Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс, бодис цацах 8 тусгай техник хэрэгсэл, 2 төхөөрөмж, цас шүүрдэгч 11 техник, нийт 60 хүний бүрэлдэхүүнтэй 11 дүгээр сарын 26-ны шөнийн 23:00 цагаас эхлэн авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгалаа. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 35 тонн давс, бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Дүүргийн хэмжээнд 90 км авто болон явган хүний замын цасыг шүүрдэгч техникээр цэвэрлэн, 120 км замд давс бодис цацаж, 1,800,000 ам.метр зам талбайн цасыг цэвэрлэлээ.
Мөн ХУД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын үйлчлэгчид 11 дүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байршуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн хонож, 01:30 цагаас эхлэн давс, бодис цацан ажилласан аж.
Баянзүрх дүүрэгт өглөөний 08:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага давс бодис цацах 11 тусгай техник хэрэгсэл, 27 машин техниктэйгээр нийт 248 хүний бүрэлдэхүүнтэй авто замын зорчих хэсэг, явган хүний замын цасыг шүүрдэн хусаж арилгав. Халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 112,2 тонн давс, 29 тонн бодис цацан авто замын нуухны цэвэрлэгээг техникээр гүйцэтгэж байна. Баянзүрх дүүргийн хэмжээнд 826 тонн давс, 1133 тонн бодисын нөөцтэй байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд зам, талбай хариуцсан хоёр байгууллагын зам талбайн 135 үйлчлэгч, тусгай зориулалтын 17 техник хэрэгсэлтэйгээр нийтийг эзэмшлийн зам талбайг цэвэрлэн ажиллаж байна. Мөн 179 тонн давс цацаад байгаа бөгөөд замын хөдөлгөөний ачаалал буурсан үед цэвэрлэгээнээс гарсан хар цасыг ачиж тээвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.
СХД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн гэнэ. Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үргэлжлэн орсон цасыг 100 гаруй техник хэрэгслээр 900 орчим ажилтан албан хаагч цэвэрлэж, нийтийн эзэмшлийн гудамж, замд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.