Нийтлэлч Д.Төрмөнх
Монголчууд бид хоёр янзын иргэншилтэй ард түмэн билээ.
Түүхэн сурвалжаас харвал 300 орчим жилийн өмнөөс суурин иргэншил аажмаар бүрэлдэн тогтсон гэж үздэг ч бидний далд ухамсарт нүүдэлчин зан уламжлагдан ирсэн нь урлаг соёлоор илүү тод үзэгддэг.
Иймээс ч манай үндэсний соёл урлагаас нүүдэлчин ахуй нэвт харагддаг бөгөөд он удаан жилийн суурин иргэншилтэй улс орны иргэдэд энэ нь бүр ч илүүтэйгээр сонин сайхнаар мэдрэгдэж гайхал бахархалыг төрүүлдэг ажгуу.
Ийм соёлын наадмыг Монголын урлагийн зөвлөл Монгол түмний их баяр наадмаар Хүй долоон худагт арав дахь жилдээ амжилттай зохион байгуулж Уран бичлэг, Эсгий урлал, Цаасан шуумал бүтээл урлал, Ардын аман зохиол, Үндэсний тоглоом наадгай, Нум сум урлал, Монгол гэр барих, Аврага Монгол, Морь минь-Анд минь, Үндэстэн Язгууртан, Хөрөг зураг болон Хөгжилтэй нүүр будгийн өртөөгөөр наадамчдаа төдийгүй суурин иргэншил бүхий гадны зочдыг баясган цэнгүүлж, зарим нь анх удаа шагайн харваатай танилцаж, нөгөө хэсэг нь монгол гэр хэрхэн барьдгийг үзэж, үндэсний бүжиг дуугаар сэтгэлээ мялаасаар иржээ.
Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Солонгосын МЕТАА компани хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2017 оны 7 сарын 11, 12-нд Хүй Долоон Худагт арав дах жилдээ зохион байгуулагдлаа. Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажилчид, уран бүтээлчдээс бүрдсэн 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.
Энэ жил ч ялгаагүй хүй долоон худгийн торгон ногоон дэнжид үндэсний соёлын наадам олон ардын сэтгэлийн тэнгэрт солонго татуулсаар арван жилийг ардаа үджээ. Хурдан ажнайгаа уралдаанд үдсэн хойгуур наадамчин олон соёлын наадмын өртөөгөөр аялан уран бичлэг бичүүлж, зүймэл даавуугаар урласан бүтээлүүдээс худалдан авч, чаддаг нэг нь дэмбээдэж, чаддаггүй гадныхан сонирхон харж, зарим нэг нь оньсон тоглоом сонжиж, дор бүрнээ сэтгэл тэнэгэр наадах ажгуу.
Талбайн төв хэсэгт байрлуулсан сур элддэг бул болон “Их Монгол” хэмээх аварга монгол гутал, цоож, авдар, домбо, дөрвөн бэрхийн дэргэд үзэгчид зургаа татуулан баясан цэнгэлдэх аж. Нүүдэлчдийн соёлын нэг онцлог бол тусгайлан зассан тайз дэлгэц гэхээсээ хээр талдаа хаана ч үзүүлж болдог урлаг бөгөөд мориныхоо нуруун дээрээс уртын дуугаа хадааж, үндэсний хөгжим сонсонгоо сур элдэж, шагай харваж, хаа явсан газартаа үйлс бүтээл хийсээр байдгаараа онцлог билээ.
Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд эрх чөлөөтэй хээр талдаа тааваараа жаргах дадал суусан байдгийг хамгийн ойр хажуу нөхдөөсөө ч харж болно. Нар хур тэгширсэн сайхан зун цаг ирэхэд хүн бүр л салхинд гарья хэмээн тэмүүлдэг нь мөнөөх нүүдэлчин зан, араншин бид бүгдийн сэтгэлийн мухарт гүн бат оршсоор байгааг илтгэнэ. Хэдийгээр бид өдгөө суурин соёлд дадаж буй ч гэлээ төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн онож хэлсэн “Наадам бол жилдээ нэг удаа бүх нийтэд Монгол ёс заншилаа сэргээж Монгол гэдгээ сануулж хийдэг үндэсний “вакцин” юм.” гэж хэлсэн нь соёлын наадмыг харж явахад сэтгэлд эрхгүй ургах ажгуу.
Зөвхөн өнөөх л нүүдэлч дадлаараа хурдан морь уралдахыг харж, хүүхдийн гийнгоо сонсохоор Хүй долоон худагт ирдэг байсан наадамчид арван жилийн өмнөөс соёлын наадамд зочилж, өдрийг зугаатай, баярыг дурсамжтай өнгөрүүлдэг болсон ажээ. Энэ жил ч гэсэн баярын өдрүүдэд “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт зохион байгуулж, соёлын биет бус өв тээгчдээ наадамдаа урьж тууль хайлуулж, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын өртөөгөөр наадамчдаа аялуулан үзэгчдийн хүртээл болголоо. Цаашдаа нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор соёлын наадмыг олон улсын хэмжээнд хүргэж өргөжүүлэхээр зорьж буйгаа зохион байгуулагчид ярьж байлаа.
Өдөрт таван “Сэрсэн тал” үндэсний урлагийн тоглолт хийж, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл өртөөгөө наадамчин олны өмнө нээлттэй байлгаж, соёлын наадмыг зохион байгуулагч Монголын Урлагийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, “Гүрү медиа” ХХК-ны продюсер Ц.Ариунаа “Хүний насаар тооцвол соёлын наадам маань эрдэм ном сурч, өөрийн гэсэн нүүр царай, гарын үсэгтэй болсон арван настай хүүхэд болжээ. Ямар утга учиртай наадам болохыг ч хүмүүс мэддэг боллоо. Монголын соёлын өв дундаршгүй баялаг болохоор шинэ агуулга гаргаж ирсэн ч нээж таниулаагүй олон ч өв соёл байсаар байна” хэмээн ярьлаа. Жил бүр өөр өөр өнгө аястайгаар наадамчин олноо баярлуулж, шинээр танин мэдүүлж, өнөө цаг болон уламжлалын зааг дээр амьд оршин байгаа соёлыг харуулж, таниулж буй тэдний үйлсийг энэ жил Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо, Монгол Наадам Цогцолбор, Чингэлтэй Дүүргийн ЗДТГ, Оюу Толгой ХХК, Төрийн Банк ивээн тэтгэж дэмжжээ.
Энэ наадамд жил бүр 350-400 уран бүтээлч, сайн дурын ажилтан, гар урчууд нэгддэг тухай СУИС-ийн захирал Э.Сонинтогос ярьж байлаа.Түүнчлэн гурван жилийн өмнө хийгдсэн “Монгол наадам” цогцолборын бүтээн байгуулалт үр дүнгээ өгч, илүү цэгцтэй, зохион байгуулалттай байх боломжийг бүрдүүлж чаджээ.
Ер нь Хүй долоон худагт зөвхөн хурдан морь үзээд буцах биш өв соёлтойгоо танилцаж байгаа нь сайхан юм. Залуу, өсвөр үеийнхэн маань суурин иргэншилд дасаж монгол өв соёлоо мэдэхээ байж, үндсээсээ холджээ. Үндэстэй бүхэн ургадаг жам ёсоор залуучууд зөвхөн эрийн гурван наадмаар биш, бусад үед ч ийм соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх нь ургаж гарсан үндсэндээ хяргасан дотогшоо хийх соёл урлагийн аялал тул ийм арга хэмжээг жирийн үед ч эрчимжүүлэх шаардлагатай мэт бодогдсоныг хэлэх хэрэгтэй болов уу…
Хараа гүйцэмгүй цэлгэр талдаа уртын сайхан дуугаа хадааж
Айраганд нь ардын дуу иссэн хөхүүрээрээ ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог… хэмээн шүлэглэсэн яруу найрагч Ш.Гүрбазарын шүлэг өөрөө сэтгэлд эгшиглэнэм…
Ард түмний наадам ингэж соёл урлагийн ая хөгөөр улам ч гоёсоор арван жилийг ардаа үджээ.
Тиймээ бид нүүдэлчин удмын урлаг соёлоороо дэлхийд гоёдог ард түмэн билээ л…