Би инженер хүн. Гэтэл яагаад бичиг үсэг рүү халтирах болов. Хэлний үгийн болон өгүүлбэр зүй нь хэл шинжлэлийнхний мэдэх зүйл гэдэг нь маргаангүй. Харин үсгийн хөндлөн, босоо чиглэл, авианы дүрс тэмдэглэгээ нь инженер, архитектор, дүрслэх урлагийнхан болон физик, биологийн зарим мэргэжлийнхэнд ойр билээ. Тэр тусмаа хэвлэлийн техник, программчлал, томьёолол, мэдээллийн сүлжээ өндөр хөгжсөн өнөө үед төрийн бичгийнхээ тухай хэлэлцэж байгаа учир олон салбарын мэргэжилтний санал бүр ч хэрэгтэй. Угаас хүн төрөлхтний ууган бичгүүдийг зохиогдохоос олон жилийн өмнө хүмүүс хүрэл, төмрөөр багаж зэвсэг хийдэг, хадны зургуудыг бүтээдэг байжээ. Чухамхүү тухайн үеийн тэр л “мэргэжилтнүүд” анхны бичиг үсгүүдийг зохиосон нь маргаангүй бөгөөд түүнээс бүр хожуу хэл шинжлэлийн ухааны үүсэл тавигдсан.
Миний бие 1996 онд төрийн бичгийн тухай УИХ-аар тусгайлан хэлэлцэхийн босгон дээр “Гайхамшигт хоёр бичигт минь гаж алдаа ч бий” нийтлэлээ “Засгийн газрын мэдээ” сонинд хэвлүүлж байв. Түүнээс хойш “Өнөөдөр” сонин хийгээд өөрийн хэвлүүлсэн уран зохиолын хоёр ч номдоо, мөн нийгмийн сүлжээгээр саналаа олон удаа бичиж байсан билээ. Тиймээс эрт холын бичиг үсгийг зохиолцсон тухайн үеийн “инженер”-ийн сэтгэлгээгээр хэдэн үг бичсү.
Монгол бичиг сурах арга цагаан толгойн дарааллынхаа хувьд кириллээс давуу талтай нь үнэн. Монголын нийгмийн хөгжил дэвшилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн “мартаж болшгүй соёл” гэдэг нь ч маргаангүй. Бичлэг, дуудлага зөрдөг, сурахад хүнд, техникийн хэлний хувьд хоцрогдсон зэргээр шүүмжилж байгааг давтан нуршихаа больё. Харин тэр бүр анзаардаггүй нэг гол дутагдал байдгийг хэлмээр байна.
Бурхан, байгаль хоёр хүний нүдийг толгойн хөндлөн чиглэлд цуваа байрлуулж, мөн үүний дагуу харааны шугамыг нь тогтоож өгчээ. Хүмүүс хэвтээ хавтгайд толгой хөдөлгөхгүйгээр 180 хэмийн секторт харж чаддаг. Харин босоо хавтгайд түүнээс бараг хоёр дахин бага өнцөг хардаг байна. Иймээс хүмүүс кирилл болон латин бичгийн хэд хэдэн үгийг, зарим нь бүтэн хэдэн мөрийг зэрэг харж, толгойгоо бараг хөдөлгөхгүйгээр хурдан уншдаг. Харин монгол бичгийг уншихад нэг бол хар нүд хамрын уг руугаа ойртож, хоёр нүдний харааны огтлолцлын цэг (фокус) нэг шугамд шилжих, нэг нүд гол үүрэг гүйцэтгэж уншихад хүрдэг. Үүнээс болж нүдний булчин хүчтэй ажиллаж, тархи амархан ядрах үндэстэй. Иймд монгол бичгийг бага ангийн хүүхдүүдэд заамааргүй санагдана. Энэ талаар холбогдох бусад мэргэжлийнхэн саналаа хэлэх биз.
Манай эрдэм боловсролтой зарим хүн уйгаржин монгол болон кирилл бичгийн унших, бичих чиглэлийг үйлдэл хөдөлгөөний зохицолтой холбон тайлбарлах гэж оролдсон нь бий. Тэднийхээр бол кириллийг уншихад толгой сэгсрэн үгүйсгэх хөдөлгөөн хийдгээрээ бэлгэдэлгүй муу, толгой дохиж зөвшөөрсөн байдлаар унших тул монгол бичиг дэлхийн бусад бичгээс давуу болох нь. Гэтэл ертөнцийн хөдөлгөөний дийлэнх олонх нь, үүний дотор хүн, амьтан, машины явдал, усны урсгал, үүлний нүүлт, одон гаргийн хөдөлгөөн харьцангуй утгаараа цөм хөндлөн чиглэлтэй. Энэ ерөнхий зүй тогтлыг ч дагаж хүмүүний харааны шугам тогтсон юм. Харин ямар нэгэн зүйл доошилж унахдаа босоо чиглэлтэй байдаг (байшин нурах, онгоцноос бөмбөг унах гэх мэт). Энэ талаас нь авч үзвэл үйлдэл хөдөлгөөний чиглэлд илүү зохистой нь кирилл бичиг гэж нотолж болох юм. Цаашлаад “Монголчуудад босоо чиглэлтэй хөдөлгөөн, тийм бичиг илүү тааламжтай байдаг бол киног дээрээс нь доош чиглэлтэй гаргая” гэж мэтгэж ч болох.
Инженер, архитектор, дүрслэх урлагийнхан илүү сайн мэддэг Алтан харьцааны онол гэж бий. Энэ онолоор бол хүний нүдэнд хамгийн тааламжтай хэлбэрийн харьцаа нь 1:0.67 (өргөн тийш 100 нэгж, өндөр талдаа 67 нэгж) байдаг. Зурагт, компьютерын дэлгэц хүртэл энэ харьцаанд зохирсон хөндлөн чиглэлдээ илүү өргөн байдаг юм. Энэ харьцаа хэвлэл, бичиг үсэгт хамаатай. Алив үйл хөдлөлд баруун гар нь зонхилох болсон эртний хүмүүс аяндаа л баруунаасаа зүүн тийш чиглэсэн бичгээ зохиожээ. Бичиг үсгээ хожуу зохиосон улс бусдаас ялгарахын тулд хойноосоо урагш, дээрээсээ доош чиглэсэн бичгүүдээ зохиосон нь үнэн. Монголчууд кириллийг төрийн бичиг болгоод 90 шахам жил болсон. Одоо уйгаржин бичиг рүү буцах гэвэл төрөөс ардчилал, хүний эрх зөрчсөн албадлага болж, нийгэмд эсэргүүцэл өрнөх нь мэдээж. Иймд Монголын төр “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх хуулиа эргүүлэн татах нь зөв” гэх зарим хүний саналыг дэмжиж байна. Өмнө нь ч хүмүүс энэ хуулийг эсэргүүцсээр ирсэн.
Ташрамд дурдахад, кирилл нь орос, болгар ч биш, латинтай нэгэн зэрэг үүссэн грек бичиг юм. Грекүүд энэ бичгээ одоо ч хэрэглэж буй. Оросууд өөрийн хэрэглэдэг бичгээ тэр хэвээр нь авахыг манайд тулгаснаас гадна тухайн үед кирилл бичигт шилжих комиссын дарга байсан Ю.Цэдэнбал 20, Ц.Дамдинсүрэн 30 гаруйхан настай, ид хөөрүүхэн үедээ байжээ. Кирилл бичгийн зохиомжид ч зарим алдаа гаргасан юм. Уг нь 1931 оны үед зохиогдоод оросууд зөвшөөрөөгүй гэх латин монгол бичиг нь илүү цэгцтэй, хэдхэн дүрэмтэй байсан санж.
Бид одоо латин монголоосоо хоёрхон хялбар санааг аваад кирилл бичигтээ оруулчхаасай гэж бодогдном. Үүний нэг нь латин монгол бичигт я үсгийг y гэж тэмдэглээд, гийгүүлэгч болгон эгшгээр амь өгч хэрэглэж. Бид үүнчлэн я үсгээ гийгүүлэгч талд нь авч, яа, яэ, яо, яу (ба, бэ, бо, бу гэдэг шиг) гэж шууд хэрэглэх юм. Хоёр дахь нь кирилл бичигтээ хоёр эгшиг нэмж оруулах. Латин монгол бичиг олон эгшигтэйгээрээ гайхамшиг. Зөвхөн эгшгүүдийг нь тэмдэглэхэд а, д (ай-нэг авиагаар дуудах), е (э), i, о, т (ой-нэг авиагаар дуудах), ц (ө), u (у), ь (ү) гэсэн есөн эгшигтэй зохиогдсон нь хэвлэлээс ойлгогддог. Даль гэхийг dдl, морь гэхийг mтr, манай гэхийг manд гэж бичиж байж. Латин монгол хэл олон эгшигтэй тул гадаадын ямар ч хэлийг галиглахад зовлон үгүй ажээ.
Ш.Төрбат
МЗЭ-ийн гишүүн, техникийн ухааны доктор