Нийслэлд усан оргилуур шиг хэрэгтэй зүйл алга. Орчноо сэрүүцүүлж, усных нь чимээг сонсох гэж усан оргилуур хайсан, бусдынхыг царайчилсан хүмүүс зөндөө. Ойрын өдрүүдэд цаг агаар 30 хэмээс буухгүй байгаа нь хотын энэ төрлийн гоёл хэчнээн үнэ цэнэтэйг иргэдэд бүр ч их мэдрүүлсээр.
Гэтэл үүнээс ч халуун, бүгчим өдрүүд биднийг хүлээж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгэхээр нийслэлчүүдийн энэ эрэл цаашид ч эрчтэй үргэлжлэх шинжтэй. Усан оргилуургүй Улаанбаатар цаанаа л өнгөгүй, гундуу.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын хамтарсан судалгаагаар нийслэлд 139 усан оргилуур бийг тогтоожээ.
1.3 сая хүн, 470 мянган га газар нутагтай хотод ийм тооны усан оргилуур байна гэдэг бас ч гэж боломжийн үзүүлэлт. Гэтэл эдгээрийн ердөө 10 орчим хувь нь л стандартын шаардлага хангасан, томоохон хэмжээний байгууламж бол 50 нь эвдэрсэн, үлдсэн нь сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд “ажилгүйдэл” зарлачихаад буй гэж албаны хүмүүс хэлсэн.
Ус оргилуулах зориулалттай ч үүргээ гүйцэтгэдэггүй, богино настай байгууламж нийслэлд чамгүй олон байгааг энэ судалгаа нотолно. Гэтэл шаардлага хангасан гэх усан оргилуурууд нь ч олны нүд хуурах шиг алдаг оног ажиллаж, иргэдийг бухимдуулж байна. Бид хэдхэн хоногийн өмнө нийслэлийн төвд, нийтийн эзэмшлийн талбай дахь томоохон оргилуурууд үүргээ гүйцэтгэж буй, эсэхийг сурвалжлахаар хэд хэдэн газарт очоод, урам хугарав.
Бидний сайн мэдэх, олны хөлд хамгийн их дарагддаг “Central tower”, “Цэцэг” төвийн буюу хуучнаар “Ард” кино театр, Улсын их дэлгүүр, Чингүнжавын гудамж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Баянмонгол” болон “Москва” хороолол, МУИС-ийн хичээлийн II байрны урд, Хүнсний I дэлгүүрийн зүүн талд, “Зайсан” соёл, амралтын цогцолборт орших оргилуурууд энэ үеэр ажилласангүй.
Харин Явуухулангийн цэцэрлэг, Үндэсний соёл, амралтын хүрээлэн, “Вива сити” гэсэн цөөн газрынх ажиллаж байв. Усан оргилуурууд яагаад ажиллахгүй байгааг албаны хүмүүсээс тодруулахад голдуу “Тодорхой цагийн хуваариар ажиллуулдаг” гээд ам таглалаа. Тэгвэл ойр орчимд амьдардаг иргэд арай өөр зүйл хэлж байна.
“Цэцэг” төвийн автобусны буудлын ойролцоо худалдаа эрхэлдэг, иргэн Н.Сайнхүү “Энэ оргилуурыг ажиллахаар хавь ойрын оршин суугч, хажуугаар нь яваа хүмүүс хүртэл шавдаг. Өнгөрсөн зун хагас дутуу ажилласан. Энэ жил таг чиг байна” гэж ярилаа. Эл оргилуурыг сайн дурын болон уран бүтээлч залуус багагүй хөдөлмөр, хөрөнгө зарцуулж тохижуулаад Чингэлтэй дүүргийн удирдлагад хүлээлгэж өгсөн гэдэг.
Гэтэл өдгөө энэ нь бэлгэдэл төдий үзмэр болж хувирчээ. Залуус усан байгууламжийн дотор хананд “Сүүлчийн тунгалаг ус мэт дусал бүрийг хайрлацгаая” гэж бичсэнийг “Усан оргилуураа бүү ажиллуул” хэмээн ойлгосон юм биш байгаа. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо буюу “Энканто таун” хотхонд амьдардаг иргэн С.Жагир “Ер нь хамгийн олон цаг, овоо дориун ажилладаг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур.
Гэтэл сүүлийн үед засвар хийж байна гээд зарим өдөр өнжөөх болсон. Уг нь ноднин цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд хэсэгт үүнээс жижигдүү оргилуур байгуулна гээд хүмүүс ажиллуулсан. Больсон гэнэ лээ” хэмээв. Өнөөх алдарт, Арслантай гүүрний усан хөшиг бүр ч таг болсон. “Метрополис хотод ийм усан хөшиг зайлшгүй байх ёстой” гэж хөөрцөглөн, 70 саяар хийсэн эл байгууламжийн шидийг бид үзэхгүй нь бололтой.
Байгаагаа хайрладаггүй, үгүй болсон хойно нь шогширч, харамсдаг нь бидний гэм биш зан. Усан оргилуур юу юунаас илүү хэрэгтэй байна гэж сүйд болдог нийслэлчүүд түүндээ дэндүү халтай. Дээрх байгууллагынхан стандартад нийцсэн гэж үнэлсэн өнгөтэй өөдтэй, томоохон оргилууруудаа эхнээс нь тоноод, эвдээд эхэлжээ.
Тухайлбал, Чингүнжавын гудамжны усан оргилуурын шахуурга (насос) алга болсноос түр хугацаагаар ажиллахгүй байгаа гэнэ. Биднийг очих үеэр Баянгол дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийнхэн засаж байв. Мөн УИД-ийн урд, Цэрэндоржийн гудамжин дахь оргилуур мөн ийм шалтгаанаар түр “амарчээ”.
Анх тэнд гурван оргилуур байсан ч, хоёрыг нь нураачихсан. Гэтэл өдгөө байгаа ганц нь усан оргилуур гэхэд хэцүүхэн болж. Шүршигч хошуу, гэрлийг нь юу ч үгүй тонож, плитан тавцанг нь энд тэндгүй хагалжээ. Эвдэрсэн оргилуурын ойролцоо сууж байсан ахмадууд “Тавцан дээгүүр нь роликтой хүүхдүүд явсаар байгаад ийм болгочихсон, их муухай. Нийтийн “юм”-нд минийх биш гэсэн сэтгэлээр хандаж, эвдэж сүйтгээд л байх юм. Энэ талбайд байсан сандлууд хүртэл алга болсон” гэж халаглав.
Тэрчлэн, усан оргилуурыг нурааж, барилга барих, өөр зориулалтаар ашигласан тохиолдол ч байна. Хамгийн ойрын жишээ дурдахад, МҮЭСТО-ы гаднах усан оргилуурыг “Тамирын гурван чулуу” гэх компани өнгөрсөн жил нурааж хашаалсан. Өдгөө усан оргилуур, ногоон байгууламжийн оронд барилга барьж байна.
Баянгол дүүргийн XX хороо, “Москва” хорооллын усан оргилуурыг МХЕГ-аас “Цахилгаан дамжуулах агаарын шугамд хэт ойр” гэсэн үндэслэлээр ажиллуулахгүй удаж байгаа. Тэгвэл үүний оронд тун удахгүй машины гарааш барих гэнэ. Бас МУИС-ийн хичээлийн II байрны урд байрлах талбайг машины зогсоол болгосноос, усан оргилуур номын худалдаачдын лангуу болжээ. Улаанбаатарчууд эвдэрсэн оргилуураа хэрхэн засаж, ажиллуулах вэ гэж бодолгүй, нурааж, сүйтгэхийг урьтал болгож байна.
Усан оргилуур хэвийн ажиллаж, байгаа, эсэхэд хяналт тавих үүрэгтэй гол байгууллага нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, чимэглэл хариуцсан мэргэжилтнүүд. Гэхдээ тэд зөвхөн нийтийн эзэмшлийн талбай дахь байгууламжид санаа тавих учиртай.
Усан байгууламжийн ихэнх нь яагаад ажиллахгүй байгаа талаар мэргэжилтэн Б.Эрдэнэбатаас лавлахад “Ямар ч тооцоо судалгаа, мэргэжлийн байгууллагын оролцоогүй, хямд өртгөөөр хийсэн зүйл хэдхэн сар, өдрийн настай байх нь аргагүй. Зарим нь ус, цахилгааны эх үүсвэргүй газар барьчихаад, өнөөхөө ажиллуулах зардлаа дийлэхгүй тохиолдол ч бий” гэсэн юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтнүүд саяхан дүүргүүдийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсүүдэд харьяа нутаг дэвсгэртээ байгаа усан оргилууруудаа 10.00-20.00 цаг хүртэл тогтмол ажиллуулах үүрэг өгсөн гэнэ. Гэтэл энэ ажил нэг л урагшгүй байгаа нь илт.
Хамгийн олон усан оргилууртай гэдэг Чингэлтэй дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганхуягтай холбогдож (өчигдөр 13.00 цагийн үед) ажлын явц ямархуу байгааг асуухад “Тусгаар тогтнолын талбай, Явуухулангийн цэцэрлэгийн усан оргилуур ажиллаж байна. Хүнсний I дэлгүүрийн зүүн талын болон “Ард” кино театрын цэцэрлэгт буйг ойрын хугацаанд ажиллуулна. Нэмэлтээр хоёр газарт усан оргилуур байгуулахаар судалж, бэлтгэлээ хангаж байна” гэсэн юм.
Хүн амын төвлөрөл их, агаарын бохирдол, тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн манай хотод усан оргилуур шиг чухал зүйл үгүй. Бид хот төлөвлөлтийн асуудалд ногоон байгууламжийг чухалчилж ярьдаг ч үүнийг ойшоодоггүй. Хэрэг дээрээ энэ нь ногоон байгууламжаас дутахааргүй ач холбогдолтой.
Орчны бохирдлыг бууруулахаас гадна хүний сэтгэл зүй, эрүүл мэндэд онцгой нөлөөтэй гэдэг. Усан оргилуурын дэргэд 30 минут хэртэй саатахад л биеийн алжаал, ядаргаа 60-80 хувь буурдаг болохыг Барууны судлаачид хэдийнэ баталчихсан. Хүн ам шигүү, бохирдол ихтэй бүсэд ийм байгууламж бий болгохын гол ач холбогдол нь энэ.
Утаа бууруулах нэрийдлээр гадаадаас үнэтэй, элдэв тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн зөөхийн оронд одоо байгаа усан оргилууруудынхаа “амийг нь таслахгүй”, харин ч тоог нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй бус уу.Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын албаны мэргэжилтэн М.Отгонбаяр “Тогтмол ажилладаг усан оргилуур, толио нийслэлд зайлшгүй шаардлагатай. Усны ионжилт орчны агаарыг чийгшүүлж, тоосжилт багасгадаг. Усан байгууламжтай хэсгийн агаарыг бусад газрынхтай харьцуулахад тэс өөр” гэлээ.
Дахин хэлье. Нийслэл 139 усан оргилууртайгаас тогтмол ажилладаг нь гарын арван хуруунд багтахаар байна. 1.3 сая хүн ийм тооны усан оргилуур дээр “зодолддог” гэхээр арай л хатуу оноолт байгаа биз.