2022 оны олимпын наадмын мөнгөн медальт, ДАШТ болон Европын АШТ-ий медальт ОХУ-ын уран гулгагч А.Трусова өнгөрсөн оны наймдугаар сард мэргэжил нэгт М.Игнатовтай гэрлэсэн билээ. Хосууд энэ онд анхны хүүхдээ өлгийдөн авах болсон тухай ОХУ-ын хэвлэлүүд бичиж байна.
Үүнээс шалтгаалж тэрбээр 2026 оны олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдэд оролцох боломжгүй болжээ. ОХУ-ын уран гулгалтын холбоо ирэх сарын 28-наар тасалбар болгож, сонгон шалгаруулалтад оролцох тамирчдын нэрсийг гаргах ёстой юм. Олимпын эрх олгох тэмцээн энэ оны есдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотод болно.