С.Баяр Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үед “Оюутолгой”-н хувьцааны ханш дэлхийн зах зээлд огцом унаж байлаа. Бид Монголын улс төр Монголдоо “шингэх”-ээ больсныг ингэж л нийтээрээ анх мэдэж авч байв. Түүний дараа “Чингис” бондын мөнгө Монголын дансанд шилжиж ирсний дараахан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улстөрчдийн ганц л хариуцлагагүй мэдэгдэл олон сая долларын үнэтэй болсон”-ыг анхааруулж хэлсэн билээ.
Яагаад гэвэл Монголын улс төрийн тогтворгүй байдал, улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл гадаад зах зээл дэх Монголоор хаяглагддаг бүх компанийн хувьцааны ханшид шууд нөлөөлдөг болчихоод удаж байна.
Монголчууд Сингапурт, эсвэл Хонконг, Америк гээд дэлхийн хаанаас ч хөрөнгө оруулалт татсан, хувьцаа гаргаж арилжсан түүнийх нь ханш Монголын улс төрөөс шууд хамааралтай болсон гэсэн үг.
Улс төр тогтвортой байвал өсдөг, тогтворгүй бол ханш унадаг болжээ. Тэр нь ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараах цөөхөн хоногт улам хүчтэй мэдрэгдэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч тодроогүй ч хамгийн олон саналыг сөрөг хүчнээс буюу АН-аас нэр дэвшигч Х.Баттулга авсан. Хоёрт эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд орж, дахин санал хураах нь нэгэнт тодорхой болсон. Энэ бол монголчуудын хувьд бүгдийнх нь мэдэж байгаа “жирийн” л нэг мэдээ.
Тэгвэл сонгуулийн энэхүү урьдчилсан дүн дэлхий нийтэд хэрхэн хүрснийг сонирхъё.
“Ройтерс” агентлаг Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “...Уул уурхайн бодлогод үндэсний үзэл баримталж, өмнөд хөршдөө сэрэмжтэй ханддаг Х.Баттулга өөрийнхөө боломжид итгэлтэй буй. Харин эхний санал хураалтаар хоёрдугаарт бичигдсэн М.Энхболд нь хөрөнгө оруулалтыг дэмждэг, эдийн засгийн зөөлөн бодлого баримталдаг нэгэн.
Улс орны эдийн засгийн байдал хүндэрч, хэмнэлтийн хатуу бодлогод шилжсэн нь эрх баригч намын дарга түүний саналыг доош нь татжээ...” гэж мэдээлсэн бол Regnum.ru цахим хуудсанд энэ тухай “Монголын Ерөнхийлөгчийн сонгууль эдийн засгийн хямралтай үед тохиож байна.
Тус улсын эдийн засаг урьд нь дэлхийд хамгийн өсөлттэйд тооцогдож байсан удаатай. Гэвч гадаадын хөрөнгө оруулалт буурсны дараа бэрхшээлтэй тулгарч, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд тунасан хоёр нэр дэвшигч улс орноо өрийн дарамтаас гаргах өөрсдийн гэсэн төлөвлөгөө дэвшүүлэн өрсөлдөж байгаа аж” гэхчилэн мэдээлжээ.
Дэлхийн хэвлэлүүдээр энэ мэт олон мэдээлэл цацагдсан бөгөөд нийтэд нь базаад үзвэл хөрөнгө оруулагчдад таатай ханддаггүй, Хятадын аюулаар далайлгадаг, сөрөг хүчний нэр дэвшигч эхний шатанд өнгөлсөн талаар өгүүлсэн байна. Мөн сөрөг хүчний нэр дэвшигч эцсийн шатанд ялалт байгуулбал эрх баригч намын эдийн засгийг сэргээх бодлого, ОУВС-тай тохирсон хөтөлбөрт ч эргэлзээ үүсэж магадгүйг онцолжээ.
Харин энэ мэдээлэл нь Монголын тухай үргэлж сонирхож байдаг, Монголд, Монголын компаниудад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад хэрхэн буусныг харъя.
Яагаад гэвэл, дээр өгүүлсэнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон улсын хөрөнгийн биржид гаргасан хувьцааны ханшид улс төрийн нөхцөл ихээхэн нөлөөлдөг.
Тиймээс ч эдийн засаг хүндрэлтэй энэ үед хөрөнгө оруулагчдын хүлээлт хаашаа чиглэж байгааг сонирхсон юм. Харамсалтай нь, 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш улс төр тогтворжиж, Монголын компаниудын хувьцааны ханш өсөж байсан дүр зураг сонгуулийн дараах хоёрхон хоногт бүхэлдээ өөрчлөгджээ.
Нэгд, манай улсын гаргасан бондын үнэлгээ буурсан байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулсан өдөр буюу энэ сарын 27-ноос Монголын бондын үнэлгээ Хонгконгийн хөрөнгийн биржид 1.03 центээр буурч, 109.7 ам.доллар болсныг “Блүүмберг” мэдээллээ.
Манай улс өнгөрсөн гуравдугаар сард тус биржид бонд арилжиж эхэлсэн бөгөөд түүнээс хойш ханш одоогийнх шиг унаж байгаагүй юм байна. Бондын үнэлгээ ийнхүү унаж эхэлснээс гадна зарим компанийн хувьцааны ханш ч огцом буурчээ. Тодруулбал, “Оюутолгой”-н нэг хөрөнгө оруулагч “Turquoise hil resourses” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн биржид 0.17 центээр унаж, 2.52, Торонтогийн хөрөнгийн бирж дээр 0.23 центрээр буурч 3.32 ам.долларт хүрсэн байна.
Мөн “Aspire mining” компанийн хувьцаа 5.26, “Erdene resource development” компанийн хувьцаа 2.8, “Xanadu mines” компанийн хувьцааны ханш 2.5 хувиар тус тус буурчээ. Монгол Улсаас хамгийн анх удаа гадаадын хөрөнгийн биржn; хувьцаагаа арилжаалсан “Mongolian mining corporation (MMC) буюу “Энержи ресурс”-ийн хувьцааны ханш ч унасан байна. Түүнчлэн Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн ханш 13.86 хувиар унасан дүр зурагтай байгаа юм.
Харин одооноос л бага зэрэг сэргэж, өсөлт ажиглагдаж эхэлсэн байна. Үүнийг эдийн засагчид “Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Энержи ресурс”-ийн хувьцаа 10 гаруй хувиар уналаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй дахин санал хураахаар болсон тул буцаад жаахан өсөх шинжтэй болж байна. Бидний сонголтод өгч буй гадаадын хөрөнгө оруулагчдын үнэлгээ нь энэ” хэмээж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнтэй холбоотойгоор ийнхүү хувьцааны ханш хэлбэлзэж буйгаас үзвэл удахгүй болох дахин санал хураалтын дүнгээс Монголтой холбоотой бүх компанийн хувьцааны ханш шалгаалах нь ойлгомжтой бололтой. Цаашлаад эдийн засгийн нөхцөл ч хамаатай байхыг үгүйсгэх аргагүй юм.
Учир нь, оны эхний дөрвөн сарын байдлаар 4.2 хувиар өссөн Монголын эдийн засгийн талаар “S&P global ratings” олон улсын байгууллага сөрөг хандлагатай байгаагаа мэдэгдсэн байна. Тэд “Монголын улс төр тогтвортой, нэгдсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол эдийн засаг нь энэ онд 0.2 хувиар агшина” гэсэн таамаг дэвшүүлж буйгаа олон улсад зарлажээ.
Мөн өнгөрсөн хавраас сэргэж эхэлсэн Монголын эдийн засгийг олон улсын хөрөнгө оруулагчид сэргэлтийн дунд үедээ явж байгаа гэж дүгнэн, Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн анхаарал хандуулж байгааг “Блүүмберг” онцолсон байна. Энэ бүгд Та, бидний сонголтын төлөөс юм даа.
Эх сурвалж: topmedee.mn