Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн өдөр Монгол Улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулах ёслолоор эхэллээ. Их жанжин Д.Сүхбаатарын талбайд төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн ёслолын хүндэт харуулын торгон цэргүүд Монгол Улсын төрийн далбааг мандууллаа.
Дараа нь Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцлоо. Энэ өдөр Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол, үндэсний бөхийн барилдаан болно.
Одоогоос 100 жилийн өмнө монголын аймаг, хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч Улсын Анхдугаар Их Хурлаар чуулж анхны Үндсэн хуулиа 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж Бүгд Найрамдах Улсыг тунхагласан түүх бол бидний бахархал билээ.