоороо арччихаад, тогоотой угаадсаа гэрийнхээ үүд рүү хээвнэг цацчихдаг нүүдлийн амьдралаас орон сууцад “идээшнэ” гэдэг тэс ондоо. Уулын мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай л гэдэг. Гэвч орон сууцад амьдардаг айл өрхүүдийн дийлэнх нь одоо болтол соёлгүй, харанхуй бүдүүлэг хэвээрээ. Бусдын эрхэд байнга халдаж, эд зүйлийг нь эвдэлж сүйтгэх энүүхэнд. Түүнийгээ юманчинээ боддоггүй, “хар гэртээ хаан” хэмээгээд хашхичиж суух нь ч бий. “Мөнгөөрөө авсан юм чинь яадаг юм” гээд нийтийн орон сууцыг аминыхтай андуурчихсан, байрных нь шал, хана, тааз нь бусдын эд хөрөнгө гэдгийг ч ухамсарладаггүй, зөвхөн өөрийгөө л боддог хүмүүс хотын соёлоос суралцах цаг болжээ.
Хүүхдүүд орилолдож, томчууд архидах
Саяхан даа, өсвөр насны нэгэн хүү доод давхрын хөрш эмэгтэйдээ цохиулж буйгаа дүрсжүүлсэн бичлэгээ нийгмийн сүлжээнд байршуулсан. Шалтгаан нь нөгөөх л амгалан тайван байдлыг нь алдагдуулсантай холбоотойгоор, тухайн эмэгтэй дээд давхрын айлдаа орж “Том хүн байна уу, яахаараа та нар шөнө дүл болтол хүн унтуулж амраахгүй, шуугилдаж ноцолдоод байдаг юм бэ. Эцэг, эхийгээ дууд” хэмээн ширүүн хэлэхтэй зэрэгцэн хүү “Айлд зөвшөөрөлгүй дайрч орлоо, ингэж хүний эрхэд халдахгүй ээ” гэх мэтээр үг хэлээр “хоргоож” байв. Эцэст нь эмэгтэй хүүг цохиод авсан нь бичлэгт үлдэж. Мэдээж ямар ч тохиолдолд бусдын биед халдах нь хууль бус. Гэхдээ тэр эмэгтэйг “тэсрэхэд” хүргэсэн зүйл нь юү байсан бэ. Томчууд нь олон хоногоор, шөнийн цагаар архидаж, дуулж хуурдсан. Хүүхдүүд нь орилолдож тааз нураад унах нь уу гэмээр чимээ шуугиантай байсан талаар тухайн эмэгтэй бичлэгт хальт дурдаад өнгөрдөг.
Энэ жишээ нь нийтийн орон сууцад амьдрагсдын хэвийн зөрчил, маргаан болчхоод удаж буй юм. Хажууд, дээд, доод давхрын хөршүүд нь архи, согтууруулах ундаа ууж л байдаг. Бүр хоорондоо зодолдон хашхичиж, нэгнээ хөнөөсөн тохиолдол ч гарч байв. Уг нь холбогдох хуульд зааснаар 22.00 цагаас хойш бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, чимээ шуугиан дэгдээн, гүйж харайхыг хориглодог. Гэтэл ийм шаардлага тавьсан хөрштэйгөө нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлалцах нь энүүхэнд болжээ. 00.00 цаг өнгөрчхөөд байхад хүртэл тоглоомын талбайд хүүхдүүд орилолдож, томчууд нь түүнийг тоох ч үгүй. Аргаа барсан нэгэн нь хорооны цагдаад гомдол гаргахаар шаардлага тавьсан болоод “хаядаг”. Ийм үйлдэл олон давтагдахаар сүүлдээ цагдаа нар нь ч тоохоо больдог аж. Дуудлага өгсөн хүн нь бараг л буруутан болоод үлдэх нь бий.
Хана, тааз өрөмдөж, тав тух алдагдуулах нь олонтоо
Орон сууцад оршин суугчид барилгын засвар, үйлчилгээ хийх нэрийдлээр шөнийн цагаар мөн л хана, тааз өрөмдөж, тав тух алдуулах нь олонтоо. Орон гэрээ засаж тордолгүй л яах вэ. Гэхдээ хууль, дүрмийн дагуу үүнийгээ хийдэггүй нь асуудал юм. Зарим орон сууцын хороолол, хотхоны Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-нд дотоод дүрэм журам байдаг юм билээ. Тухайлбал, “Нийтийн эзэмшлийн талбайд бусдын эрхийг зөрчихгүй, орон сууцад хог хаяхгүй, 21.00 цагаас хойш аливаа дуу чимээ гаргахгүй, оршин суугчдад аюул, осол учруулах нөхцөл байдал үүсгэхгүй байх”-ыг айлуудад мөрдүүлж, СӨХ-ноос тавьсан шаардлагыг удаа дараа зөрчвөл хууль журмаар нь арга хэмжээ авхуулдаг аж. Даанч ийм дүрэм журамтай, үйл ажиллагаа сайтай, оршин суугчдынхаа эрх ашгийг дээдэлдэг, тэдний төлөө ажилладаг СӨХ тийм ч олон биш.
Иргэн Б нялх хүүхэдтэй тул гэрээсээ бараг гардаггүй гэнэ. Гэтэл өдөр, шөнөгүй хана өрөмдөх чимээ олон хоногийн турш тухгүйдүүлж, хүүхэд нь ч унтаж чадахгүй байсан учраас зэргэлдээ давхрынхаа хөршийнд арга буюу орж шаардлага тавьсан тухайгаа хэллээ. Тэрбээр “Би бага насны хүүхэдтэй, оройн цагаар ядаж хана өрөмдөхгүй байж болох уу гэж хөршүүддээ хэлсэн. Тэгтэл “Ойлголоо, уучлаарай. Одоо нэг хана нураагаад л дахиж өрмийн чимээ гаргахгүй” гэв. Би бүр гайхаж хоцорсон. Ингээд орон сууцынхаа СӨХ-ны даргад хандаж “Хана нураахад мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авдаг юм билээ. Нураасан хана нь барилгын даац, бүрэн бүтэн байдалд эрсдэл учруулахгүй гэсэн баталгаа хаана байна вэ. Үүнийг тодруулж өгөөрэй” гэж хүссэн” хэмээн ярилаа. Нөгөөх өрмийн чимээ ч аажимдаа алсарч, СӨХ-ны дарга нь ч “сураггүй” болжээ. Иргэн Б-гийн хэлсэнчлэн орон сууцад өрөөний хана нураах тохиолдолд мэргэжлийн байгууллагынхнаар дүгнэлт гаргуулж, бусдын эд хөрөнгөд хор хохирол учруулахгүй гэсэн тохиолдолд л засвар, үйлчилгээ хийдэг байна. Гэтэл зарим нь дээд, доод давхрын харалдаа байрыг худалдан авч, таазыг нь хүртэл нураан, хоёр давхар амины орон сууц “босгодог” тохиолдол ч цөөнгүй гардаг гэнэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаснаас хойш иргэд энэ төрлийн хяналт шалгалтыг ямар байгууллагынхнаар хийлгэхээ мэдэхээ больж.
Тагтнаасаа тахил өргөж, хогоо чулууддаг бүлгийнхэн
Иргэдийг бухимдуулдаг бас нэг жишээ бол орц, хонгилын хог хаягдал. Хоолны үлдэгдлээ шүүж, хогоо ангилж ялгаад, уутныхаа амыг боогоод ойролцоох хогийн цэгт хаядаг нь цөөн шүү дээ. Олонх нь идэж, хэрэглэсэн хогоо гаргаад хаячхаж чаддаггүй, орцондоо чулуудчихдаг. Шаардлага тавихаар “СӨХ-нд мөнгөө төлсөн. Тийм байхад би яагаад хог хаях ёстой юм бэ. Миний мөнгөөр үйлчлэгч цалинжуулж байгаа биз дээ” гэж хэл ам хийдэг аж. Хогоо орцонд, цахилгаан шатанд хаядаг нь бас ч гэж “хүн чанартай”-даа тооцогддог гэнэ. Учир юу гэвэл, татсан тамхины ишээ унтраалгүй цонхоороо чулуудсаны улмаас айлын тагтанд гал авалцаж, олон өрхийн эд хөрөнгийг сүйтгэсэн тохиолдол ч цөөнгүй гарсан байна. Түүнчлэн цонхоороо архины шил, хог чулуудаж, хүн гэмтээсэн, бусдын автомашины цонх, толийг хагалсан хэрэг ч цөөнгүй бүртгэгдэж. Цай, сүүний дээжээ тагтан дээрээсээ өргөж, буян үйлдэх гэхээсээ бусдын хараалыг барах нь олонтоо. Монголчууд гэрийнхээ тооноор хог чулуудах нь битгий хэл, унь, хана, бүслүүр дээгүүрээ ч харайж гишгэхийг хатуу цээрлэж ирсэн билээ. Гэтэл XXI зууны монголчууд паартай байшинд, паалантай жорлонд, хананаасаа халуун, хүйтэн усаа авч амьдарч байж соёлд илүү суралцмаар сан. Нөгөө талаар гарааш, эсвэл зам хааж, машинаа байрлуулчхаад утсаа “салгаад” алга болдог. Явган хүний зам дээр төмөр хөлгөө тэгнүүлээд тавьчихдаг, хороолол, хотхон дунд дуут дохиогоо “чарлуулдаг” хүмүүсээс соёл нэхэх нь утгагүй ч юм шиг.
Хаалттай нийгэм айсуй
Байранд амьдардаг иргэдийн зан харилцаа, үйлдэл өдөр ирэх тусам улам бүдүүлэг болж, хувиа хичээсэн, дээрэнгүй, эрхээ мэддэг ч үүргээ ухамсарладаггүй, харанхуй бүдүүлэг үе рүүгээ “халтирч” байгаа нь даанч харамсалтай. Иргэд нийтийн орон сууцад амьдрах наад захын соёлгүйгээс зарим нь хэлмэгдэж, зорчих эрхээ хасуулах тохиолдол ч гарах боллоо. Тодруулбал, орчин үеийн орон сууцын хороолол, хотхонуудын СӨХ-нд орцны хаалга үүдээ ян хийтэл түгжиж, авто зогсоолуудаа чиптэй болгон, тоглоомын талбай руугаа ч гаднын хүн оруулахаа больсон байна. Нэгэн танил “Манай хотхоны тоглоомын талбайн хуванцар гулсуур хагараад, СӨХ-ноос хураачихсан. Дасгалын хэдэн төхөөрөмж нь салаад уначихсан, хүүхдээ тоглуулахад хэтэрхий аюултай болсон учраас хажуугийн хорооллын тоглоомын талбай орохоор болов. Хүүхдээ хөтлөөд хотхоны үүдээр орох гэтэл харуул хамгаалалтын ажилтан нь “Хүүе, хаашаа орох гэж байгаа юм, манай оршин суугч биш л байх юм” гээд халгаагаагүй. Учраа хэлээд ч дотогш оруулаагүй. Яг үнэндээ ялгаварлан гадуурхагдсандаа эмзэглэсэн. Тэр хотхоны тухайд харуул хамгаалалт сайтай, зундаа мод, зүлэг ихтэй. Нэмээд хүүхдийн тоглоомын талбай нь битүү зөөлөвчтэй, аюулгүй. Хэд хэдэн гулсуур, савлуур, сүүдрэвчтэй учраас хүүхдээ тоглуулах гээд ийн ам руугаа “алгадуулсан” минь энэ. Та, бид өөрсдөө л ийм хаалттай, харанхуй нийгмийг цогцлоож байна шүү дээ” гэж ярив.
Сууц өмчлөгч нь бусдад төвөг учруулахгүй байх үүрэгтэй
Орон сууцын иргэд бусдын амгалан тайван байдлыг энэ мэт алдагдуулах, санаатай болон санамсаргүйгээр бие, эрүүл мэндэд нь халдаж, хохирол учруулах, эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэсэн тохиолдолд цөөнгүй хуулиар хариуцлага хүлээдэг юм шүү дээ. Тухайлбал, Иргэний хуулийн дагуу учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, Зөрчлийн тухай хуулиар захиргааны шийтгэл ногдуулдаг. Жишээ нь, олон нийтийн газар, орон сууцын орчимд, гудамж, талбайд бие зассан, нус цэр, тамхины иш, хог хаясан хүнийг Зөрчлийн тухай хуулиар 10 000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Мөн нийтийн зориулалттай орон сууцад шөнийн цагаар бусад оршин суугчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хүнийг 100 000, хуулийн этгээдийг 1 000 000 төгрөгөөр торгодог. Цаашлаад Эрүүгийн хуульд заасанчлан хүн гэмтээж, амь нас, эд хөрөнгөд нь халдсан бол шүүхээс ял онооно.
Эдгээрээс гадна манай улс уг нь орон сууцын дундын өмчлөлийн харилцааг зохицуулсан, оршин суугчдын эрх, үүргийг тодорхойлсон баримт бичигтэй. Долоон бүлэг, 27 зүйлтэй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Сууц өмчлөгч нь дундын өмчийн эд хөрөнгийг зөв зохистой ашиглаж, бусдад төвөг учруулахгүй байх үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдын хоорондын харилцааг зохицуулах, амьдрах орчныг нь сайжруулах чиглэлээр дүрэм журам гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Энэхүү дүрэмд оршин суугчдын өдөр тутмын харилцаа, хөршийн холбоог сайжруулах, аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, дэг журам сахихтай холбоотой зохицуулалтыг тусгах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, тус хуульд оршин суугчдын байранд амьдрах соёл, дүрмийг шууд заагаагүй ч үүрэг, хариуцлагад нь үндэслэн, СӨХ журам боловсруулбал айл өрхүүд хуулийн дагуу мөрдөх үүрэг хүлээх юм байна.