Нийслэлийн гудамж, талбайг “ногооруулахаар” борви бохисхийлгүй ажиллаж буй цэцэрлэгч нарыг хараад өрөвдлөө. Тэд ямар уйгагүй, тэвчээртэй, бас хичээнгүй юм бэ. Хийсэн ажлыг нь үргэлж үгүйсгэж, бусниулдаг бүхэл бүтэн “арми” тун идэвхтэй ажиллаж байхад тэд зүтгэсээр л.
“Ургадаггүй” цэцэг, зүлгээ арчилж тордсоор, тарьж суулгасаар. Ургадаггүй ч гэж дээ. Ногоон байгууламжид халтай хүмүүс л түүнийг сүйтгэчихдэг юм. Үүнээс болоод тэдний хөдөлмөр үнэгүйдэж байна. Яг л цоорхой саваар ус зөөх мэт үр дүнгүй, гоомой ажил жилийн жилд өрнөсөөр удлаа.
Улаанбаатарыг цэцэрлэгжүүлэхэд жил бүр багагүй мөнгө төсөвлөдөг. Өнгөрсөн болон энэ онд гэхэд л зөвхөн хотын захиргаанаас 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвөөс ч сая саяар нь мөнгө зарцуулдаг. Гэтэл нийслэлд хүний гараар бүтсэн ногоон байгууламж ердөө 350 га байна. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дунджаас 7.5 дахин бага буюу дөнгөж 2.5 ам метр байгаа юм.
Энэ үзүүлэлт сүүлийн гурван жилд огт өөрчлөгдөөгүйг мэргэжилтнүүд хэлэв. Хачирхалтай байгаа биз. Олон зуун мянган мод, бут жил бүр нэмж тарьж, хэдэн арван га талбайг зүлэгжүүллээ л гээд байдаг. Гэтэл ногоон байгууламжийнх нь талбайн хэмжээ нэмэгддэггүй, яг л хэвэндээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 5.3 ам метр болгоно” гэсэн том зорилт дэвшүүлжээ. Одоогийнхоос нь хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн үг. Хэрэв түүний энэ “мөрөөдөл” биелбэл хүн амын төвлөрөл, орчны бохирдлоос үүдэлтэй өвчлөл 50 хувиар буурах гэнэ.
Даанч нийслэлчүүдийн сэтгэлгээг өөрчилж, экологийн боловсролыг дээшлүүлээгүй цагт энэ зорилт биелэнэ гэдэг нь юу л бол. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь ногоон байгууламжийг иргэд гишгэлэх, дээр нь машинаа тавих зэрэг нь өдгөө ердийн үзэгдэл болсныг Хот тохижилтын газрын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Билигсайхан онцоллоо. Тэрбээр “Нэн түрүүнд иргэдийн тархинд экологийн боловсролын “үр” суулгах хэрэгтэй байна.
Ганц ширхэг мод ургуулахын тулд, нэг ам метр талбайг зүлэгжүүлэх гэж хэр их хөдөлмөр зарцуулдгийг мэдэхгүй хүн ногоон байгууламжийг яаж хайрлах билээ. Уг нь бид энэ зун тарьсан мод, зүлгээ дараа онд арчилж, тордох ёстой. Гэтэл хүн, мал, машины хөлд сүйдсэнээс дахин үрслэгээ хийх тохиолдол бишгүй гардаг. Нэг газартаа дахин дахин “эргэлдээд” байхаар эдийн засагт ч хохиролтой, цаг хугацаа ч алддаг” хэмээн халаглалаа.
Хүний хөлд халцарсан зүлэг, мөчрийг нь хугалж, гэмтээсэн мод, машины зогсоол болсон ногоон байгууламж нийслэлд олон. Сав л хийвэл бусдын соёлгүй, бүдүүлгийг гайхацгааж, “орк” хэмээн ялгаварладаг нийслэлчүүд ногоон байгууламжуу даа ийн устгах болсны учир юу вэ. Нэг хэсэг нь тарьж ургуулж, нөгөө нь сүйтгэх нь их хотын соёл гэж үү.
Олны хөлийн газарт буй ногоон байгууламжуудыг “халдлагад” өртөхөөс сэргийлэхийн тулд цэцэрлэгчид энэ жилээс хамгаалалтын хашаа хийж эхэлжээ. Үүнд 10-аад сая төгрөг төсөвлөсөн гэж албаны эх сурвалж хэллээ. Хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй нь сайн ч нөгөөтэйгүүр дэндүү эмгэнэлтэй.
Хэрэв нийслэлчүүд ногоон байгууламжаа хайрладаг, бусдын хөдөлмөрийг хүндэлдэг байсан сан бол үргүй зардал ийн гаргах шаардлага юу билээ. Магадгүй энэ мөнгийг мод, зүлгээ усалж, арчлахад зориулах байв. Хөгжингүй орнуудад ч ногоон байгууламжаа хашаалж хамгаалдаг жишиг бий аж.
Гэвч тэд хүнээс биш, хортон шавьж, мал, амьтнаас болгоомжилж ийм арга хэмжээ авдаг гэнэ. Дендрологич Э.Бадрах “Хашаа барихад мөнгө зарцуулж байгааг буруутгах аргагүй. Монголчуудын сэтгэлгээ ингэтлээ доройтсон байхад яалтай билээ. Хэн ч хийсэн ажлаа тараалгахыг хүсэхгүй. Гадаадынхан шавьжтай, бид иргэдтэйгээ тэмцэхэд анхаарч байгаа нь монголчууд хөгжил болон сэтгэлгээний хувьд хэр хол орхигдсоныг илтгэж байна” гэж ярилаа.
Ногоон байгууламж бол нэг төрлийн цэвэршүүлэгч. Агаар дахь хорт нэгдлийг устгахад чухал үүрэгтэй. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулж, чимээ шуугианы бохирдлыг багасгадаг. Ногоон байгууламжийн гол ач холбогдол нь энэ. Тиймээс дэлхийн орнууд цэцэрлэгжүүлэлтэд багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ингэж хөрөнгө оруулдаг. Үүнийг иргэдэд ойлгуулах нь юу юунаас ч илүү чухал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.
БНСУ манай орноос салхиар туугдан очиж буй шар шороог нутагтаа “зочлуулахгүйн” тулд Монголд 580.000 мод тарьчихлаа. Тус улсын Инчон хот анх байгуулагдахад ой модтой уул бараг байгаагүй гэдгийг тэд хэлж байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ ой модгүй уул үгүй болтол нь “ногооруулсан” гэх. Харин бид юу хийв. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр л байгальдаа жигтэйхэн хайртай хүмүүс болж хувирдаг.
Гэвч бусдын тарьсан мод, зүлгийг туучиж, сүйтгэсээр байна. Энэ хорт “зуршлаа” юуны түрүүнд таягдан орхихгүй бол бид хэчнээн мянган га талбайд ямар сайхан ургамал тариад нэмэргүй шүү дээ.