Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй.
Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа 11 дэхийг хүргэж байна.
2017.06.27-ны мягмар гариг.
М.Эрдэнэбатыг Сэлэнгийн Ерөөгөөс ирчихсэн, эмээгийндээ байгаа гэж дуулаад Нисэх рүү явлаа. Оройхон хэрд биднийг очиход авга эгч Ч.Отгончимэг нь охинтойгоо хамт гарч ирэн, хоёр талаас тасралтгүй боргоох айхтар нохдыг хорьж дотогш оруулав.
Өдийд уг нь хэзээний шомболзоод гараад ирэх учиртай хүү харин харагдахгүй байсан тул “Эрдэнэбат байгаа юм уу” гэж лавлахад охин нь “Байгаа байгаа. Гэрт тоглож байна” гэлээ. Оронгуут өөдөөс томоо гэгч сэнс хурд мэдэн эргэлдэж, сэрүү татуулах өрөөний баруун талын цонхон дээр М.Эрдэнэбат тоглож байв. Мань хүн гэрээсээ баахан тоглоом нааш нь зөөсөн бололтой.
Яагаад ч юм энэ удаа хүү жаахан бишүүрхээд байх шиг санагдсан тул “Юу хийж амарч байна даа”, “Ерөөд өвөө, эмээ дээрээ байхгүй, яагаад ийм хурдан ирсэн юм бэ”, “Аав, ээжийгээ санаж байна уу” гэх зэргээр элдэв асуулт ар араас нь угсруулан, яриа өдөхийг хичээлээ.
Гэвч тэрбээр ганц хоёрхон үгээр хариулахаас хэтэрсэнгүй. “Манайхан чинь энэ зун цөмөөр цөмөөрөө байхгүй, яачихаав дээ” гээд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ярьсан тухай авга эгчээс нь дуулаад, есөн настай эрх шар хүүг өрөвдлөө.
М.ЭРДЭНЭБАТЫГ УЙДААХГҮЙН ТУЛД АВГА НАР НЬ ХИЧЭЭЖ БАЙНА
Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Мөнхжанцан Афганистан улсыг зорьсноос хойш гурван сар шахам хугацаа өнгөрчээ. Хүний амьдрал л болсон хойно аавын эзгүйд энэ гэр бүлд баяртай, гунигтай, сайн, саар элдэв зүйл бишгүй тохиолдсоныг тухай бүрт нь реалити сурвалжилгаараа хүргэсэн билээ.
Арав гаруй хоногийн өмнө дунд охин М.Номин-Эрдэнэ нь гүн түлэгдлийн дараах мэс засалд орохоор ээжтэйгээ БНСУ-ыг зорьсон бол том охин М.Анхцэцэг нь Хүндийг өргөлтийн холбооны тамирчидтайгаа Төрхурахын аманд бэлтгэлд гараад буй. Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн гэргий Д.Мөнхчимэг явахаасаа өмнө хоёр багыгаа Сэлэнгэ аймгийн Ерөө суманд амьдардаг аав, ээж дээрээ үлдээсэн ч М.Оюу-Эрдэнэ удалгүй хотод ирж, Анхаа эгчтэйгээ хамт бэлтгэлд гарсан юм.
Ингээд отгон хүү М.Эрдэнэбат нь Ерөөд хэсэг байгаад, гэрийнхнээ санасандаа тэсэлгүй нааш зүглэжээ. Хэдийгээр аав нь Афганистанд, ээж, эгч хоёр нь Солонгост, Анхаа, Оюука аниа нар нь уулын бэлтгэлд гараад бүгд эзгүй байгаа ч хотод эмээгийндээ, гэртэйгээ ойрхон байх нь хүүд их таатай буй гэнэ.
“Гэр нь ойрхон болохоор өдөр бүр ирж, очоод амар байх шиг байна. Хүү минь гэр рүүгээ очоод ирэхээрээ бөөн хөл хөөрцөг болчихдог юм” хэмээн эмээ нь хуучлав.
М.Эрдэнэбатын уйдааг гаргаж, саатуулахын тулд эмээ, авга ах, эгч нар нь янз янзаар л оролдож байгаа аж. Уржигдар тэд Баруун салаанд байх зуслан руу явцгаасан бол түүний урд өдөр хүүг Үндэсний соёл амралтын хүрээлэнд баахан тоглуулжээ.
“ЭРҮҮЛ САРУУЛ БАЙГАА НЬ ЯАХ ВЭ, ӨВЧТЭЙ ОХИНДОО Л ИЛҮҮ САНАА ЗОВОХ ЮМ”
М.Эрдэнэбат хар нялхаасаа авга эмээтэй гээ ойр өсчээ. Аав, ээжийгээ Дорнодын цэргийн ангид зургаан жил ажиллах үеэр хүү төрсөн учраас эмээ нь М.Эрдэнэбатыг харж хандах гэж тэр хооронд онгоцоор нааш цааш байнга явдаг байж. Ингэхгүй байхын аргагүй учир шалтгаан ч бас тэр үед байсан гэдэг.
2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар яваад осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний ослын тухай дуулаагүй монгол хүн байхгүй болов уу. Уг ослоор харамсалтайгаар амиа алдсан 15 хүний дунд Ч.Мөнхжанцангийн том ах Ч.Гантөмөр байжээ. “Ми-8” нисдэг тэрэгний борт механикчаар ажиллаж байсан хүү нь түймэр унтраахаар яваад амь эрсэдсэнийг дуулах эх хүнд ямар байх нь ойлгомжтой.
Нас сүүдэр хэдийнэ 86 хүрсэн Д.Долгорсүрэн гуай “Эх нутгийнхаа төлөө шүү гэж бодсон ч эхийн сэтгэл гэдэг цагаа тулахаар харам юм билээ. Урт наслах нэг бодлын дэмий юм. Үзэх, үзэхгүй юм ихийг тууллаа” хэмээгээд хоолой зангируулав.
Энэ мөчид буурай яг л жаахан хүүхэд шиг хормойгоороо оролдон доош нугдайж, аньсага чийгтүүлэх нь өр өвдөм. Том хүүгээ тэгж ослоор алдсанаас хойш яг жилийн дараа ач хүү М.Эрдэнэбат нь төрсөн болохоор түүндээ амь байхаас ч аргагүй биз. Нэгийг нь санаж бэтгэрсэн эхийн сэтгэлийг нөгөө шинэ хүн дэвтээж өгчээ.
Гурван сарын өмнө Афганистан руу отгон хүүгээ үдэж өгснөөр энэ буурайгийн хувьд цаг хугацаа зогссон гэхэд болно. Хэзээ эцэс болох нь тодорхойгүй чилийсэн урт хүлээлтийн тухай өмнө нь очиход ярьж байсан, сая бас л тэгсэн. Гэхдээ энэ удаа бас нэг хүлээхийн “зовлон” нэмэгдсэн нь Солонгос руу эмчил
гээнд явсан хоёрынхоо төлөөх зовинол аж. “Эрүүл саруул, үүргээ гүйцэтгэж яваа хүү ч яах вэ. Өвчтэй охиноо харь хол хүний нутагт яаж яваа бол гэж бодохоос заримдаа шөнө нойр хүрэхгүй юм. Хаашаа л харна, таньж мэдэхгүй, хэл нэвтрэлцэхгүй хүмүүсийн дунд муу хоёр охин минь яажшуухан байдаг юм бол доо” хэмээн эмээ сэтгэлээ уудалсан билээ.
М.НОМИН-ЭРДЭНИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ САЙН ГАРЧЭЭ
БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт мэс засалд орохоор явсан М.Номин-Эрдэнэ ээжийнхээ хамт очсон өдөртөө эмнэлэгт хэвтсэн билээ. Төлөвлөгөө ёсоор бол охин энэ сарын 22-нд мэс засалд орох байсан ч гүн түлэгдлийн улмаас охины уушги өвчилсөн нь хагалгаа хийхэд хүндрэл учруулна гэж тус эмнэлгийнхэн мэдэгдсэнийг ээж Д.Мөнхчимэг нь бидэнд дуулгасан юм.
М.Номин-Эрдэнийг Сөүлийн их сургуулийн харьяа эмнэлэгт уушгины эмгэгийн нарийвчилсан шинжилгээ өгч, зохих эмчилгээ хийлгэсний дараа эргэн ирэхийг солонгос эмч нар зөвлөөд байв. Харин өчигдөр Сөүлийн их сургуулийн харьяа эмнэлэгт үзүүлэхэд охины уушгийг мэс засалд ороход аюулгүй гэсэн хариу өгчээ.
Тиймээс тэд өнөөдөр “Ханган сү” эмнэлэгт буцаж очих аж. Тэгэхээр Номиог удахгүй хүсэн хүлээсэн мэс засалдаа орно хэмээн найдаж болохоор болжээ. Энэ баярт мэдээг алс хол үүрэг гүйцэтгэж буй аав нь дуулаад хэчнээн их баярлах бол...
Ч.Мөнхжанцан дэд хурандаад болон уншигчдадаа дуулгах бас нэг баярт мэдээ байна. Саяхан болж өнгөрсөн Хүндийг өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түүний отгон охин М.Оюу-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.
Хүндийг өргөлтийн залуучуудын болон оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг эгчээсээ үлгэрлэн Номио, Оюука хоёр болон авга эгчийнх нь охин хүртэл энэ спортоор хичээллэсэн гэдэг. Саяны тэмцээнд авга эгчийнх нь охин О.Төгс-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн аж.