Э.Эрдэнэцэцэг
Монгол хэмээх их “айл” түүхийн хуудаснаа хоёр тасарснаас хойш дөрвөн зууныг үджээ. Түүхийг бид дурсаж ярихаас өөрчилж үл чадна. Зөв, бурууг дэнслэх эрх ч бидэнд үгүй. Гэхдээ л гэх харуусал цээжний минь гүнд багтаж ядах ч түүх бол түүх.
Харин энэ “айл”-ын гал голомтыг цаашид бөхөөлгүй, хадгалж, хамгаалах үүрэг хилийн наана, цаана орших хэн бүхэнд бий. Гэтэл өөрийн гэж өмчилж чадах газар нутаг, тусгаар тогтносон эх оронтой, юу юунаас эрхэм эрх чөлөө бидэнд бий ч бид гадаадад амьдрахыг илүүд үзэж, харийн хэл сурахыг эрмэлзэн, өдрөөс өдөрт Монголоосоо холдож байгаа бол хүний эрхээр ч гэлээ харин тэд монгол ахуй, уламжлалаа “хадгалж”, хамгаалахын төлөө тэмцсээр.
Өмнө нь бид БНСУ-д байдаг монгол сургуулийн тухай сурвалжилсан бол энэ удаа БНХАУ-ын нийслэл Бээжинд үйл ажиллагаа явуулдаг, монгол хүүхдүүдэд зориулсан цорын ганц цэцэрлэгт зочиллоо. Хятад бол 56 үндэстэнтэй, 1.4 тэрбум орчим хүнтэй том гүрэн. Хүн амын олонх нь буюу 90 гаруй хувь нь хан үндэстэн бөгөөд үлдсэн нь жижиг үндэстэн.
Энд солонгос, орос, казах хүмүүс ч багтдаг. Үндэстэн бүр өөрийн соёл, уламжлал, түүхтэй. Гэхдээ тэднийг нэг л зүйл нэгтгэдэг. Энэ бол хятад хэл. Тэд хятад хэлээр хятад хүн шиг ярихыг эрмэлзэж, тэднээс дутахгүй боловсрол эзэмшихийг хүсдэг. Харин энэ урсгалыг сөрж байгаа хүмүүс бол гагцхүү өвөрмонголчууд, тэр дундаа “Нар монгол” цэцэрлэгийнхэн. Өдийгөөс долоон жилийн өмнө Бээжинд цэцэрлэг байтугай монгол гэх тодотголтой зүйлс цөөхөн байсан гэдэг.
Энэ үед эх хэлээ түгээн дэлгэрүүлэх, монгол ахуй, уламжлалыг таниулах, өв соёлоо хадгалах зорилго өвөртлөн “Нар монгол” цэцэрлэгийг байгуулжээ. Эрхлэгч Л.Наранговио нь өөрийн гэсэн цэцэрлэгтэй болохыг хүсдэг байсан ч яг иймийг байгуулна чинээ санасан нь үгүй. Гэтэл хэд хэдэн эцэг, эх монгол ахуй, уламжлалаа хадгалсан, хүүхдүүдэд монгол хэл заадаг цэцэрлэг байгуулахыг түүнд санал болгожээ.
Тэр ч бүү хэл цэцэрлэг нээсэн эхний өдөр л хүүхдээ дагуулаад очихоо мэдэгдэж. Тэрбээр энэ үгэнд урамшин, монголчууд хамгийн олноор амьдардаг Төвийн үндэстний их сургуулийн ойролцоо байр хайсан ч олдсонгүй. Харин цэцэрлэг байгуулах сургаар л түүнийг нэгэн ээж, хүүхэдтэйгээ харуулдах болж. Тиймээс түүнд буцах эрх байсангүй. Ингээд багагүй хугацаанд эрэл сурал болсны эцэст өнөөгийн байраа түрээслэн, 2010 оны аравдугаар сарын тэр нэгэн өдөр цэцэрлэгээ нээжээ.
Гуравхан хүүхэдтэйгээр хичээлээ эхэлсэн байна. Тэднийг цөөн гэж гололгүй харин ч тулгын гурван чулуу хэмээн бэлгэшээж байв. Өдгөө тус цэцэрлэг 2-6 насны 30 гаруй хүүхэдтэй. Хүүхдүүдийн нас харилцан адилгүй учраас манайх шиг бүлэг болгож хуваадаггүй, холимог насны нэг л ангитай. Орчин үеийн боловсролын тогтолцоо ч насны ангилалд төдийлөн ач холбогдол өгөхөө больсон.
Насны зөрүүтэй хүүхдүүд нөгөөгөөсөө суралцаж байдаг учраас энэ нь ч тэдний давуу тал биз. Энэ хугацаанд 60 орчим хүүхэд тус цэцэрлэгт хүмүүжжээ. Түрүүч нь сургуульд орсон ч гэлээ хичээлийнхээ зав зайгаар ирж, монгол хэлээ давтдаг хэвээрээ.
Л.Наранговио “Бээжин хотод найман муж газрын 100 мянга гаруй монгол хүн амьдарч байна. Гэтэл энд манайхаас өөр монгол хүүхдүүд хамрагддаг цэцэрлэг, сургууль бол бүр ч байдаггүй. Бичиг үсэг, монгол ахуй, соёлоо хойч үедээ уламжлуулахад улам бүр л хэцүү болж байна. Харин манай цэцэрлэгт монгол уламжлал, соёлдоо хайртай хүмүүс хүүхдээ хамруулдаг. Энэ хавийн байр Бээжиндээ үнэтэйд тооцогддог. Хүүхдээ манайд сургахын тулд хотын нэг захаас нөгөө зах руу нүүн ирж, байр түрээслэн амьдарч байгаа гэр бүл нэгээр тогтохгүй” гэв.
...“Бээжин хотод найман муж газрын 100 мянга гаруй монгол хүн амьдарч байна. Гэтэл энд манайхаас өөр монгол хүүхдүүд хамрагддаг цэцэрлэг, сургууль бол бүр ч байдаггүй. Бичиг үсэг, монгол ахуй, соёлоо хойч үедээ уламжлуулахад улам бүр л хэцүү болж байна. Харин манай цэцэрлэгт монгол уламжлал, соёлдоо хайртай хүмүүс хүүхдээ хамруулдаг. Энэ хавийн байр Бээжиндээ үнэтэйд тооцогддог. Хүүхдээ манайд сургахын тулд хотын нэг захаас нөгөө зах руу нүүн ирж, байр түрээслэн амьдарч байгаа гэр бүл нэгээр тогтохгүй” гэв...
Үндэстнийхээ соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж байгаа гэдгээрээ төрөөс дэмжлэг хүртэх боломж бий ч хараахан албан ёсны болж чадаагүй учраас тэрбээр бүх зүйлийг нуруун дээрээ үүрч яваа. Гэсэн ч 2020 оноос өмнө сургууль байгуулах зорилго тавин ажиллаж буй.
Эрх баригчдын бодлогын нөлөө, бас бус шалтгаанаар Бээжин гэлтгүй Өвөрмонголд монгол сургууль, цэцэрлэгийн тоо цөөрсөөр байхад ийн зорьж яваа түүгээр бахархахгүй байхын аргагүй. Цэцэрлэгийнхээ тоосго бүрийг тэр өрөөгүй ч түүнтэй дүйх их ажлыг хийж, цэцэрлэгээ өдий зэрэгт хүргэсэн. Эл цэцэрлэгт хүүхдээ сургахын тулд Хөх хот, Шилийн гол, Ордосоос ч ирдэг эцэг, эхчүүд бий гэсэн.
Ойр орчимд нь олон цэцэрлэг байдгаас би тус цэцэрлэгийг олох гэж багагүй будлисан. Харин хашаанд нь байх монгол гэрийг харснаар цэцэрлэгийг олсон юм. Хүүхэд байгаа газар хэзээд нам гүм байдаггүй хойно, тэд шуугилдацгааж, дууг нь давах гэж би ч хэрэндээ л хичээв. Хүүхдүүд монгол, хятадаар хольж ярьцгаана.
Б.Болормаа багш “Хятадаар ярихгүй шүү. Монголоор яриарай” гэснээр хүүхдүүд эх хэлээрээ ярих ч эргээд л хятадаар ярьж харагдана. Гэр барьсны учир нь тус цэцэрлэг долоо хоногт нэг өдрийг онцгойлон монгол ахуйтайгаа танилцуулдаг гэнэ. Энэ өдөр тэд гэртээ сүүтэй цайгаа ууж, монгол хоолоо идэн, алаг мэлхий өрөн тоглоцгоодог.
Мөн тус цэцэрлэгийнхэн жил бүрийн Цагаан сарыг угтан эцэг, эхчүүдэд юу сурсан, мэдсэнээ тайлагнан, урлагийн тоглолт хийдэг юм билээ. Энэ жилийн тухайд хүүхдүүд 10 гаруй ястан, үндэстний соёлыг харуулсан урлагийн тоглолт зохион байгуулсан бөгөөд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт оролцсоноороо онцлог болжээ.
Тус цэцэрлэгт охин нь гурав дахь жилдээ сурч буй Ч.Сувд Хянган аймгийнх. Бээжинд Төвийн үндэстний их сургуулийг төгссөнөөсөө хойш энд ажиллаж, амьдарч байгаа. Хүүхдээ монгол хэл сургах ганц л зорилгоор энэ цэцэрлэгт явуулж эхэлсэн. Тэрбээр “Миний хүүхэд монгол хэлээ сурч байгаа гэж бодохоор сэтгэл дүүрэн, сайхан байдаг юм. Багыгаа ирэх жилээс сургана.
Манай хүүхэд хятад цэцэрлэгт бас явдаг. Өөрөө байнга л наашаа тэмүүлж, энэ цэцэрлэгтээ явах дуртай” гэв. Хятад цэцэрлэгүүд хүүхдүүдийг сургуулиас дутахгүй даалгавраар дардаг гэнэ. Тийм ч учраас элдэв даалгавраар шахдаггүй монгол цэцэрлэгтээ хүүхдүүд ч явах дуртай. Боловсролтой болгох нэрээр бид ч заримдаа хүүхдийнхээ хүүхэд насыг “гээчихдэг” гэмтэй.
“Нар монгол” цэцэрлэгийн “эрдэнэ” нь Б.Болормаа багш. Боловсролын салбарт 20 жил ажилласан түүнд найз нь санал тавьснаар энд ажиллах болжээ. Анх хүүхдүүдтэй ойлголцохгүй, үгээ хэлдэг байсныгаа дурссан нь хоёр жилийн өмнө аж. Одоо бол хүүхдүүд түүний үгийг торох зүйлгүй ойлгоно. Үгүй юм аа гэхэд нэг нь нөгөөдөө орчуулаад өгчих жишээтэй. Цэвэр халх аялгаар ярьдаг хүүхэд ч бий гэдгийг онцолсон.
Тэрбээр хүүхдүүдэд монгол хэлийг дуу, хөгжим, шүлэг, ерөөл, магтаал, үлгэрээр дамжуулан заадаг. Өөрөө дуу хөгжмийн багш мэргэжилтэй нь түүний давуу тал. Цэцэрлэг албан ёсны зөвшөөрлөө аваагүй байгаа учраас тэрбээр мөн ажиллах визгүй. Тиймээс сард нэг удаа хилээ зорьж, тугаа тойрон, эх нутгийнхаа салхийг үнэрлээд ирдэгтээ ч дуртай. Ар Монголоос ирсэн багш хичээл заадаг гээд тус цэцэрлэг өвөрмонголчуудын дунд зэгсэн нэр хүндтэй.
Бээжинд ажиллаж, амьдардаг манайхан ч заримдаа хүүхдээ авчирдаг юм билээ. “Өвөрмонгол хүмүүс монгол хэл, өв соёлыг хадгалж үлдэхийн тулд их тэмцдэг. Манай цэцэрлэгийг эрж хайгаад л хүүхдээ авчирна. Монгол хэлтэй хүн ажилладагт олзуурхдаг. Эцэг, эхчүүд талархлаа илэрхийлж, хүүхдүүдээ төгстөл ажиллахыг гуйдаг.
Монгол хэлээ сайн мэддэггүй томчууд хүртэл хүүхдээрээ дамжуулан хэл сурч байна. Миний хийсэн, заасан бүхэн эцэг, эхчүүдэд таалагддаг. Ажиллахад урамтай, сайхан байдаг” хэмээн Б.Болормаа багш ярив. Тэрбээр мөн дуу, бишгүүр хөгжмийн дугуйлан хичээллүүлдэг.
Ийн биднийг ярилцах зуур хүүхдүүд тараг ууж, төд удалгүй унтах цаг нь болцгоож, би ч тэндээс явсан юм. Бид Монголоосоо холдож, тэд харин Монголоо хүссээр л.