Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль “түүхэн” зүйл олонтой болж байна. Түүхэндээ анх удаа иргэд итгэлтэй сонгох хүнгүй эргэлзлээ. 18 мянга гаруй хүн хар машинд цагаан хуудас уншуулж, “Сонгох хүн алга” гэдгээ илэрхийлсэн нь ч рекорд эвдсэн үзүүлэлт болов.
Мөн гуравдагч хүчнээс нэр дэвшсэн хүн анх удаа сонгогчдын 30 хувийн санал авлаа. Сонгогчдын санал гурван тийш, өндөр хувиар хуваагдсанаас үүдэн анхан шатны сонгуулийн дүнгээр 50+1 хувийн босго давах нэр дэвшигч тодорсонгүй. Тиймээс түүхэндээ анх удаа дахин санал хураах гэж байна.
Хамгийн олон санал авсан АН, МАН-ын нэр дэвшигчээс нэгийг нь сонгоно. СЕХ ч бас анх удаа сонгуулийг ажлын бус, амралтын өдөр товлож гайхашруулав. Гэхдээ олон нийт, бас АН-ынхны шаардлагыг тэд хүлээн авч, “дундын хувилбар” сонголоо.
Нэгэнт нөхцөл байдал ийм болсон хойно хоёр нэр дэвшигчийн дунд санал дахин хурааж, Төрийн тэргүүнээ тодруулна. Гагцхүү наадам тааруулж санал хураахаар товлосон нь л асуудал болоод байлаа. Нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн 50+1 хувь нь саналаа өгч байж уг сонгууль хүчинтэй болох учраас тэр.
АМРАЛТ УУ, СОНГУУЛЬ УУ
Долдугаар сарын 9-нийг сонгосныг шүүмжлэх хүн олон байв. Улсын баяр наадмаар таван өдөр амраадаг шийдвэр Засгийн газраас гаргаад дөрвөн жил болж буй. Тиймээс энэ жил монголчууд долдугаар сарын 10-наас 17 хүртэл амарна. Олон хоногийн амралтаар агаар салхинд гарах, хөдөө явахыг хэн хүнгүй хүсдэг.
Эртнээс ингэж төлөвлөсөн хүн олон. Гэтэл бүтэн сайн өдөр нь дахин санал хураалт зарлачихсан байдаг. Төлөвлөснөө хойшлуулж, Төрийн тэргүүнээ сонгохыг илүүд үзэх идэвхтэй сонгогч хэр олон бол. Мөн долдугаар сарын 8-наас аймгуудын наадам эхэлж буй юм билээ. Уяачид, бөхчүүд, нутгийнхаа наадмыг үзэх гэсэн хүмүүс “нүүгээд” явчихна.
Тиймээс хүмүүс амрах уу, сонгуульдаа оролцох уу гэсэн сонголт хийхэд хүрсэн. Ийм үед санал хураах гэж байгааг АН-ынхан “Наадам тааруулж санал будлиантуулах, эсвэл ирц хүргэхгүйгээр сонгуулийг хүчингүй болгох нь” гэж хардаж буйгаа илэрхийлсэн. Тиймээс долдугаар сарын 5, 6-ны аль нэг ажлын өдөр санал хураах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн билээ.
Харин МАН хугацаанд ч, ирцэнд ч санаа зовсонгүй. “Хуулиар заасны дагуу л товлож байгаа шүү дээ” гэсхийгээд сууж буй. Энэ нь сонгуулийг хүчингүй болгож, дахин зарлах сонирхолтой байна гэж тэднийг хардахад хүргэсэн юм. Тэгвэл СЕХ өчигдөр хуралдаад дахин санал хураах товыг баасан гаригт буюу долдугаар сарын 7-нд болголоо.
Хэдийгээр товыг ажлын өдөр болгон наашлуулсан ч баасан гаригийг сонгосон нь бас л будлиантай. Санал авах өдөр бүх нийтээр амарч, сонгох эрхээ эдлэх боломжоор хангадаг. Амрах өдрийн тоог л нэмээд өгчихлөө гэсэн үг. Үүнийг “далимдуулах” хүн цөөнгүй гарах болов уу. Бүтэн сайнд биш, баасан гаригийг амралтын өдөр болголоо гээд ирцэнд хэр нөлөөлөх бол. Гэхдээ сонгогчдын ухамсар мэднэ.
МӨНГӨ БА ЦАГААН ХУУДАС
Дахин санал хураахад ирцээс гадна сонголтгүй хүмүүсийн асуудал босож ирнэ. 18 мянга гаруй хүн хоосон саналын хуудас өгсөн нь нэгийг хэлж буй биз ээ. Фэйсбүүкт энэ байр суурийг дэмжигчдийн групп хүртэл нээсэн байна лээ. Залуус дунд “Хуудсыг хоосон өгөөд дахин сонгууль явуулъя. Нэр дэвшигчдийг солъё” гэсэн уриалга нэлээд гарч буй.
Ийм байр суурьтай хүн олширвол нэг нэр дэвшигч 50+1 хувийн санал авах магадлал буурна. Улс төрийн намууд энэ удаа үнэхээр хэцүү “тулгалт” хийсэн нь болж өнгөрсөн үйл явцаас харагдаж байгаа. Гэвч улсын эдийн засаг хямарсан үед дахин олон тэрбум төгрөг сонгуульд зориулж, зунжин улстөржих хэрэг байна уу.
Анхан шатны сонгуульд улсын төсвөөс 14.9 тэрбум төгрөг зарцуулсан. Одоо санал дахин хураахад 7.2 тэрбум төгрөг нэмж гаргах хэрэгтэй боллоо. Тиймээс санал дахин хураахад сонгогчдын ирц, эсвэл нэр дэвшигчийн авах санал 51 хувьд хүрэхгүй бол 22 тэрбум төгрөг салхинд дэмий хийснэ. Хэчнээн цэцэрлэг, сургууль барих мөнгө билээ. Сонгууль дахих тусам иргэдийн оролцоо, идэвх буурна, зарцуулах мөнгө нэмэгдэнэ.
Ирэх сарын 9-ний өдөр сонгууль явуулаад 10-нд дүнгээ эцэслэж амжихгүй бол энэ жилийн наадмыг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээх байв. Төрийн тэргүүнээр найман жил ажилласан түүнд ес дэх удаагаа наадам нээх аз тохиох нь хэмээн яриад амжсан юм. Тэгвэл наадмыг шинэ, хуучин Ерөнхийлөгчийн хэн нь нээх вэ гэдэг нь одоо сонгогч та, биднээс хамаарна.
Долдугаар сарын 7-нд санал дахин хураах болсон учраас Улсын баяр наадмыг шинэ Ерөнхийлөгч анх удаа нээх боломж бүрдлээ. Гагцхүү иргэд бид сонгуульдаа идэвхтэй оролцож, “оноож” өгсөн хоёр нэр дэвшигчээс арай дээр гэснийгээ сонгох л үлдэж байна. Ингэвэл баяр наадмын өмнө сонгууль дуусаж, 2020 он хүртэл улстөржилтөөс ангид амьдарч чадах нь. Та бүхний идэвх сайн, сонголт мэргэн байх болтугай.