Монголчууд бид уламжлалт Цагаан сарын баяраа ирэх гуравдугаар сарын 1-нд тэмдэглэнэ. Билгийн тооллын шинэ оноо угтах энэ баярын өмнө манай улс тэр чигтээ хөдөлгөөнд ордог гэхэд хилсдэхгүй. Үндэсний дээл хувцас, эдлэл хэрэглэлээс эхлээд тавгийн идээ, ундаа, бэлэг сэлтээ бэлдэх гээд айл бүр л тун завгүй болдог. Зарим нь өр, зээл тавьж, ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг сэлт цуглуулж байхад нөгөө хэсэг нь ахмад настнуудтайгаа золгох мөнгөө олох гэж шаргуу гэгч нь ажилладаг билээ. Гэвч сүүлийн үед иргэд Цагаан сарын уламжлал, утга бэлгэдлийг алдагдуулж, хэт нүсэр тэмдэглэлээ хэмээн шүүмжилдэг болсон. Иймд монголчууд бидний өнө эртнээс тэмдэглэж ирсэн Цагаан сарын баярын утга учир, бэлгэдэл, зан заншлын талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Нийгэм-соёлын хүн судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, соёл судлалын ухааны доктор Ч.Мөнхтөртэй ярилцлаа.
-Юуны түрүүнд та монголчууд Цагаан сарын баярыг хэзээнээс тэмдэглэж ирсэн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Цагаан сар нь монголчуудын төрт ёсны уламжлалт баяруудын нэг. Монголчуудын тулгар төр Хүннү гүрний үед ч энэ баярыг тэмдэглэж ирсэн байх магадлалтай юм. Эртний Хятадын түүхч Сыма Цянь “Түүхэн тэмдэглэл” хэмээх зохиолынхоо “Хүннүгийн шастир” бүлэгт хүннүчүүдийн баяр ёслолын тухай “Жил бүрийн нэгдүгээр сард бүх түшмэл шаньюйгийн өргөөнд бага хуралдайд цугларан тахилга хийж, өргөл барьц өргөдөг. Тавдугаар сард Лунчэнд их хуралдайд цугларан өвөг дээдэс, тэнгэр, газрыг тахина. Ингэхдээ хүмүүсийн сүнс болон газар, тэнгэрийн савдагт мөн тайлга өргөдөг. Намар адуу таргалсан цагаар Дайлинд цугларан их хуралдай хийж, хүн ам болон малаа тоолно” гэж нэг жилд гурван удаа томоохон баяр ёслол үйлддэг байсан тухай дурдсан нь бий. Үүнээс эхний буюу нэгдүгээр сард үйлдэж буй хуралдай нь Цагаан сарын ёслол байх магадлалтай гэж үздэг.
Дэлхийн бүхий л улсад өөр өөрийн цаг тооллын дагуу оны эхэн буюу шинэ жилийн баярыг тэмдэглэдэг шүү дээ. Үүний адил бид ч өнө эртнээс Цагаан сараа тэмдэглэж иржээ. Дорнын ард түмэн, тэр дундаа монголчууд бидний хувьд эрт дээр үеэс эх дэлхийтэйгээ харилцан, байгалийн өнгө аясыг даган нүүдлийн мал аж ахуй эрхэлж, үр шимээр нь амьдарсаар ирсэн. Тиймээс Цагаан сар хэмээх энэ баяраар элбэг дэлбэг, өнгөтэй өөдтэй, сайн сайхан бүхнийг бэлгэддэг уламжлалтай. Энэ баяраар хүн бүр нэг нас нэмдэг. Орчин үеийнхээр бол төрсөн өдөртэй төстэй гэх юм уу. Цагаан сар бол өлгийтэй нялхсаас эхлэн өтөл буурай, өнчин ядуугаас өндөр мяндагтан хүртэл бүх монгол хүнийг ёслол зан үйлээр нэгтгэж чадах ганц баяр юм. Үүнийг төр нь ч төрт ёсны үүднээс, иргэд нь ч ээж, аав, өвөг дээдсийн уламжлалаар дагаад ёслох хэрэгтэй гэж боддог.
Ерөнхий агуулгаар нь харвал Цагаан сар буюу битүүн, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн зэрэг өдөр үйлдэж буй ёслол, зан үйл нь монгол хүний ертөнцийг үзэх үзэл, үг, үйлдэл, сэтгэл зүйн олон хэлбэрийн илэрхийлэмж юм.
-Тэгвэл өнө эртнээс уламжлагдан ирсэн энэ баяр монголчуудын хувьд ямар ач холбогдолтой бол?
-Бид тусгаар тогтносон улсын иргэн гэдгийг даян дэлхийд тунхаглан ойлгуулж буйн илэрхийлэл нь Цагаан сарын баяр гэж хэлнэ. Мөн улс, үндэстэн эвлэлдэн нэгдэх, ижилслийг нь бататгах зан үйлийг үеэс үед, үр хойчдоо өвлүүлэн үлдээх хичээл, сургууль болдог. Хамгийн энгийн жишээ нь, бид нэгнээсээ ашиг, тус горилохгүйгээр байгаа бүхнээрээ дайлж цайлж, гар зөрүүлэн золгож, бэлэг солилцон, аж амьдрал, ахан дүүсийнхээ тухай хууч хөөрдөг сайхан баяр юм. Үүнээс гадна нийгмийн сэтгэл зүйг сайн сайхан, амар амгаланг хүсэн тэмүүлсэн нэгэн хэвийн төлөвт оруулж чаддаг цор ганц баяр нь Цагаан сар. Түүнчлэн төрөл саднаа мэдэлцэж, ахан дүүсээ хүндэтгэх ёс улам л бүдгэрч буй өнөө цагт хувийн орон зай, би гэх бодлоосоо түр ч болтугай холдож, гэр бүлээрээ байх боломжийг бидэнд олгож байна. Энэ мэт олон талын чухал ач холбогдолтой, үндэсний уламжлалт баяр шүү дээ.
-Битүүний өдрийн зан үйл, бэлгэдлийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Энэ өдрөөр нутаг нутагт янз бүрийн зан үйл хийдэг нь анзаарагддаг.
-Битүүн гэдэг нь өвлийн адаг буюу хуучин оны хамгийн сүүлийн өдөр. Сар эрхсийн орчил үзэгдлээр билгийн улирлын сар бүрийн гучинд тэнгэрт сар харагдахгүй, харанхуй болох мөчлөгийг битүүн гэнэ. Тиймээс энэ өдөр айл өрх бүр элбэг хангалуун, бүрэн бүтэн байхыг бэлгэдэн битүү хоол идэж, битүү хагалах зан үйл үйлддэг уламжлалтай. Битүүний өдрийн идээ, будаа, зоог, шүүс бэлтгэх зан үйл нутаг бүрд харилцан адилгүй. Тухайлбал, зарим нутагт битүүний орой хонины толгой чанаж, эхнэр эрүүнээс нь, нөхөр тагнайнаас нь татаж заагаад нэг амьтай боллоо хэмээн хэлдэг. Харин баруун аймгуудад үхрийн чөмөг чанаж, махыг нь мөлжөөд, хамгийн ахмад настан нь хөндлөн цохих уу, дагуу цохих уу хэмээн асууна. Ингэхэд бусад нь хоёр удаа “Дагуу” гэж хэлдэг. Гурав дахиа асуухад нь “Хөндлөн” гэж хэлэх бөгөөд энэ үед нь хутганы мөрөөр цохиж хугалаад, бүх хүн чөмгийг тойруулан амсаж “Битүү гарлаа”, “Битүү хагарлаа” хэмээн хэлдэг уламжлалтай. Үүнийг муу зүгээс ирсэн шулмын хүлгийн чөмгийг нь хугалж, гай зовлонг зайлууллаа гэж үзнэ. Мөн үхрийн толгой чанаж, махыг нь айл хотлоороо тойруулан амсаж “дух гүйлгэх” хэмээх ёс гүйцэтгэдэг газар ч бий. Энэ мэтчилэн битүүлэх ёстой холбоотой өнө эртнээс өвлөгдөн ирсэн ёслол, зан үйлийн арвин уламжлал бидэнд бий. Гэвч ийм арвин бэлгэдэлтэй зан үйл өдгөө бүдгэрч байгаа нь харамсалтай. Ялангуяа сүүлийн жилүүдэд илүүтэй анзаарагдах боллоо.
-Цагаан сарын тавгийн идээ, ундааны утга учир, бэлгэдлийн талаар дурдана уу?
-Зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд үндэсний уламжлалт баяр бий. Тэр бүрд тохирсон идээ, будаа засаж хүндэтгэдэг уламжлалтай. Гэхдээ энэ нь өөрсдийн аж ахуй соёлын онцлогоос хамаараад харилцан адилгүй байж болно. Харин монголчуудын тухайд хэдэн мянган жилийн тэртээгээс бэлчээрийн нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн ард түмэн. Тиймээс хүндэтгэлийн идээ, ундаандаа цагаан идээ, малын шүүс голчлон ашиглаж ирсэн нь ойлгомжтой. Бидний хүндэтгэлийн идээ, шүүс дэлхийн олон үндэстнээс ялгарах өвөрмөц онцлогтой, утга бэлгэдлийн хувьд ч гүн гүнзгий агуулгатай байдаг. Тавгийн идээний тухайд хэргэм зэрэг, нас намбыг харгалзан хэмжээ, тооны хувьд харилцан адилгүй. Тухайлбал, төрийн ёслолын идээ есөн үе байдаг. Мөн өндөр настан, ахмад буурлууд бусдаас харьцангуй олон үе тавих нь ч бий. Харин энгийн иргэд тэдэн үе таваг зас гэсэн зүйл огт байгаагүй. Мөн идээний гол хөндий байдаггүй, оройг нь онгорхой орхидоггүй гэдэг.
Үүнээс гадна ууц, шүүсний талаар ярих хэрэгтэй. Энэ нь Цагаан сар, хурим, овоо тахилга зэрэг монголчуудын баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээндээ голчлон хэрэглэдэг идээ, ундааны төрөл юм. Тиймээс зайлшгүй байх ёстой. Гэхдээ ууц, шүүсийг заавал бүтнээр нь тавих шаардлагагүй. Хонготой шаант, дал дөрвөн өндрөөр бүхэл шүүсийг төлөөлүүлж болно. Тэвхэн, барим гэх мэт жижиг хэмжээтэй ууцыг голчлон төв халхад тахил тайлгын зориулалтаар өнө эртнээс л хэрэглэж ирсэн. Хэрэглээний хувьд хамгийн бодитой гэж харж болохуйц Өндөр гэгээн Занабазарын ууц таллаж буй зураг байна.
-Орчин үед золгохоор ирсэн зочдынхоо гарыг цайлгаж, бэлэг өгөх нь түгээмэл. Мөн өгсөн бэлгээрээ өрсөлдөх нь ч нэмэгдсэн. Үүнээс болоод ахмад настнууд тэтгэврийн зээлээ хэдэн сараар нь авч, бэлэг бэлддэг. Үүний тухайд та ямар байр суурьтай байна вэ?
-Баяр ёслолын өдрүүдэд нэг нэгэндээ огт бэлэг өгдөггүй үндэстэн, ард түмэн байдаг тухай сонсоогүй. Монголчууд ч эрт дээр үеэс эхлэн ирсэн зочдынхоо алгыг дээш нь харуулж, өөрт буй зүйлсээ хуваалцдаг уламжлалтай. Бэлгийн үнэ цэн их, бага, хямд, үнэтэйдээ бус, өгье гэсэн сэтгэлд оршдог. Тиймээс ирсэн зочдоо юу байна түүгээрээ дайлж, бэлэг сэлт өгч болно. Би өнөөгийн монголчуудыг их гайхдаг юм. Шинэ жил, төрсөн өдөр гээд л маш олон баяр тэмдэглэнэ. Тэр болгондоо бэлэг сэлт, хоол унд бэлдэж өчнөөн зардал гаргадаг хэрнээ огт бухимддаггүй. Гарах ёстой зардал л гэж боддог. Харин Цагаан сар болохоор л гэнэт зардал, мөнгө яриад өр, зээл тавилаа гэх мэтээр үндэсний өв уламжлалаа үзэн ядаж эхэлдэг. Энэ нь бидний үндэстний ухамсар доройтож, соёлын дархлаа суларсныг харуулж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, монгол хүн, монголчууд гэж хэн ч биш үнэ цэнгүй, арчаагүй амьтад болсны илрэл юм.
Цагаан сарын бэлэгт тийм зүйлийг тэдэн төгрөгт багтаан өг гэсэн хууль, дүрэм, журам, тогтсон ёс заншил эрт үеэс л байгаагүй. Харин ч хувь хүнд нээлттэй ганц баяр юм. Ер нь уламжлалт баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын бүтээгдэхүүнээ л бэлэглээд сурчих хэрэгтэй юм шиг санагддаг. Жишээлбэл, хүн бүр өдөр тутамдаа тогтмол идэж, хэрэглэж чадахгүй байгаа цагаан идээгээ яагаад бэлэглэж болохгүй гэж. Хятадууд еэвэн сараараа нэгэндээ ганц ширхэг еэвэн бэлэглэдэг. Христийн шашинтнууд валентинаар жижиг шоколад бэлэглэх нь түгээмэл. Үүний адилаар бид гоё, сайхан баглаа боодолтой ааруул, цагаан идээгээ бэлэглэж болно шүү дээ. Ахмад настнууддаа цайны сүү, шар тос зэргийг яагаад өгч болохгүй гэж. Цагаан идээ бэлтгэх нь багассан өнөө үед эхэндээ жаахан үнэтэй л тусах байх. Гэхдээ энэ дадлыг нийтээрээ хэвшүүлбэл үүнийг дагаад үйлдвэрлэгч нь олширч, өрсөлдөөн ч нэмэгдэнэ. Үр дүнд нь хямд үнэ, өргөн сонголттой болох юм. Тиймээс уламжлалт баяраараа импортын бараа, бүтээгдэхүүн бэлэглэж гадаадын орныг дэмжихийн оронд дотооддоо үйлдвэрлэдэг болох нь илүү хэрэгтэй биз дээ.
-Цагаан сарын баярын өдрүүдэд ахмад настнуудтайгаа ихэвчлэн мөнгө барьж золгодог болсон. Ийм уламжлал манайд өмнө нь байв уу?
-Өнөөгийн монголчууд бид л чөмөггүй байж туг ширээ гэгчийн зовлонд хатсандаа л олон үе идээ өрж, өрх бүр ууц чанаж, өр зээл тавьж хэрэгтэй, хэрэггүй бэлэг сэлт цуглуулан, ахмад настнуудад мөнгө барьж золгож байна шүү дээ. Ер нь мөнгө барьж золгох, бэлэг сэлтээрээ өрсөлдөх нь уламжлалт бус, харин сүүлийн үеийн даган дуурайх өвчнөөс үүдэлтэй олдмол зан үйл.
-1990 оноос өмнө Цагаан сарын баярыг нийслэлд тэмдэглэдэггүй байсан гэх юм билээ.
-Тухайн үеийн оросууд монголчуудын өнгөтэй өөдтэй, үнэ цэнтэй болгоныг л устгах гэж оролдсон. Олон тохиолдолд тэд хүссэндээ хүрсэн байдаг. Үндэс угсаа, шашин шүтлэг, бичиг үсэг, үндэсний баяр гэх мэт монголчуудын эв нэгдэл, үзэл санаа хаана, юунд илүү нэгдэн, нягтарч эвлэж байна, тэр болгон руу хорт бодлого, бууны амаа чиглүүлсэн гэж хэлж болно. Цагаан сарын баяр ч энэ харгислалыг амссан юм. 1952 оны нэгдүгээр сарын 26-нд битүүний өдөр маршал Х.Чойбалсан нас барж, Цагаан сарын өдөр оршуулга нь давхцан, бүх нийтээрээ гашуудсанаас хойш энэ баярыг тэмдэглүүлэхгүй байх талаар нэлээд олон арга хэмжээ авсан байдаг. Шинэ жилээр буюу арванхоёрдугаар сарын 31-нд, эсвэл нэгдэлчдийн баяраар золгуулах гэх мэт. Өөрөөр хэлбэл, монголчуудыг дотор нь хот, хөдөөгийн, ажилчин болон сэхээтэн анги зэргээр тэмдэглэх баярын хувьд ч ялгаатай болгон өөр хооронд нь хагалан бутаргах оролдлого цөөнгүй хийжээ. Гэвч бид хэдэн мянган жилийн тэртээгээс өндөр ач холбогдол өгч тэмдэглэн ирсэн энэ баяраа умарталгүй хадгалан үлдсэн байдаг. Саалийн хувин дотроо зулаа өргөөд, хөнжлийнхөө араар идээгээ нууж, ууц, өвчүү бүхэл шүүсээ орны хөндийдөө далдалж шинэлдэг хатуу цаг үе байсан тухай настан буурлууд өдгөө ч ярьдаг шүү дээ. Магадгүй өнөөдөр ч гэсэн Цагаан сар зарлагатай, тээртэй, хоцрогдсон, ууц тавих нь муу, муухай, хэвийн боовыг хог дээр хаядаг, энэ бол зөвхөн ахмадуудын л баяр гэхчлэн санаатай, санамсаргүй эдгээр үйлдлийг далд соёлын зөөлөн хүчний бодлого гэж хардаж болохоор. Тиймээс энэ болгоныг хоосон дагаж намирах хэрэггүй гэж хэлье.
У.Цэцэгсүрэн