ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өрсөлдөгч гэгддэг байсан улс төрч Борис Немцовыг найз бүсгүйгийнхээ хамт хотын гудамжаар алхаж явахад нь Заур Дадаев нарын таван хүн буудаж хөнөөсөн билээ. Энэ хэрэг 2015 оны хоёрдугаар сард болсон бөгөөд уг хэргийг гардан үйлдсэн Заур Дадаевт Москва хотын шүүхээс 20 жилийн ял оноожээ. Харин бусад дөрвөн хүнд 11-19 жилийн хорих ял өгчээ.
Гэвч шүүхээс хэн энэ хэргийг захиалсан болохыг мэдэж чадаагүй байна. Б.Немцовын гэр бүлийнхэн алуурчны захиалагчийг хэзээ ч илрүүлж чадахгүй нь хэмээн эмээж буйгаа хэвлэлийнхэнд ярьжээ.
Хэргийг үйлдсэн Дадаев нь Чеченийн удирдагч Рамзан Кадировын удирдлага дор байсан цэрэг хүн.
Харин уг хэрэгт холбоотой гэгдэх ах дүү Анзор болон Шадид Губашев нар 19, 16 жилийн ял авчээ. Дадаевийг буудах үеэр Анзор Губашев түүний машиныг жолоодож байсан гэнэ. Түүнчлэн Тамерлан Эскерханов 14 жилийн ял авсан бол Хамзат Бахаев 11 жил торны цаана суухаар болжээ. Тэд бол Шадид Губашевийн хамтаар аллагыг төлөвлөсөн хүмүүс.
Уг хэрэгт нийт зургаан хүн холбогдсон. Харин Беслан Шаванов цагдаа нар өөрийг нь баривчлах үеэр эсэргүүцэж байхдаа амиа алдсан юм.
Борис Немцов бол зүгээр нэг улс төрч биш. Түүнийг ирээдүйн ерөнхийлөгч болох магадлалтай хүн гэж ярьж байв. Тэрбээр ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельциний үед ерөнхий сайдын орлогч байв. Түүний улс төр дэх нөлөө нь В.Путиныг дахин Ерөнхийлөгч болсон 2011 оноос хойш эрс буурсан ч энэ үеэс Путиныг эсэргүүцэгчдийн тархинд явдаг болжээ. Түүний амийг хөнөөсөн алуурчид үүнийхээ шанд 15 сая рубль буюу 249 мянган ам.долларын хөлс авсан гэж Оросын хууль сахиулагчид таамагладаг.