Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг шилжүүлэн ажиллуулах журмын хэрэгжилт, нийслэл дэх уурын зуухтай сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийн талаар хэлэлцжээ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 154 захирал ажиллаж байгаагаас 20-той нь зөвшилцсөн байна. Харин нэг сургуулийн захирлыг шилжүүлэхээр шийдвэрлэн, дөрвөн сургуулийн захирлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулж байна. Шилжүүлэн ажиллуулах үнэлгээг тодорхой болгож, хурдтай ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд даалгалаа. Мөн Улаанбаатар хотын 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашигладгаас дөрвөн сургуулийг энэ онд хийн түлшинд шилжүүлэхээр төсөвт тусгажээ. Энэ чиглэлээр байгуулсан ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүргийн зургаан сургууль, таван цэцэрлэгт халаалтад зарцуулж буй зардлын судалгаа хийж, газрын гүний дулаан, цахилгаан, хийн халаагуур гэсэн шийдлийн ашиглалтын зардлын тооцоо, судалгаа гаргасан байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэхдээ олон улсын байгууллага, Ашигт малтмал, нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татвар (АННОАТ)-ын нэг хувийн хөнгөлөлт, санхүүгийн түрээс гэсэн хэлбэрээс сонгох боломжтой хэмээн үзжээ.