Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц, саналын дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос нэгтгэн танилцуулсны дараа улс төрийн намууд, нэр дэвшигчдийн зүгээс ээлж дараалан мэдээлэл хийлээ.
Сонгуулийн төв байгууллагаас дахин санал хураалтад оролцох “эрх” авсан МАН-ын нэр дэвшигч МАХН-ынхаас арав орчим мянган саналаар хоцорч байсан ч илүүрхсэн талаар тэд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн.
МАХН болон АН-ынхан сонгуулийн дүнд эргэлзэж буйгаа илэрхийлсэн бол МАН дээрх дүнг шалгаж, эргэлзээг арилгах ёстой гэж байлаа.
М.ЭНХБОЛД: МАХН-ТАЙ ХАМТРАХ ТАЛААР ЯРИЛЦСАН ЗҮЙЛ АЛГА
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд намын зарим удирдлагын хамт сонгуулийн үр дүн болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрт нь итгэл хүлээлгэж, илт давуу ялалт байгуулсан арван аймаг, Багахангай дүүргийн иргэд сонгогчид, намын ухуулагч, ажилтнуудад талархсанаа илэрхийлээд, “Хэдийгээр Сонгуулийн дүн эцэслэн гараагүй ч би улс орноо эдийн засгийн хүнд, хямралтай байдлаас гаргах талд ажиллахад хэзээд бэлэн байх болно” гэв.
Мөн “Сонгуулийн сурталчилгаа эхлэх үед миний бие өрсөлдөгч хоёр нэр дэвшигчдээ алд цэнхэр хадаг барьж, төрт ёсны сонгуульдаа эвтэй оролцох талаар уриалсан. Харамсалтай нь, өрсөлдөгчид маань орон нутагт тэрбумаар нь мөнгө тарааж, гадаадын улс орноос их хэмжээний мөнгөн хандив авч, сонгуульд оролцсон” гээд өөрийг нь газрын наймаачин, “60 тэрбумын хэрэг”-ээр гүтгэн доромжлоход халз мэтгэлцээний үеэр хангалттай тайлбар хийсэн хэмээв.
Харин өрсөлдөгчдийн зүгээс өөрийг нь, МАН-ыг санал луйвардсан хэмээн мэдэгдэж буй тухайд “Шат шатны сонгуулийн дараа МАН руу дайрдаг. Манай нам аль ч сонгуулийн үед улс төрийн соёлтой ажиллаж ирсэн. МАН руу “Буруу л бол баруун хойд хар овоохой” гэдэг шиг бүх бурууг түлхэх оролдлого хийж байна. Баруун хойд аймгуудын саналыг луйвардсан мэтээр МАХН-аас мэдээлсэн.
Сонгуулийн ерөнхий хороо уг асуудлыг шалгаж эргэлзээг нь тайлах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн дараа автомат төхөөрөмжийн дүнг бүгдийг нь давхар гараар тоолох саналыг манай нам УИХ-д цөөнх байхдаа гаргаж байсан. Гэтэл эрх баригчид олонхоороо түрээд 50 хувьд нь хяналтын тооллого хийхээр болсон. Хардаж буй асуудлыг МАН хамтарч шалгахад бэлэн байна” гэв.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Санал хураалт явуулсан өдрийн 23.30 цагийн байдлаар буюу дүн эцэслэж гараагүй байхад МАН, МАХН-ын нэр дэвшигчдийн саналын зөрүү арав орчим мянга байсан. СЕХ дүнгийн талаар анхны мэдээлэл хийх үед 290 гаруй хэсгийн хорооноос дүнгийн мэдээлэл ирээгүй байсан” гэж байлаа.
Мөн ирэх сарын 9-нд дахин санал хураахаар товлосон СЕХ-ны шийдвэрийг цааргалахгүйгээ мэдэгдээд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалав. Харин дахин санал хураалтад МАН болон МАХН хамтарч, бие биенээ дэмжиж оролцох талаар ярилцсан, эсэхийг сонирхоход “Одоогоор энэ талаар ярилцсан зүйл” алга гэлээ.
ДАХИН САНАЛ ХУРААЛТЫГ АЖЛЫН ӨДӨР ЯВУУЛАХЫГ ШААРДЛАА
АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын сонгуулийн ерөнхий менежер Я.Санжмятав, нэр дэвшигч Х.Баттулга нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд уг сонгууль тэгш бус, хүнд нөхцөлд болсныг онцлоод, хэдий тийм боловч АН-ын нэр дэвшигч өрсөлдөгчөөсөө 110 мянган саналаар илүүрхлээ гэв. АН-ын дарга С.Эрдэнэ “1.3 сая гаруй сонгогчийн 40 орчим хувь буюу 517 мянга нь манай нэр дэвшигч Х.Баттулгад саналаа өгсөн. Санал өгсөн сонгогчдодоо баярлалаа.
Та бүхний сонголт Монгол орны хувь заяа, ирээдүйн сайн сайхан, тусгаар тогтнолын төлөө байлаа. Эрх баригчид төрийн эрхийг хууль бусаар ашиглаж, сонгуулийн дүнг будлиантуулах, өрсөлдөгч намдаа дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх, санхүүгийн дотоод үйл ажиллагаанд хүндрэл учруулах алхам хийлээ.
Сонгуулийн дүн шударга болсон гэдэгт эргэлзэж байгаа. Сүүлдээ цөөн тооны хэсгийн дүнг зориуд, үгүй нь мэдэгдэхгүйгээр барьж, эрх баригч намын нэр дэвшигчийн санал хурдтай өссөн. Нөгөө хоёр хүний санал маш удаан нэмэгдсэн. Үүнээс харахад зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан гэж хэлэхэд болохоор байна” гэв. Хууль бус олон үйлдэл гарсныг холбогдох байгууллагаар тэд шалгуулах аж.
Мөн дахин санал хураалтыг долдугаар сарын 9-ний ням гаригт, наадмын сур харваа эхэлсэн өдөр, бас аймгуудын баяртай давхцуулж буй нь санал будлиантуулах башир арга гэж үзжээ. Тиймээс дахин санал хураалтыг долдугаар сарын 5-6-нд, ажлын өдөр зохион байгуулахыг шаардсан албан бичгийг СЕХ-нд хүргүүлжээ. Баяр наадам эхэлсэн, амралтын өдөр учраас сонгогчдын ирц хүрэх магадлал муу.
Зориуд ийм өдрийг сонгосон нь ирц хүргэхгүйгээр сонгуулийг хүчингүй болгох зорилготой гэж тэд хардаж байгаагаа хэлэв. Нэр дэвшигч Х.Баттулга “Сонгууль хүнд болсон ч 110 мянган санал илүү авсан нь давуу ялалт. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн олонх буюу 50+1 гэсэн заалтыг үндэслэж, дахин санал хураахаар болж байна.
Иргэд Монголын төрт ёсны уламжлалын төлөө, баялгийг хулгайлагчид, төрийг үнэгүйдүүлсэн 60 тэрбум төгрөгийн авлигын эсрэг санал өглөө. Наадам, сонгууль хоёрыг зэрэг хийх нь ирц хүргэхгүй гэсэн башир арга, хүрлээ гэхэд наадмыг далимдуулж луйвар хийх нь. СЕХ эрх баригчдад үйлчилж байна” гэсэн юм. Эцэст нь дахин санал хураалтад идэвхтэй оролцож, сонголтоо баталгаажуулахыг тус намынхан сонгогчдод уриаллаа.
СЕХ-Г БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР ГЭВ
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ МАХН-ын сонгуулийн штабаас өчигдөр мэдэгдэв. 22.00 цагт санал хураалт дууссан тухай дүнг 00.20 цагт мэдээлэхдээ СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн 1.327.634 хүн санал өгсөн гэж хэлснийг тэд онцлоод, “Гэвч өчигдөр дүнг мэдээлэхдээ нэр дэвшигч Х.Баттулга 517.478, М.Энхболд 411.748, С.Ганбаатар 409.899 санал авсан гэлээ.
Санал хаах үед өгсөн сонгогчийн тоо 39.267-өөр нэмэгдэж, зөрүү гарсан байна” гээд санал хураалт дууссаны дараа дүнг будлиантуулж, МАНАН-гийн нэр дэвшигчдэд ашигтайгаар ажилласан гэж үзэж буйгаа хэлэв. Олон газар мөнгө тарааж, санал худалдаж авахыг завдсан атал дээрх хоёр намын нэр дэвшигчийг шалгасангүй, луйвар булхайдаа төрийн байгууллагуудыг ашигласан гэлээ.
Энэ бүхэн нь сонгуулийн дүнг хүчингүй болгож, дахин зарлах хангалттай үндэслэл болно гэж тус намынхан үзэж буй аж. Ингэхдээ саналын дүнг дамжуулах үйл явц зогсож, авсан санал цагийн дотор өөрчлөгдсөний учрыг тодруулж, мэдээлсний дараа дахин сонгууль явуулах ёстой гэж үзэж буй юм байна. Мөн эрх баригчдын талд ажилласан СЕХ-г бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан юм.
Нэр дэвшигч С.Ганбаатар түүнд саналаа өгсөн хүмүүст талархаад “Та бүхний өгсөн санал ёсоор бол үндсэндээ бид ялсан. Шударга ёс, хариуцлагатай төртэй болохын төлөө тэмцлээ зогсоохгүй. МАНАН нурж унаж буй гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Уг сонгууль хууль бус үйлдлээ зогсоох ёстойг санууллаа” хэмээв.
Тус намын сонгуулийн төв штабын дарга Ц.Оюунбаатар “МАХН-д саналаа өгсөн бүх хүнд баярлалаа. Манай нам 10 аймагт ялалт байгуулсан. Нийслэлийн нэг дүүрэгт нэгээр, ихэнхэд нь хоёроор гарч ирсэн. Ийм байхад саналын дүнг дарж, богино хугацаанд өөрчиллөө. Үндсэн хуульд заасан хэмжээнд Монгол Улс төрөө сонгох эрхийн төлөө бид зохион байгуулалттайгаар тэмцэнэ” гэлээ.