“Хангай гэж сум байдаг юм уу” гэж хэчнээн хүн надаас асуув даа. Байдаг юм аа, байх байхдаа бараа сүртэй, асгатай цэнхэр уулсын нутаг. Хөнгөн тэргээр хэдэн өдөр довтолгосон ч туулж барахгүй эх орныхоо төв нутаг ч нэртэй улстөрч, бяртай бөх төрөөгүй, миний “жаахан” Хангай улсад зард гараагүй ээ. Хуучнаар Сайнноён хан аймгийн Далай вангийн хошууны зүүн урд этгээдийн нутаг. Далай вангийн хийц гэж халх даяараа зартай сан. Гартаа уртай, нүдэндээ мэдрэмжтэй хүмүүс “унадаг” нутаг сан уу. “Далай вангийн эрчүүд бөгсөндөө цоожтой” гэж даанч гэмгүй ёжлоогүй биз. Дөрөө жийгээд зоривол дөмөгхөн “дэргүүлээд” хүрчихдэг, шар нь хөдлөөд босвол шанаанд буулгахаас ч сийхгүй “зантай” эрчүүдийн нутаг. Тэрхийн голын хүүхэн сайхан, Тэсийн голын унага хурдан гэж сонссон л биз. Уяхан зөөлөн сэтгэлтэй, намуун дөлгөөн намбатай, хол, ойрын гийчдийг аагтай цай, аатай нэрмэл, хольсон тосоороо дайлдаг, гуулин шаргал данхаа нарны цацраг ойтол зүлгэдэг ажилсаг бүсгүйчүүдийн нутаг.
“Ардын бослого” өдүүлж хар, шаргүй зэвсэглэсэн түүх тэднийх. Хүрээ хийдээ шатаалгаж, бурхан тахилаа буулгаж, халуун элэгтнээ бүрэлгүүлсэн гашуун гуниг биднийх. “Ардын бослого”-ын хөлд хүнээ алдаагүй айл үлдээгүй юм гэнэ лээ. Баяд, ноёд, гэлэн санваартан, хөрөнгөлөг манж нарт үнэт эдлэл урлаж өгсөн “хэрэг”-ээр хамаг сайн дархцуулынх нь дээлийг нөмрүүлж тууж яваад хороочихсон гэдэг. Архангайхан “танк хүлдэг” нэртэй. Засгийнхаа бодлогыг эсэргүүцэн боссон ардууд цэргийн хуягт машиныг сур, дээсээр баглаж аргамжсан нь хуудуугүй үнэн гэнэ лээ. Соёлын довтолгооны салхи, социализмын халуурлын дөлөн дунд ч зулын 25-ний шөнө сэм цуглаж, ном хуран, амьтан хүний хөл татрахаар Алтангэрэл судраар гэрээ гороолчихоод хажуулж явсан бурхны шашины үнэнч сүсэгтнүүд тэнд амьдардаг юм.
Арбаясгалан, Дэлгэрэнгүй, Дулаан, Өлзийт, Түмэнсант, Дашдаваг, Ноёнхангай, Унтаа ямаат, Жанцанрэбү, Ренчинрэбү гээд Хангайн минь хөхийн хөх хайрхад он цагийн хэлхээс, онгон дагшин салхин дундаа ханхайж л байгаа. Тэрхийн гол минь зүлэгтэй, цэцэгтэй хөндийгөө “зүсэн” Тэрхийн цагаан нуураа тэтгэхээр яардаг юм. Уулзан нийлээд оддог хоёр Гичгэний гол минь ч хүн, малаа ундаалан мэлмэрсээр л байгаа. Ам болгон нь устай, араатан, жигүүртэн бүрдсэн баян хангай нутаг. Янгир, аргаль, буга гээд Хангайн сайхан амьтан тэнд цөм бий. Вансэмбэрүү, балжингарав, алтангагнуур мэтийн зүсэн зүйлийн эмийн, сонгино, хөмүүл гээд хүнсний ургамал ч арвин. Их хуртай зун нэрс жимс цэнхэр хивс дэвссэн юм шиг дэлгэрдэг, хад ишээ дааж ядтал сагсайж ургадаг юм, миний Хангайд. Зах зээлд шилжиж, хүнс хомсодсон он жилүүдэд нутгийнхан маань амьтан, ургамалдаа гар хүрсэн удаа бий. Одоо харин ховордоод байсан янгир, аргаль, буга, тарвага элбэг үзэгддэг болсон. Мал хуй нь өсөж, ахуй амьдрал нь дээшилсэн нутгийнхан маань байгаль руугаа тэр бүр дайрахаа больж, хол газрын шуналтнаас хамгаалж өмгөөлөх сэтгэлтэй болсон нь сайн хэрэг. Гэхдээ нутгийнхны минь ярьдгаар “Баян хангай ямар барагдах биш дээ”.
Архангай аймгийн Хангай сум хэмээх ийм нэгэн нутгийг хүний заяанд төрөхдөө онож буужээ. Эцэг өвгөдийн минь таван үеэрээ нутагласан Цохиот гэж хад ихтэй жалга байх. Жанцанрэбү уулын өвөр элэг, Хунхын цагаан асганы хөлд дээд өвөлжөөний минь өтөг, бууц бараантан харагдана. Элэнц хуланц, эмэг өвөг минь тэнд төрсөн учраас хүмүүн заяа минь Цохиотын дээд өвөлжөөнөөс эхтэй гэж сэтгэнэм. Үзэсгэлэнтэй нутагтаа 18 нас хүртэл амьдраад, үүрнээс ниссэн шувуу шиг холын аянд морджээ, би.
Манайх гэж сумын төвөөс холдох эрхгүй айл. Аав минь холыг ойртуулж, хоёрыг холбох үүрэгтэй холбоочны ажилтай болохоор бяцхан суурингаасаа холдоно гэж үгүй. Одоотой адил хүн бүр гар утастай байсан биш. Сумын төвийн холбооны цагаан байшингаас хот, аймагтай холбогдоно. Хэн нэгний бие муудлаа, аймгаас түргэн дуудна гээд л шөнө дөлөөр ч аавыг минь босгоод аваад явна. Ийм болохоор яаж ч холдох билээ.
Хааш хаашаа хавтгай дөрвөн ам км-т багтах сумын төв маань Сүүлтолгой гэх тасархай ганц уулын нөмөрт оршино. Сумын төвийн араар Тэрхийн гол урсана. Урдуур нь Дива эмгэн үйж үхсэн домогтой горхи урсдаг байлаа. Нарийнхан горхины нэр Дива. За тэгээд, миний нутгийн уул, жалга бүр домогтой. Дива горхины урдуур Хөх давааны гол урсана. Дива горхи үерлэхээрээ сумын төвийн айлуудыг усанд автуулчих гээд байдаг учраас гинжит трактороор газар онгилж голдирол үүсгээд, Хөх давааны гол руу нийлүүлчихсэн юм. Жаахан горхи минь шар усны үер, их борооны дараа л урсана. Одоо сав нь бараг эдгэж байна лээ. Хавар харайж тоглодог Дива горхи, энгэрт нь сууж, найзуудтай элдвийг чалчиж, заримдаа “халз тулаан хийх”-ээрээ ард нь очдог Сүүлтолгой, өвөлжин тэшүүрээр гулгадаг Тэрхийн гол, зунжин умбаж, шумбадаг Хөх давааны гол миний бүх дурсамжийг мэднэ. Манай нутаг өглөө, оройдоо хөвөнтэй дээл өмсүүлдэг сэрүүн хангай. Тэрхийн гол том болохоор үдийн нарны илчинд бүлээснэ гэж үгүй. Тиймээс бидний хэдэн жаал Хөх давааны голынхоо цээлүүд рүү харайлгана шүү дээ.
Айлын янданг чавхаар хөөлөөд амар заяаг нь үзүүлдэггүй, шонгийн модны цагаан лонх тэсгээдэггүй, үеийнхээ жаалуудын толгойг цоолоод аав, ээжээс нь жавтий хүртэж явсан үе бий. Ааштай байж дээ. Нэг удаа айлын хоол “буудах” санаатай хүлээлээ. Авгай нь цэхэлзээд янзгүй. Тэгэхээр нь гараад, хаяагаа манасан шорооноос нь авч тооноор нь цацчихаад зугтаачихаж билээ. Тогоотой хоол шороотой хоол болсон нь ойлгомжтой. Хашааны завсраар хартал айлын авгай хараал тавиад л хоолоо асгаж байна. Нагац ах хуримаа хийв ээ. Шинэ бэрийн нэр хүнд нэг хэсэгтээ тэнгэрт байх нь ойлгомжтой. Харин мань гайхал гэрээсээ гараад ирэхээр нь суран бугуйлаар цаламдаж аваад чирч гулдраад сүйд хийсэн. Ингээд шинэ бэрийн хүзүү хоолойг боосон гэмтэн болов. За больё доо. Миний хийсэн “гэмт хэрэг” барагдах биш.
Гуугаа гэж сонин нэртэй ахынх манай арын хашаанд байв. Төмөр хаалга руу нь өдөржин чулуу нүүлгээд зовоодог сон. “Энхбат аа чамайг...” гээд хашхираад гэрээсээ гараад ирнэ. Би ч нуувчиндаа орж амжина. Манай гудамжинд Мангар Болдоо гэж хүү байж билээ. Надаас нэлээд олон ах. Нөгөөхийг чинь зүгээр өнгөрүүлэхгүй. Тааралдах болгондоо мангар, тэнэгээр нь дуудна. Цаадах нь ч ууртай гэж жигтэйхэн. Завжаа дагаж гоожих шүлсээ арчаад, “Хууун” гэж муухай орилоод элдэнэ дээ. Том, Жерри хоёр шиг л хөөцөлдөнө. Баригдвал сайн гөвүүлэх учраас байдаг чадлаар харайлгана. Хэдэн хашаа давж, гудамж уруудаж, өгсөж, айлын түлшний модон дунд нуугдаж байж амь мултарна. Баригдаад балбуулсан удаа зөндөө. Гэрээсээ хоолны сэрээ хулгайлж, Хөх давааны голын жараахайнуудыг сүлбэж барина. Ээж сэрээ хулгайлаад байгааг мэдчихээд тас хориглов. Ингээд хөршийн хөвгүүдээ сэрээ хулгайлахыг ятгах ажилтай болсон. “Хамаргүй Камаз” Хуягаагаар мөн ч олон сэрээ хулгайлуулсан даа. Нэг ах жараахай залгихаар гэдэс цэвэрлэдэг гээд үнэмштэл ярилаа. Хавь ойрынхоо хөвгүүдийг дагуулж очоод тус бүр гурван амьд жараахай “гулгуулж” билээ. Зарим нь айж байгаа ч зоригтон болох гээд нүдээ аниад л туусан даа. Нөгөө муу Болдоогоо хөөргөөд хэдийг ч идүүлчихсэн юм, бүү мэд.
Манай нутаг сарлаг ихтэй. Одоо 100 мянган малтайгаас тал нь сарлаг. Тэсгим жавартай өвөлтэй учраас сарлаг, хайнагаас өөр мал тэсэж үлдэхгүй, бээрээд үхчихдэг юм. Сүүлтэй боохой хүртчихдэг учраас адуу, хонь, ямаа өсдөггүй, тэмээгүй нутаг. Ханхар уулсын минь энгэр бэл, Тэрх, Гичгэний голын арлаар дүүрэн халтар хар сарлаг бэлчиж байгаа. Дошилж ирээд, догширчихсон сарлагийн бух хөхлөө санжигануулан, савгаа сагсалзуулан мөргөхөөр ухасхийх нь үү гэлтэй толгой сэжилж, сүрийг үзүүлээд л. Сарлагийн сүү манай нутгийнхны амьжиргаа, орлогын эх үүсвэр. Архангайн алдартай цагаан идээний нэг хэсгийг манай нутгийн бүсгүйчүүд зунжин борви бохисхийлгүй ажиллаж үйлдвэрлэдэг юм. Одоо хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлээд цагаан идээгээ илүү сайн боловсруулдаг болсон байна лээ.
Манайх сумын төвийн хамгийн урд хашааны айл. Зун хашааныхаа урд таван ханатай гэрээ дугуйлаад зусна. Дива горхины эрэгт зэлээ бариад, хаврын сүүл сард хэдэн үнээ туугаад ирнэ. Ингээд миний зуны ажил эхэлнэ дээ. Ээжид тугал татаж өгнө. Үнээнүүдээ сумын төвийн зүүнтэйх Хунт нуурын хөвөө рүү, дараа нь тугалаа Хөх давааны голын эрэг рүү тууна. Гэртээ ирэхэд намайг найман литрийн хоёр хувинтай сүү угтана. Аав холбоогоо, ээж хүнсний жижиг мухлагаа онгойлгох гээд яараад явчихна. Сүүгээ хөөрүүлнэ. Таргаа бүрнэ. Ээзгий ширгээнэ. Аарцаа шүүнэ. Заримдаа бүр тогоо нэрнэ. Долоовор хуруугаа долоосон амьтан үзээд л байдаг сан. Сүүгээ борлуулж дуусахад бага үд болно. Тэгээд морио аргамжиж идүүлнэ. Өдрийн 12-16 цагийн хороонд зав гарна. Энэ цагийн ихэнхийг Хөх давааны гол дээр л өнгөрөөнө. Усны хор гүйтэл сэлдэг байж дээ. Нэг удаа биеэр усны хор гүйж, ногоон идээтэй яр туураад, шалдалчихсан хэвтэж байтал ээж манайхаас холгүй хашааныхаа гадна гэрээ бариад зусдаг З.Ядамсүрэн эмчийнх рүү чирээд алах шахаж билээ. Эмчийнх гурван охинтой. Ичиж үхэхээ шахсан би ээжийн гараас мултрах гэж зодолдох нь холгүй юм болсон. Юу гэж тэднийд шалдан хүргэгдэх вэ.
Өмнөх өдөр хийснийг маргааш нь яг л давтаад хийнэ. Өглөө үхэр, тугалаа тууж, сүү борлуулсан бол орой тугалаа хашаад, үхрээ хураагаад, бас л сүүтэйгээ “ноцолдоно”. “Гэмт хэрэг” хийж, зоргоороо аашлахаа больсон өсвөр насны би аав, ээжийнхээ арыг асуудалгүй даадаг байлаа. Уйтгартай ажлаас зугтах нэг арга нь унааны морио юүлэх. Адуу хайж, хөх булуунуудаа дамжиж тэнэх бас сайхан шүү. Манайх унааны хэдэн морьтой. Нэг нь шарга. Нагац ах гурван шарга адуутай. Би л тэднийг унаж, үхэр, тугалтайгаа хөөцөлдөнө. Намайг нутгийн ах нар “Шарга морьтой далбаж явдаг хүү байсан” гэж дурсдаг юм. За тэгээд 14-15 нас хүрээд эмнэг хангалтай ноцолдог эр боллоо. Хамаатнуудын ардаг догшин олон үрээ, байдсыг унаашруулсан даа. Зугаатай ажил байж билээ.
Гол орох нь багассан би хоёр саалийн хооронд номтой нөхөрлөдөг болов. Зузаан зузаан монгол романуудыг бараг ихэвчилсэн дээ. Бас “Морь унасан толгойгүй хүн”-ээс улбаалаад Майн Ридийн баатарлагийн туульсуудыг олдсон болгоныг нь уншсан. “Абайн зам” романыг уншчихаад, Абай Кунанбаев шиг хөдөө өссөн ч хотод сурч, эрдэмтэй хүн болно гэж шийдэж билээ. Морио аргамжчихаад Дива горхиныхоо довон дунд шөнө дөл болтол бодож, мөрөөдөж хэвтдэг байв. Од хараад, уншсан номынхоо дүрүүдийн тухай бодоод л. Яагаад ч юм, Т.Очирхүү гуайн “Аргамжааны чулуу” шүлэг аманд уншигдаад байдаг сан. Одоо тэр шүлгээс “Аргамжааны чулууг тойрон идээшлэх хүлэг шиг, аяа эх орон тандаа тоосны үзүүрээс эргээстэй” гэсэн мөр л санаанд үлдэж. Багын дурсамжаа сэдрээсэн чинь “Алив ээ, орж унтаач” гэж дуудах ээжийн минь дуу сонсогдох шиг.
Ачааны булан даах болсон насандаа ах нарыг дагаж үргээлгэнд явж, жимс түүж, сонгино ухаж нутгаараа их тэнэсээн. Өгсөж, уруудаагүй гол, даваагүй даваа ховор. Баян-Улааны эх гэж байгалийн үзэмжит, онгон зэлүүд нутаг байх. Сумын урд талаар сунайж үргэлжлэх хөх нурууг морин замаар давж тэнд хүрдэг. Тийшээ очих даваа бүрээр давж дээ. Тэр үзэсгэлэнт газрыг манай нутгийн нэрийн хуудас болсон Ноёнхангайн рашааны ай савтай хамтатган байгалийн цогцолборт газар гэж бүртгэж, улсын хамгаалалтад авсан. Нуур, гол олонтой, араатан амьтан, ховор ургамлын өлгий болсон нутаг даа. Хангайнхаа буурал давааны хахир яхир салхинд балбуулаагүй уджээ.
Манай нутаг богинохон зунтай. Хур багатай жил наадам болтол ногоо ургахгүй зэвхий цайлна. Бороо орвол долоо хоногт л өвс ногоо, цэцэг навч дэлгэрчихнэ. Харин урт шаргал намартай. Намар болоод, саахалт айлын тас тас инээдэг эгч, хангал морины нуруунд дарцагладаг ах нар сургуульдаа яваад өгөхөөр яагаад ч юм нэг их эл хуль оргидог сон. Тэгээд есдүгээр сарын 1 болуут хөдөөнөөс айлууд сумын төв рүү нүүгээд ирнэ. Ангийнхан маань хүрээд ирнэ. Манайх үнээнүүдээ ч хөдөөлүүлчихнэ. Ингээд хичээлээс гадна тоглоом наадмын цаг эхэлнэ дээ. Хангайд өвөл их цас унана. Дөмбөгөр цагаан өвөлтэй. Цасанд дарагдсан юмс бүр л дөмбийж харагддаг учраас ингэж зүйрлэсэн хэрэг. Хүйтэн өвөлтэй учраас хааяа нэг Тэрхийн голын мөсөн дээр толгойноосоо уур савсуулан тэшинэ. Тэгээд л гэр, сургуулийн хооронд харайлгана даа. Өвөл тоо боддог цаг байлаа. Дүн өвлийн хүйтэнд лааны гэрэлд тоогоо бодоод суудаг хүүхэд байлаа. Бас ч үгүй аймгийн математикийн олимпиадад ногт ганзагалаад очих санаатай. Намайг хүүхэд байхад манай сум төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй, дизель мотор асааж, айлуудыг цөөн цаг цахилгаанаар хангадаг байв. Ихэнхдээ л лааны сүүмгэр гэрэлд хичээлээ давтана. Тоогоо бодож дийлэхгүй ухнатаад, зүйрмэглээд лааны дөлөнд үсээ хярвас болтол түлсэн удаа ч бий. Хаврын эхний саруудад сумын төвд хачин шороон шуурга тавина. Нүүр нүдгүй шуурах нь ч энүүхэнд. Харин дөрөвдүгээр сарын сүүлчээс нөгөө салхи шуурга намдаж, нам жим болно. Хөх уулс нь нялх ногооны униартай сүлэлдээд хаашаа л харна цэнхэртдэг сэн. Хаврын гол ажил бол банди нарын захиаг бичих. “Цоожтой авдар” шиг нууц хадгалдаг, аа бас хэдэн үг эв зүйтэй хэлхчихдэг гээд намайг олон банди гуйж захиагаа бичүүлсэн дээ.
Намрын нэгэн шаргал өглөө ачаа, хүнээ багтааж ядсан, шуудангийн “ПаЗ” автобус намайг мөрөөдлийн минь тэртээ тээж одсоноос хойш нутагтаа дахин удаан хугацаагаар тухалсангүй. Аль долдугаар ангидаа эргэлт буцалтгүйгээр шийдчихсэн би нутгаасаа сэтгүүлч болохоор гарсан юм. Зориод очиход, уулс нь хүү минь ирлээ гэж өндөлзөх шиг санагддаг, хүн зон нь халуун сэтгэлээ дэлгэн угтдаг ийм нэгэн Хангай, миний халуун өлгий юм.