Төрийн наадам болоход цөөн хоног үлдлээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатараас морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах талаар ямар арга хэмжээ авч байгааг тодрууллаа.
-Наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгнө үү?
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисын 2017 оны 01 тоот тогтоол гарч, Хурдан морины салбар хороог байгуулсан. Хурдан морины салбар хорооныхон төлөвлөгөө гарган Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсын шадар сайдаар батлуулсан. Уралдааныг зохион байгуулах, хурдан морь уралдуулах бэлтгэл ажилдаа ороод байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисоос төсөв, мөнгө шийдэж өгсөн. Энэ жил хурдан морь уралдуулахад 228 сая төгрөг зарцуулна. Үүний 170 сая буюу 80 орчим хувийг зөвхөн бай шагналд олгоно. Үйл ажиллагааны зардалд үлдсэн 20 хувийг хэрэглэнэ. Морьдыг аль насанд, ямар зайд уралдуулах вэ гэдгийг хуулиар тогтоосон байдаг.
Зургаан насны монгол, гурван насны эрлийз морь уралдуулна. Бид Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст морьдыг хэзээ, хэрхэн уралдуулах талаараа санал өгсөн. Өмнө нь уралдуулж байсан жишгээ дагах уу, өөрчлөх үү гэдгийг ярилцаж байна. Энэ жил хур бороо багатай, аагим халуун байгаа учраас морь уралдах зайг уяачидтай зөвшилцөж хоёр километрээр багасгаж магадгүй.
-Хүүхэд гэмтэхгүй байх үүднээс ямар ажил зохион байгуулах вэ?
-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос гурван зүйлд онцгой анхаарч байна. Үүнээс хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй байдал. Монголын морин спорт уяачдын холбоо, Хүүхдийн хөгжлийн үндэсний газар, эмнэлгийн байгууллага зэрэг хүүхдийн эрхийг хамгаалах газрууд хамтран уяачдын дагаж мөрдөх ёстой хууль дүрэм, стандартын биелэлтэд анхаарч ажиллаж байна.
Баяр наадмын тухай хуульд морь унаач хүүхэд долоогоос дээш настай байх ёстой, цээживч, тохойвч, дуулга өмсгөж, морио эмээлтэй унана гэсэн заалт бий. Дээрх байгууллагууд наадмын үеэр хуульд заасан дүрэм журмаа мөрдөж буй, эсэхэд хяналт тавина. Үндэсний их наадмаар зөрчил харьцангуй бага гардаг.
Харин сумын, овооны гэх мэт орон нутгийн наадам эрсдэл ихтэй байдаг. Сумын наадам ч гэсэн хуульд заасан дүрэм журмыг баримтлах ёстой. Орон нутгийн удирдлагууд хуульд заасны дагуу адилхан хяналт тавих учиртай юм. Гэтэл морь унаж дадсан хүүхэд гэж үздэгээс аюулгүй байдал, хамгааллын асуудлыг орхигдуулдаг нь зөрчил гарах үндсэн шалтгаан болдог.
-Энэ жил хэд орчим морь уралдах төлөвтэй байна вэ?
-Ирэх сарын 10, 11, 12, 13-нд морь уралдуулна. Улсын наадамд 20-иод аймгийн 200 гаруй сумаас уяачид ирж нааддаг. Зургаан насанд 1800 гаруй морь уралдах урьдчилсан дүн гарсан.
Жишээ нь, хязаалан насны 300-400 морь гараанаас гарахад төдий тооны хүүхэд морио унаж уралддаг. Дараа нь өөр насны морьд уралдахад өмнө нь морь унасан хүүхэд морио сэлгэж уралдах тохиолдол байдаг. Тэгэхээр 1800 хүүхэд морь унахгүй гэсэн үг.
-Өмнөх жилүүдэд хэдэн хүүхэд бэртэж гэмтсэн талаарх судалгаа байдаг уу?
-Тоо баримтаас харахад өмнөх жилд 20 гаруй хүүхэд бэртсэн байсан. Эмнэлгийнхэн наадмаар Хүй долоон худагт ажиллаж, хүүхдийн бэртлийг газар дээр нь эмчилдэг. Өмнөх жилийн улсын наадмаар ноцтой бэртэл гараагүй. Гаргахгүй байх үүднээс онцгой анхаардаг. Бид тодорхой шаардлага тавьж байгаагийн нэг нь гэмтэл ослын даатгалд заавал хамруулсан байх ёстой.
Мөн уяачид тухайн морь унаач хүүхдийн ар гэртэй ярилцаж, заавал зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. Бай шагналын 20 хувийг хүүхдэд олгох ёстой. Жишээ нь, баяр, наадмаар түрүүлсэн морийг таван сая төгрөгөөр байлдаг. Үүний сая төгрөгийг хүүхдэд өгөх юм.
Хүмүүс морь унаач хүүхдийг “Тэвчишгүй хүнд хөдөлмөр хийж байна”, “Мориноос уналаа” гэж шүүмжилдэг. Эрийн гурван наадам бидний үнэт өв. Бид дэлхий нийтэд энэхүү соёлоороо өөрсдийгөө таниулдаг. Үүний салшгүй нэг хэсэг нь хурдан морь. Тэгэхээр монголчууд мэдээж морио уралдуулна.
Уралдуулахдаа хүүхдэд унуулна. Тийм учраас аюулгүй байдалд нь их анхаардаг. Ер нь монголчууд хурдан морины уралдааныг том өв соёл гэдэг талаас нь эхэлж хараасай гэж боддог.