Их эзэн Чингис хаан, түүний үр хойчис Хубилай тэргүүтэй хаадын байгуулсан том гүрэн задарснаас хойш монголчууд дэлхийн дайдад цацагдан тасарсан билээ. Гэвч бүгд л Монгол гэсэн нэгэн нэрийн дор харьяат улсынхаа бүрэлдэхүүнд багтан амьдарч буй.
Нэр нэгтэй ч торон хилээр тусгаарлагдан аж төрсөөр олон жил болж буй ар, өвөр Монголын сэтгүүлчид ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд ганзага, сэтгэл нийлэн 10 хоногийн турш аялсан тэмдэглэлээ уншигчдадаа хоёр цуврал болгон хүргэсэн.
Доор өгүүлэх цувралаараа өмнөд монголчууд маань ардын аж ахуй, аялал жуулчлалыг хэрхэн хослуулан хөгжүүлж, халуун дулаан паартай байшинд тохь тухтай амьдарч буй талаар сонирхуулъя.
ЭНХ ЦАГТ ИХ ХЯНГАНЫ НУРУУНД АЯЛСАН МИНЬ
Тэртээ 70 гаруй жилийн өмнө Монгол ардын хувьсгалт цэргүүд Зөвлөлтийн дайчидтай хамтран Японы булаан эзлэгчдээс өвөрмонголчуудаа чөлөөлөн, Дэлхийн II дайны галыг бүрмөсөн унтраахаар Их Хянганы уулсыг даван зүтгэж байсныг түүх мартаагүй. Тэгвэл энх цагт энэ их нурууны нэгээхэн хэсгийг зорих боломж дээрх аяллын үеэр тохиосон юм.
Тэнд зочилж явахдаа монголчууд бид өвөрлөгчдөөсөө сурах зүйл их байгааг анзаарлаа. Төр засгийнх нь зүгээс ч маш их дэмжлэг үзүүлж, жуулчдын ая тухтай амрах боломжоор хангахыг зорьж байх юм. Харин манайд өнөөдөр байдал ямар байгаа билээ, уншигч, аялал жуулчлалын бизнес эрхлэгч хэн бүхэн тунгаана биз.
Хянганы уулсын урд үзүүр ӨМӨЗО-ы Улаанхад хотын Хишигтэн хошуунд хүрдэг аж. Хишигтэний нутаг ой хөвчтэй, манай улсын Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтийтэй ойролцоо уулс нь сүрээ, ус нь толиогоо гайхуулсан нутаг байв. Үзэсгэлэнт байгалиа тордоод, зам харилцаагаа сайжруулан Хишигтэн хошуу аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлого барьж буй юм билээ.
ЮНЕСКО ч ӨМӨЗО-ы Хишигтэн хошууг бүхэлд нь “Дэлхийн газарзүйн үзэсгэлэнт газар” хэмээн бүртгэж авсан байна. Түүний нэг хэсэг болсон Асгат хадыг бид зорьсон юм. Дээрх хошууны нутагт битүү ногоон хөвчийн дунд тархан байрласан найман хэсэг сонин содон хадан тогтоцоос Асгат хадны байгалийн үзэсгэлэнт газар бүрддэг аж.
Өдгөө энэ байгалийн үзэсгэлэнт газрыг Хятадын тавдугаар дэсийн (манайхаар таван одтой бүс) аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, хурдны зам тавьж, уулын бэлд дээд зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээний газар, байгалийн тогтоцтой хэсэг рүүгээ алхахад зориулан модон зам, шат, тавцан барьж байв. Түүгээр ч зогсохгүй ариун цэврийн байгууламжаа асга хад шигээ өнгө, хэлбэртэй бүтээжээ.
Миний унасан газар, угаасан ус бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Манай сумын хойд хэсэгт байгалийн үзэсгэлэнт Хангал, Шилийн нуур оршдог, тэндээс холгүй Ар халхын Утай Гүмбүм гэгдэх Балдан Бэрээвэн хийд ч байдаг. Сум, аймаг, улс дэмжээд өгвөл аялал жуулчлалын томоохон бүс нутаг болгоод ӨМӨЗО-ы Хишигтэн хошууны Асгат хадны байгалийн цогцолбор газрын дайтай хөгжүүлэхэд яагаад болохгүй гэж. Тэнд явж байхад төрсөн бодол минь энэ.
Хянганы нурууны дээрх үзэсгэлэнт газарт хэд хэдэн киноны зураг авсан бөгөөд монголчуудад олон жилийн өмнө танил болсон “Хуан жу гэг”, “Чонон сүлд” зэрэг киноны зургийг тэнд авч байжээ. Энэ хошууг Хишигтэн гэж нэрлэх болсон нь Чингис хааны хишигтэн цэргүүдийн зуслангийн газар байсан гэсэн түүхтэй холбоотой талаар орон нутгийн удирдлага нь бидэнд тайлбарлаж байлаа.
Энэ хошууны аялал жуулчлалын өөр нэг брэнд нь Далай нуур. Нутгийнхан Далай гэж нэрлэж буй ч дал шиг хэлбэртэй болохоор Дал нуур хэмээн нэрийдэж, сунжирсаар далай болсон хэмээн хөтөч бүсгүй тайлбарлаж байсан. Энэ нуурыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр дархан цаазтай бүс болгосон бөгөөд Хятадын гурав, ӨМӨЗО-ы хоёр дахь том нуур аж.
Тэнд 162 төрлийн жигүүртэн сэлж, буудалладаг бол шувууд буцах намар цагаар 60 мянга орчим хун тэнд цуглардаг гэнэ. Үүгээрээ манай Ганга нууртай ойролцоо аж. 240 ам км талбайтай энэ нуураас загасны аж ахуй ч эрхэлж байна. Моторт завиар ч зугаалуулан ашиг олох юм. Хянганы нурууны сав газарт аялал жуулчлалыг ийнхүү хөгжүүлж байна.
МАЛАА ЭРҮҮЛЖҮҮЛЖ, МАХАА ЭКСПОРТЛОХ БОЛОМЖОО БИД АЛДАХ НЬ
10 хоногийн аялал шувтрах дөхөхөд бид ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт аяны дөрөө мулталлаа. Манай улстай хил залгаа энэ аймаг Эрээнээс 340 км-ын цаана оршдог. Тус аймаг 180.000 ам км бэлчээрийн талбайтай агаад малчид нь бэлчээрээ хашиж аван тэндээ малаа бэлчээх юм билээ. Малчдын бэлчээрийн талбайг (нутгийнхны хэлээр малжлын талбай) хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэхэд зориулж төр засгаас нь багагүй хөрөнгө мөнгөөр дэмжсэн байх юм.
Тухайлбал, 130 гэр бүлийг 1.3 сая юаниар дэмжсэнээр малчин өрхийн тоо эрс нэмэгджээ. Малчдын амьжиргааны гол эх үүсвэр бол мал, мах. Манай ченжүүд малчдын хотонд очиж малыг нь хямд үнээр аваад, хотод авчран 1-2 дахин нугалж зардаг. 60 сая малтай атлаа өндөр үнэтэй мах хэрэглэдэг ард түмэн шүү дээ, бид. Харин өмнөд монголчуудын маань мал, махыг хотонд нь очоод худалдаж авдаггүй юм байна.
Энэ нь малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байсан ч “Гранд фарм” хэмээх мах боловсруулах үйлдвэр тэнд үйл ажиллагаа явуулж эхэлснээр мал, махаа борлуулах шинэ үүд хаалга, зах зээл бий болжээ. Тус үйлдвэрийн дэд заxирал Ю Зон Зэн “Ази тив дэx хамгийн том үйлдвэр болно. Одоогоор барилга байгууламжийн тал xэсэг нь л баригдсан.
Барьж байхдаа үйлдвэрийн шугамаа суурилуулаад явсан болоxоор xонины маx боловсруулаx эxний xэсэг нь 2016 оны есдүгээр сард бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн” хэмээж байв. Манайхан ийм үйлдвэр барьж ашиглалтад оруулбал дэлхийн зах зээлээс овоо хэдэн ам.доллар татах санж.
Эл үйлдвэрийн xонины маx боловсруулах шугам өдөрт 10 мянган xонь гаргаx xүчин чадалтай юм байна. Энэ үйлдвэр малын амьсгалаас бусдыг ашигладаг, бүрэн автомат, орчин үеийн үйлдвэр гэдгээрээ онцлогтой аж. Малын ялгадсаар ойр орчмынхоо мод, өвс ургамлыг бордчихно, гэдэс дотрыг нь боловсруулан савлаж, махаа янз бүрийн хэлбэр, хэмжээтэйгээр бэлтгэн ресторан, дэлгүүр, айл өрхөд хүргэх юм билээ.
Маx боловсруулах үйлдвэрүүдэд малын арьсыг өвчиx үед маxанд нь үс хялгас наалдаж үлддэг. Түүнийг нь усаар угааж цэвэрлэдгээс шалтгаалан үйлдвэрийн мах амтгүй болдог. Тэгвэл энэ үйлдвэрт маханд наалдсан үс хялгасыг сорж авах шинэ теxнологи нэвтрүүлсэн байв. Түүнээс гадна агааржуулалтын шинэ технологийг үйлдвэрийнхэн өөрсдөө бий болгосон гэдгээ бидэнд сонирхуулж байлаа.
“Агааргүй орчинд ажиллагсад агааржуулалтын системээс үүдэлтэй уушигны өвчин тусаx магадлал өндөр байдаг. Манай үйлдвэрт 2000-5000 xүн ажилладаг болоxоор тэдний ирээдүйг бодож, үйлдвэрээ байгуулахдаа агааржуулалтын системийг xүний биед xоргүй өндөр теxнологиор xийсэн. Дэлxийд ийм хамгаалалттай агааржуулалтын систем зөвxөн манайд бий” xэмээн заxирал гайхуулж байлаа.
Тус үйлдвэрт малчид малаа ачиж ирмэгцээ шууд тушаачихдаггүй юм байна. Аяншиж ядарсан малын жин нь багасдаг учраас нэг хоног өвс, усаар тэжээж, маргааш нь жинлэн, малын эмчийн үзлэгээр оруулаад үйлдвэрийн шугамд оруулдаг аж. Ингээд нядалсны дараа арьсыг нь эздэд нь буцаан өгдөг аж. Эзэд нь арьс ширээ өөр үйлдвэрт тушаагаад шатахууны мөнгөө гаргаад авчихдаг юм билээ.
Биднийг тус үйлдвэртэй танилцаж байхад Баруун Үзэмчин xошууны нэг малчин 53 xонио тушаан, тооцоогоо хийж байсан юм. Өмнөх өдөр нь ирсэн тэрбээр энэ хугацаанд тус үйлдвэрийн зочид буудалд үнэ төлбөргүй байрлаж, өдөрт гурван удаа үнэгүй хоол зооглон, амралтын өрөөнд нь биллъярд, теннис тоглосон шиг өнгөрөөжээ. Тус үйлдвэрт малаа тушаахаар ирсэн бүх малчид ийнхүү тухлах боломжтой аж.
Үйлдвэрийн барилгыг нь хуучин уурхайн суурин дээр барьсан бөгөөд түүнийг мод суулган ногооруулж байв. Харин мах боловсруулах байрныхаа гадна ямар ч мод, ургамал, суулгаагүй, битүү хайрга асгасан нь ялаа, элдэв шавьжаас хамгаалсан шинэлэг санаа байлаа.
ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ИРНЭ
Зам дагаж хөгжил ирнэ гэдгийг өмнөд Монголын ах дүүс маань тод харуулах юм. Манайхан зам барина гэж ёстой “гурилддаг” юм байна. Зуны урин дулаан цаг болоод ч тэр үү, Өвөрмонголын талд замын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Тэд 40-50 см-ийн зузаан бетон эхэлж цутгаад, түүнийгээ хаттал бүтээж орхидог юм байна. Дараа нь 10 см-ээс илүү зузаан асфальт дэвсэх юм билээ. Харин манайхан яадаг билээ. Замын зузаан нь ямар байгаа билээ. Энд дурсаад ч хэрэггүй байх.
Малчдынхаа хотонд хүрдэг зам нь манай улсын хот хоорондын зам шиг байна гээд бод доо. Цэвдэгтэй газар байвал эхэлж ухаж, хатаахын зэрэгцээ бетон суурь тавьж байх юм. Ийм замын насжилт, эдэлгээ чанартай байхаас аргагүй. Манайхан замд төсөвлөсөн мөнгөнөөс нь халаасалчихаад, хятадууд хэл ам хийхээр “Зүгээр ээ” гээд амыг нь тагладаг гэдэг. Урд хөршид тавьж буй зам, тэмдэг тэмдэглэгээний ажлаас манайхан ихийг сурахаар юм билээ.
Хот төлөвлөлтөөсөө өмнө замаа тавьчихаад түүндээ нийцүүлэн барилгаа барьж, дэргэдээ заавал ногоон байгууламж бий болгох нь ёс мэт. Эрээнийг манайхан Замын-Үүдтэй харьцуулдаг шүү дээ. Төлөвлөлттэй хөгжил, дураараа дургисан жилүүдийн нөхцөл байдлыг хилийн наана, цаанаас ийнхүү харж болно.