Төрөх эмнэлэгт амаржсан эх, нярайд ямар нэгэн хүндрэлгүй л бол эмчилгээ хийдэггүй. Нэг ч аминдэм, дусал залгахгүйгээр эмнэлгээс гаргах нь нийтлэг. Харин ч эсрэгээрээ эхчүүд төрөх эмнэлгээс шаарддаг нэг удаагийн живх, тос, хуурай, нойтон цаас зэрэг ахуйн зүйлийг өөрсдөө бэлтгэсээр ирсэн. Хэн, хэзээ, яагаад, ийм тушаал шийдвэр гаргасан нь тодорхойгүй. Гэхдээ яагаад ингэх ёстойг бас хэн ч мэддэггүй нь сонин. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 гаруй жилд манай улсын төрөх үеийн тусламж, үйлчилгээний тогтолцоо ийм байв. Харин энэ оноос амаржих газрууд ээжүүдээс ахуйн хэрэглээний элдэв янзын зүйл нэхэж нэхэмжлэхээ больсон. Эхчүүдэд амаржих газраас нь 70 мянган төгрөгийн багц хэрэглэгдэхүүн олгох болсныг цөөнгүй хэвлэлээр ч мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд ч хэд хоног хэл ам, хэрүүл маргаан тасраагүй. Нэг удаагийн багцад байх ариун цэврийн хэрэглэл, живх, амны цаас гэх мэт зүйлс нь чанарын шаардлага хангахгүйн дээр хамгийн хямд өртөгтэйг сонгон нийлүүлж буйг иргэд ихэд шүүмжилсэн юм. Одоо бол энэ сэдэв мартагдсан. Төрөх үед хэрэглэх багц бүтээгдэхүүнүүд ямар компанийн, хэн гэдэг албан тушаалтны шахааны бизнес вэ гэдгийг хэн ч тодруулсангүй. Яам, агентлаг нь ч энэ талаар мэдээлэлгүй сууна.
Төсвийн мөнгөөр худалдан авч буй аливаа бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ нь холбогдох хуулийн дагуу иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтын зарчмаар явагдах ёстой. Гэвч төрөх үеийн тусламж, үйлчилгээнд хэрэглэх ахуйн бүтээгдэхүүнүүдийг эмнэлгүүд ямар зарчмаар, хэрхэн худалдан авч буй нь олон нийтэд хаалттай, тодорхойгүй хэвээр байгаа юм. Амаржих газрынхан төрөх үеийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай том хүний болон хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай, нойтон цаас зэрэг долоон нэр, төрлийн багц бүтээгдэхүүний төлбөрийг 70 мянган төгрөгт багтаан бэлтгэж буй талаараа хэвлэлд мэдээлсэн. Харин одоо тэд үүнийгээ үгүйсгэж, “Төрөх үеийн багц гэж байхгүй, тогтсон үнэ тариф ч үгүй. Тухайн эхийн амаржих үеийн үйл явцаас хамаарч харилцан адилгүй өртөгтэй” гэж булзаж байна.
Нийслэлийн төрөх эмнэлгүүдээс одоогоор “Амгалан” амаржих газар болон Яармагийн дэнж дэх 300 ортой, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвийнхөн эхчүүдэд шаардлагатай ахуйн зүйлсийг бэлтгэн, үйлчилгээндээ нэвтрүүлээд буй аж. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Амаржихаар ирсэн ээжүүд живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай, нойтон болон ариун цэврийн цаас гэх мэт хэрэгслийг гаднаас бэлтгэдэг байсныг болиулж, тухайн төрөх эмнэлгээс олгодог боллоо. Ингэснээр төрөлтийн дараа эх, нярайн эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд ч дэмжлэг болж байна” гэж оны өмнө мэдэгдсэн билээ. “Амгалан” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Энхболд “Төрөх эмнэлгүүдийг эхчүүдэд шаардлагатай асаргааны нэг удаагийн хэрэгслээр хангахыг Эрүүл мэндийн сайд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд үүрэг болгосон. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас жирэмслэлт, төрөлттэй холбоотой оношийн хамааралтай бүлгийн өртгийн жинг өсгөсөнтэй холбоотой юм. Өөрөөр хэлбэл, төрөхийн тусламж, үйлчилгээний зардал нэмэгдсэн учраас эх, нярайд шаардлагатай хэрэглэгдэхүүнийг эмнэлгүүд дотоодоосоо хангах боломж бүрдсэн юм. Ингээд бид энэ сарын 1-нээс эхлэн өмсдөг, дэвсдэг живх гэх мэт зүйлсийг гаднаас оруулахаа больсон. Харин нэг хүнд төдөн төгрөгийн багц хэрэгсэл олгоно гэх тогтоосон жишиг байхгүй. Тухайн төрөлтийн явцаас хамаарч нэг удаагийн хэрэглэгдэхүүний зардал өөр гарах нь ойлгомжтой. Хүндрэлтэй төрсөн үед гэхэд л асаргааны эд зүйл ихээхэн шаардлагатай байдаг. Одоогоор бид нэг хүний зардлыг тооцож үзээгүй. Энэ талаарх шийдвэрийг оны эцэст тулгаж мэдэгдсэн учраас нэгдүгээр сард шаардлагатай асаргааны хэрэгслүүдийг шууд худалдан авалтын шугамаар нийлүүлсэн” гэсэн юм.
Харин Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ж.Оюунцэцэг дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Төрөхийн тусламж, үйлчилгээнд нийлүүлж буй нэг удаагийн хэрэгслүүд нь хангалт, ямар нэгэн багц ч биш. Өндөр хөгжилтэй улс орнуудад төрөх үед нэн шаардлагатай эд, зүйлсийг эмнэлгээс бүрэн хариуцдаг. Харин манай амаржих газруудын санхүүгийн байдлаас болоод эхчүүдийн заавал бэлтгэх зүйлсийн жагсаалт гэж гаргаж, тэднээр өөрсдөөр нь зэхүүлдэг байсан юм. Энэ жилээс төрөх үеийн тусламж, үйлчилгээний зардал нэмэгдсэн учраас бид эхчүүддээ хэрэгцээт дэвсдэг живх, ариун цэврийн хэрэглэл бэлддэг болоод байна. Ялангуяа хийсвэр хагалгааны үед асаргааны нэг удаагийн хэрэглэгдэхүүн их шаарддаг. Өөрөөр хэлбэл, эдгээрийг эмнэлгээс бэлдэх ёстой ч өнгөрсөн хугацаанд тэгж чадаагүй. Одоо бол ядаж л төрөх үед нэн хэрэгцээт зүйлсийг эмнэлгээс хангадаг болсон гэсэн үг. Мэдээж хүн бүрд таалагдах, үнэтэй брэндийн бүтээгдэхүүн авах бололцоо төрөх эмнэлгүүдэд байхгүй шүү дээ. Боломжоороо хангаж байгаа. Ингэснээр эмнэлгийн тусламжийн чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид ч эергээр нөлөөлөх болсон” гэж ярив.
Эхчүүд төрөх эмнэлэгт очихдоо ийнхүү элдэв зүйл бэлтгэхээргүй болсон нь сайн хэрэг. Нүдээ олсон шийдвэр гэдэгтэй маргах хүн ч үгүй. Даатгуулагчид уг нь анхнаасаа л ийм эрх эдлэх ёстой байсан ч харамсалтай нь, бие давхар эхчүүдийг өнгөрсөн хугацаанд завшдаг байсныг одоо дурдах баримтууд гэрчилнэ.
Манай улс, тэр дундаа ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, төрөх эмнэлгийнхэн жирэмсэн эхчүүдээс нэг удаагийн хэрэглэгдэхүүн бэлдүүлтлээ ядуурчихсан уу гэвэл тэрэн шиг худлаа зүйл үгүй аж. Гурван хүүхэд төрүүлэхдээ эмнэлэгт нэг ч тариа хийлгэж үзээгүй гэх эмэгтэй жам ёсны төрөлтийн үед амаржих газарт нэг хонуулаад л гаргачихдаг хэвээрээ гэдгийг хэлсэн. Адаглаад төрсний дараах үеийн асаргаа, хүүхдийн арчилгаа, эрүүл мэндийн талаар заавар зөвлөгөө ч өгдөггүй гэдэг нь үнэн шүү дээ. Ийм байж амаржсан эхчүүд бүрийн тоогоор даатгалаас их хэмжээний мөнгө авч иржээ.
Жирэмсний хяналтын үзлэг бүрд даатгалын мөнгөнөөс 60 мянган төгрөг хасагдаж буйг та мэддэг үү. Эрсдэлтэй жирэмсний ангилалд хамаатуулбал энэ мөнгөн дүн нэмэгдэнэ. Цаашлаад төрөх үеийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 543 920 төгрөгийг тухайн амаржих газрын данс руу хүний тоогоор шилжүүлдэг. Жирэмсний хүндрэл, төрөх үеийн гэмтлийн оноштой бол хэвтүүлэн эмчлэх зардалд 844 480 төгрөг өгнө. Төрөх үеийн бүтэлт, дистрессийн шалтгаантай бол даатгалаас оношийн тоогоор 1 825 200 төгрөг олгодог юм байна. Өөрөөр хэлбэл, төрөх эмнэлгүүд амаржсан эхийн тоогоор хамгийн багадаа нэг хүнээс 543 мянган төгрөг авдаг гэсэн үг. Тэгсэн мөртлөө мөнгөгүйгээ гайхаж, эхчүүдээр “хамаг юмаа” бэлдүүлдэг болж таарав.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээгээр жилд дунджаар Улаанбаатарт 35-36 мянган эх амарждаг. Нэг эмнэлэгт 6000-7000 эмэгтэй нярайлдаг, тэдгээрийн зардлыг дундаж ханшаар тооцож үзвэл зөвхөн төрөхийн тусламж, үйлчилгээнд амаржих газрууд 5-6 тэрбум төгрөгийн санхүүжилт авч буй юм. Энгийн төрөлт тутамд 543-845 мянган төгрөгийн төсөв авдаг амаржих газрынхан эмнэлэгт ганц өнжөөд гардаг эх, нярайд арай л хатуу ханддаг юм биш үү. Эх, үрийг эсэн мэнд уулзуулна гэж авлига авна, төрүүллээ гэж төсвөөс бас мөнгө цөлмөж болох уу. ЭМЯ-ныхан энэ оноос төрөхийн тусламж, үйлчилгээний оношийн бүлгүүдийн зардал 50 хувиар нэмэгдэж буйг хэлсэн. Тэгэхээр багадаа сая төгрөгийн санхжүүжилт нэг хүнээс татдаг болох нь. Ийм атал тусламж, үйлчилгээнд шаардлагатай гэх долоон төрлийн ахуйн хэрэглэл нь нийлээд 40 мянган төгрөгийн үнэд ч хүргэхгүй байж болохгүй л дээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар баталдаг билээ. Төрөхийн тусламж, үйлчилгээний төсвийг хэдэн төгрөг болгон нэмэгдүүлсэн талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрынхнаас тодруулахад “Жагсаалт, төлбөрийн хэмжээг хараахан батлаагүй байгаа учраас оношийн бүлгийн төлбөрийн мэдээллийг өгөх боломжгүй. Удахгүй зөвлөлийн хурлаар батлах байх. Тиймээс зарим амаржих газар эхчүүдэд төрөх үеийн тусламж, үйлчилгээний хэрэглэгдэхүүн өгөхгүй байгаа” гэсэн юм. Харин амаржих газруудын удирдлагууд “Эрүүл мэндийн сайдын албан ёсны тушаал шийдвэр ч гараагүй. Одоогоор аман байдлаар чиглэл өгсөн төдий тул хэрэгжүүлэх боломжгүй” гэв. Тушаал шийдвэр нь гараагүй байхад дээрх амаржих газруудын удирдлага төсвийн мөнгөөр шууд худалдан авалт нэрийдлээр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бараа материал нийлүүлжээ. Үүнийгээ эмнэлгээс төрөх үеийн хангамжийг бүрэн хариуцдаг болсон гэх. Төрөх эмнэлэг битгий хэл, төрд ч өөрийн гэсэн мөнгө байхгүй. Улсын гэх төсөв бүгд татвар төлөгчдийнх гэдгийг зориуд сануулъя.