Сүүлийн үед галзуу өвчний тохиолдол эрс нэмэгджээ. Архангай аймагт үнэг, бор гөрөөс, хонь, Булганд үхэр, Говь-Алтайд сарлаг, Өвөрхангайд үнэг галзуурчээ.
Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн Захиргаа, төлөвлөлт, хүний нөөц, статистикийн албаны дарга, Галзуу өвчин хариуцсан багийн ахлагч Б.Амгаланбаяраас тодрууллаа.
-Галзуугийн өвчлөл 1-3 дугаар сард оргил үедээ хүрдэг гэсэн. Гэтэл өнгөрсөн онд гурав, дөрөвдүгээр сард ихэссэн байна. Хуурайшилт ихтэй, халуун үед галзуу өвчний тархалт нэмэгддэг гэв үү?
-Сүүлийн жилүүдэд мал, амьтны дунд галзуу өвчин нэмэгдэж байгаа нь үнэн. Үүнтэй холбоотой галзуугийн халдвар авсан хүний тоо нэмэгдэх болсон.
Энэ оны эхниий хагас жилийн байдлаар улсын хэмжээнд галзуурсан буюу галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн 100 тохиолдол бүртгэгдсэн. Тэдэнд цаг тухайд нь вакцин тарьж, эмчилгээнд хамруулан, хяналтад авсан.
-Энэ өвчний голомт хаагуур байдаг вэ. Голомттой газраар явахдаа юунд анхаарах хэрэгтэй бол?
-Манай улсын 21 аймаг, нийслэл орчимд мал, амьтны галзуу өвчин бүртгэгддэг байгалийн голомт бий. Энэ өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь галзуурсан болон ийм шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй мал амьтнаас хол байх.
Мөн галзуу өвчний халдвар авах эрсдэлтэй нөхцөлд байдаг малчид, анчид, байгаль хамгаалагчид, малын эмч нар, зэрлэг амьтадтай харьцдаг хүмүүс харьяа Зоонозын өвчин судлалын төв, эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан урьдчилан сэргийлэх тарилга хийлгээрэй.
Гэрийн тэжээвэр амьтдыг вакцинд хамруулахад орон нутгийн засаг захиргааны болон мал эмнэлгийн байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай.
-Галзуу өвчин хүнд халддаг. Үүнээс болж нас барсан тохиолдол гарсан уу?
-Галзуу өвчнийг өнөөг хүртэл төгс эмчлэх аргыг анагаах ухааны салбарынхан олоогүй байна. Ийм өвчтэй гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, шүлс нь хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд өвчин халдварлах эрсдэлтэй. Уг өвчнийг үүсгэгч вирус нь чоно, үнэг, хярс, нохой, муур зэрэг амьтны нэгээс нөгөөд дамжин халдварладаг.
Манай улсын хувьд зэрлэг амьтдаас таван хошуу малд халдвар тархаж, үүнээс хүнд халдварлах нөхцөл бүрдэж байгаа юм. 2013 онд Увс аймагт галзуурсан чононд хазуулсан нэг хүн нас барсан. Түүнээс хойш ийм тохиолдол гараагүй. Хэрэв галзуурсан амьтанд хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн бол тэр даруй шархыг цэвэрлэн ариутгаж, эмнэлэгт яаралтай хандан, вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулбал өвчлөхгүй байж болно.
Чоно, нохойн махыг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх нь зөв.
-Шүлхий, боом өвчин цөөнгүй гарч байна. Нөхцөл, байдал ямар байгаа вэ?
-Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 94 үхэр боомоор өвчилсөн. Үүний дагуу тухайн голомтод байгаа иргэдийг уг өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг тус аймгийн ЗӨСТ-өөр дамжуулан зохион байгуулж, эрсдэлийн үнэлгээ хийсэн. Мөн Завхан, Хэнтий аймагт шүлхий өвчин гараад байна.