Баянгол дүүргийн XVI хорооны нутаг, Гандангийн дэнж нь хотын А зэрэглэлийн бүс. Мөн бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд оршдог, түүх, соёлын цогцолбор газар. Сүсэгтэн олон хийгээд гадаад, дотоодын жуулчид зорьж очдог, олны хөлийн газруудын нэг.
Энэ утгаараа тус бүс нь нийслэл, тэр дундаа Монгол Улсын нүүр царай, үүд хаалга юм. Гэтэл эсрэгээрээ, энэ нь нийслэлийн өнгө төрх, нэр хүндийг сэвтээж мэдэх, “хар данс”-тай газруудын нэг болоод цөөнгүй жилийг үдэв.
Эцэстээ Гандангийн дэнж гэх нэршил “Бохирдол, хог хаягдал, ялгадсанд умбасан дэнж” хэмээн солигдоход хүрснийг олон байгууллагын судалгаа нотолдог.
Гандангийн дэнжийн бохирдол бол жилийн жилд ярьдаг ч дорвитой шийдэл, үр дүнд хүрдэггүй агаарын бохирдолтой яг адил. Онцлог нь энэ асуудал урин дулааны цагт хөндөгдөөд, бусад үед мартагдчихдаг. Гандангийн бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг жирийн иргэнээс эхлээд шат шатны байгууллагынхан хүртэл хүлээн зөвшөөрч, залхтал ярьдаг атал шийдэж чадалгүй явсаар өдий хүрэв.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн жил гэхэд л ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Батхишиг, П.Оюунбат нар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг үнэлэх судалгаа хийгээд Гандан орчмыг хотын төвийн хамгийн их бохирдолтой газар гэдгийг дахин нотлов.
Мөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-тай хамтарсан “Хөрсний бохирдлын эргэн тойронд” хэлэлцүүлгийн үеэр Гандантэгчэнлин хийд орчмын хөрсөнд хүний биед хортой олон төрлийн химийн нэгдэл бий учир иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлтэйг зарласан. Хийдийн хашаанд амьдардаг тагтаанууд олон төрлийн өвчний эх үүсвэр болж, нийгмийн эрүүл мэндэд заналхийлж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн болон Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж, өнгөрсөн онд зөвлөмж гаргав.
Гэвч тэд урьдын адил энэ асуудлыг олон нийтэд мэдээлэхээс хэтэрсэнгүй. Хэрхэн шийдвэрлэх арга зам эрэлхийлсэнгүй, тодорхой болгосонгүй. Иргэд ч итгэл алдарчээ.
Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын I гудамжинд сүүлийн 30 гаруй жил оршин сууж буй иргэн Б.Доржхорлоо “Манай дүүргээс нэр дэвшигчдийн гол хөзөр нь энэ бохирдлын асуудал болсон. Юм л болбол “XVI хорооны бохирдлыг шийднэ, тохижуулна, сургууль, цэцэрлэг байгуулна” гэж амладаг. Гэтэл хийж хэрэгжүүлсэн зүйл ердөө байхгүй. Шинээр жорлон ухах ч газаргүй болтлоо бохирдож, хэцүүдлээ. Төр, засгаас шийдэл хүлээгээд цөхөрсөн иргэд нэгдээд холбоо хүртэл байгуулж, тулгамдсан асуудлаа зохих газруудад нь уламжиллаа, танилцууллаа. Нэмэр алга” хэмээн халагласан юм.
Түүний хэлээд буй “Орхонтуул” (Орхон, Туул гудамжны хэсэг иргэн нэгдэж байгуулсан) холбооныхонтой уулзахад “Ашиг хайсан улс л “Газраа зарчих” гэж хандана уу гэхээс, бидний дэвшүүлж байгаа асуудлыг тоодог хүн байдаггүй. Сүүлдээ хаана, хэнд хандахаа мэдэхээ байлаа. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн Монголын төр юу хийв. ХЭҮК-ынхон яагаад чимээгүй байна вэ” хэмээх асуулт дайлаа.
Тус хорооны бохирдлын талаар хийсэн судалгаа, үе үеийн эрх мэдэлтний хоосон амлалт, үр дүнгүй ажлуудын талаар олон арван баримт бичгийг тэд үзүүлэв.
НЭМҮТ-ийнхний хийсэн судалгаагаар Гандангийн дэнж орчимд органик бохирдол 52.6, шивтрийнх 88.4 хувьтай буй гэх. Энэ нь хоёр жилийн өмнөхөөс 15-20 хувиар өссөн үзүүлэлт аж. Эл бүсийн бохирдол жилээс жилд ихсэж буй ч ингэж эрс нэмэгдэж байгаагүй гэнэ.
Үүний шалтгааныг “Орхонтуул” холбооны гишүүн Н.Нямсүрэн “Манай хороо хотын төвд оршдог учраас газар нь өндөр үнэтэй. Үүнээс болоод иргэд тэр бүр газраа чөлөөлж, худалддаггүй. Харин бохирдлоос дайжсан зарим нь газраа зарах болж. Оронд нь нийтийн байр, худалдаа, үйлчилгээний газар голдуу байгуулдаг. Нийтийн байр гэхэд л 50 гаруй бий. Бусдын хашаанд амьдардаг улс орчноо хайрлах нь юу л бол. Хог, угаадсаа гудамжинд ил задгай асгана, нус, цэрээ хаа дуртай газраа хаяна. Ийм байхад бохирдохгүй гээд яах билээ” гэж ярив.
Гандан орчмын хөрсний бохирдлыг 100 хувь бууруулдаггүй юм гэхэд дордуулахгүй байх арга бол тус хэсгийг дахин төлөвлөлтөд хамруулж, төвлөрсөн шугамд холбох гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Ийм санаачилгыг нийслэлийн удирдлага анх 2009 онд гаргаж байж. Энэ хүрээнд олон төсөл, хэрэгжүүлэх гэж завдсан ч тааллаар нь болж, бүтсэн нь ер үгүй аж.
Тэр үеэс хойш найман жил өнгөрөхөд юу ч өөрчлөгдсөнгүй, гандангийнхан бохирдолтойгоо зууралдсан хэвээр. Өөрчлөгдсөн зүйл нь гэвэл, бохирдлын түвшин улам нэмэгдэж, Гандантэгчэнлин хийдийн чанх урд шашны сургууль сүндэрлэжээ.
Тэр хавийн гэр хорооллын гудамжуудаар явахад “Ламбугайн нулимс” зохиолын “Зуны цагт баруун дамнуурчны таван гудамжны шавар үлэмж, баасны үнэр ханхлах нь түмэн багц хүж нэгэн зэрэг шатаавч үл дарагдмаар. Гэвш Лодон орхимжоороо хамраа бөглөн, хүүхний хойноос намс намс алхална” гэх дүрслэл эрхгүй санаанд бууж, дотор муухайрна.
Тэр үеийнх шиг гангийн арьс ширний шорвог агаар амтагдаж, зүйлсэн үс, ноос салхинд хийсэн дээл хувцсанд наалдахгүй ч ялгадас, угаадасны үнэр хамар сэтлэх шахаж, “дарамтална”.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх, соёлын өв, уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгохоор тусгажээ. Энэ хүрээнд нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн газар “Гандан хүрээ” төсөл хэрэгжүүлж эхлэв.
Орхоны II, III, IV гудамжийг хамруулсан, 1.8 га талбайд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, өнгөрсөн баасан гаригт шав тавьсан. Эл төслийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 30-40 хувь буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ сайн хэрэг. Гэвч гудамж байгуулахаар төлөвлөсөн хэсэгт буй айлууд газраа чөлөөлөхгүй гэж зүтгэвэл яах вэ.
Одоогоор долоон өрх энэ ажлыг дэмжиж, хашаанаасаа нүүжээ. 42 нь гэрээ байгуулжээ. Үлдсэн 12 айл хэрхэх нь тодорхойгүй байна. Мөн Гандангийн дэнжийн бохирдлыг бууруулах арга хэмжээ авахгүй, энэ хэвээр байвал жуулчдыг татах бус, үргээх юм биш байгаа. Жуулчдад зориулан байгуулах гэж дээрх жишиг гудамж хөрсний бохирдлын үүр болсон гэр хороололтой хаяа залгаа юм билээ. Тэгэхээр тэр хавийн өрхүүдэд ч санаа тавих шаардлагатай болно.
Бүтээн байгуулалтаас илүү таатай, аюулгүй орчин жуулчдад юу юунаас чухал гэдгийг мартах учиргүй.
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Б.Азжаргалаас энэ асуудалд хэрхэн санаа тавьж буй талаар тодруулахад “Дахин төлөвлөх нэрийдлээр өнгөрсөн жилүүдэд хийсэн бүтэлгүй ажил олон бий учраас иргэдийн алив төсөл, хөтөлбөрт итгэх итгэл буурсан. Эхний ээлжинд бид улс, нийслэл ийм зүйл хийж чадлаа гэдгийг нотолж харуулсны дараа төслөө өргөжүүлж, энэ асуудлыг нэгмөсөн шийднэ” хэмээн ярилаа.
Жуулчны гэх тодотголтой ч жуулчдад зориулсан нэг ч зүйлгүй гудамж нийслэлд бий. “Гандан хүрээ” төсөл үүнтэй ижил үр дүнгүй ажил болох вий гэж хаширлах иргэд ч байна. Харин зарим нь эл төсөл тус хорооны бохирдлыг бага ч болов бууруулна гэж найдаж сууна.
Гандангийн дэнжийн бохирдлыг бууруулахын тулд юу хийх ёстой, одоо хэрэгжүүлэх гэж буй “Гандан хүрээ” төслийн талаар зарим иргэний байр суурийг сонслоо.
Н.Мягмар: -Энэ төслийн талаар Гандангийн дэнжид амьдардаг 800 гаруй иргэнд танилцуулж, гарын авлага тараасан гэсэн. Гэтэл би энэ тухай ямар ч мэдээлэлгүй байна. Уг нь нь би Туулын гудамжинд 45 гаруй жил амьдарсан, энэ хавийг гарын арван хуруу шигээ сайн мэднэ. Авардаг төсөл үү, “алдаг” ажил уу гэдгийг мэдэхгүй байна. Одоогийнхоос нь бүү дордуулаасай л гэж хүсэх юм. Харах л үлдлээ.
Иргэдэд хариуцлага тооцдог болмоор байна. Орчин бохирдуулж, бусдын эрүүл мэндэд аюул учруулж байгаа иргэдийг торгодог тогтолцоотой болчихвол хүмүүс хаширна. Нийтийн байрны эздэд ч хяналт тавьдаг байя. Ариун цэврийн байгууламж, бохирын шугамаа шийдээгүйд нь ийм үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрөл бүү олго.
Ер нь хамгийн их нийтийн байртай хороо нь манайх. Тэгэхээр үүнийг багасгах хэрэгтэй. Зарим айл био жорлон байгуулж, яавал муухай үнэр гаргахгүй байх вэ гээд янз бүрийн арга туршиж байна. Манай хөршийнх гэхэд жорлонгийнхоо үнэрийг дарж, халихаас сэргийлээд хажууд нь мод тарьдаг. Энэ мэтээр иргэд өөрсдөө санаачилга гаргаад дор бүрнээ хичээвэл учиртай.
Ш.Эрдэнэбаяр: -Нийслэлийн төв хэсэгт амьдардаг иргэд өглөө, оройд энд (Гандантэгчэнлин орчим) хүүхдээ салхилуулж, амарцгаадаг. Би ч хүүхдүүдээ байнга энд дагуулж ирдэг. Иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг цөөн газрын нэг нь шүү дээ. Ийм газруудаа өөд нь татах хэрэгтэй.
Бохирдлыг бууруулахын тулд иргэдийн сэтгэлгээг өөрчлөх нь чухал гэж боддог. Хэчнээн сайхан барилга байгууламж бий болгож, гудамж, талбайг нь засаж, тохижууллаа ч иргэдийн хандлагыг өөрчлөхгүй бол нэмэргүй. Өнөөх жуулчны гудамжинд нь хог, үнсээ хаяад байвал яана. Үүнийг бодолцох хэрэгтэй. Мөн энэ хавьд ил задгай худалдаа эрхэлдэг иргэд болон архичдыг журамламаар байна. Жуулчдад тэднийг гайхуулалтай биш. Бид ч хүүхдүүдээ аюулгүй орчинд тоглуулмаар байна шүү дээ.
Э.Баярхүү: Орон сууцжуулах хэрэгтэй. Хэн ч бохирдолтой орчинд амьдрахыг, үр хүүхдээ өсгөхийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тус хорооныхонд бусдаас илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгодог ч юм уу. “Гандан хүрээ” нэртэй энэ төслийг би дэмжиж байгаа. Харин ч дэндүү оройтож хэрэгжүүллээ гэж бодогдсон. Гэхдээ хэсэгчилсэн байдлаар биш, энэ хороог бүхэлд нь хамруулбал илүү үр дүнтэй болов уу. Нэг хэсэг нь өөд нь татах гээд мачийгаад байдаг нөгөө нь бохирдуулаад байвал хэцүү шүү дээ. Үр дүнгүй ажил болно.