“БНСУ-ын Засгийн газар болон бизнес эрхлэгчид Монголд хөрөнгө оруулах, монголчуудтай хамтран ажиллаж, төрөл бүрийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байдаг ч төр, засгийн бодлого нь тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдаг тул хүндрэл учруулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татна, тэдний итгэлийг олно гэдэг тийм ч амар зүйл биш.
Одоо харин ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдах болсноор эдийн засгийн ил тод байдал нэмэгдэж, санхүүгийн зах зээл нь илүү нээлттэй өргөжин хөгжих боломж нээгдэнэ гэж үзэж байгаа. Тийм ч учраас сүүлийн үед би Солонгосын хөрөнгө оруулагчидтай уулзахдаа Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулахад одоо их таатай үе шүү гэж урьж байгаа” хэмээн БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун ярилаа.
Монголын бизнесийн зөвлөлөөс зохион байгуулсан “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалтад оролцоод гарч ирснийхээ дараа ийн хэлснийг нь эшилмээр санагдав. Энэтхэг, Канад, Индонез улс болон Чикаго, Вашингтонд дипломат ажилтнаар сууж байгаад, хоёр жил гаруйн өмнө Монголд Элчин сайдаар томилогдон ирсэн энэ эрхмийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.
08.28 цаг. Товлосон хугацаанаас илүү ч үгүй, дутуу ч үгүй яг хоёр минутын өмнө БНСУ-ын ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Шин Сан Гюн хүлээлгийн танхимаас бидэнд газарчлан, Элчин сайдын өрөөнд хүргэлээ. Хоймортоо Ерөнхийлөгч Мүн Жэ Иний зургийг залсан, саруулхан өрөөнд Элчин сайд У Сун энэ өдрийн ажлын төлөвлөгөөгөө нягталж байв.
Даваа гариг учраас нэлээд шахуу ажилтай байна гэдгийг сайдын ажлын албаны эмэгтэй ажилтан (тэр өнөөдөр хэлмэрч хийнэ) хэлсэн юм. Гэхдээ ярих, явах суухаас нь анзаарахад сайд угийн хурдан шалмаг хүн бололтой.
Улбар шар зангиан дээрх морины дүрс бүхий олон жижиг хээ цайвар цэнхэр цамцтай нь өнгө хоршоод, тун сайхан зохицжээ.
08.40 цаг. Их тэнгэрийн аманд болох гэж буй чуулга уулзалтад оролцохоор хөдөллөө. Чуулганы үдээс өмнөх хуралдаанд У Сун сайдаас гадна ОХУ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Манай улс ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбогдуулан БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгож, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж буй аж.
Мөн Налайх дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний таун хотхон байгуулах төслийг буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр болсон тухай, ирэх долдугаар сард Солонгос, Японы бизнес эрхлэгчид Улаанбаатарт чуулж, хамтарсан байдлаар Монголд хэрхэн үйл ажиллагаа явуулж болох талаар хэлэлцэнэ гэдгийг Элчин сайд чуулганд оролцогчдод дуулгах гэнэ.
Хамгийн гол нь хөрөнгө оруулагчдыг татахын тулд төр, засгийн бодлогоо тууштай, тогтвортой байлгах талаар анхаарч ажиллаасай гэдэг хүсэлтээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мөн уламжлах аж.
Тодорхой шалтгааны улмаас “Их тэнгэр” цогцолбор руу нэвтэрч чадаагүй тул гадаа нь хүлээх хэрэгтэй болов.
11.35 цаг. “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдэвт чуулга уулзалтаас гараад, ЭСЯ-ндаа шууд ирсэн сайдтай цөөн хором ярилцахаар машинаасаа буунгуут нь амдаж очтол “Гадаа ярилцах уу. Сэрүүхэн, сайхан байна” гэлээ. Хэлмэрчээр дамжуулан ярилцаж байгаа тул 30 орчим минут хэдийнэ болсон ч У Сун сайдын хувьд төдий хугацаанд зогсоогоороо ярих нь тийм ч түвэгтэй зүйл биш бололтой.
Түүнээс Монголын эдийн засгийн нөхцөл байдал болоод ирээдүйг нь хэрхэн харж байгааг асуухад “ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар урт хугацааны үр өгөөж ихтэй. Яагаад гэвэл Солонгос улс ч бас 1997-1998 онд ОУВС-гаас тусламж авч байсан.
Тухайн үедээ ард иргэдэд хүнд хэцүү юм шиг санагдсан байж болох ч үүний ачаар манай улсын эдийн засаг ил тод болж, санхүүгийн зах зээл ч тэлсэн. Тиймээс Монголын эдийн засаг удахгүй сэргэнэ гэдэгт би итгэдэг” хэмээн хариуллаа. Хоёр улсын харилцаа хөгжихөд хамгийн чухал зүйл нь иргэд хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл байдгийг онцолсон тэрбээр нэгэн баярт мэдээ дуулгав.
Өнгөрсөн дөрөв, тавдугаар сард гадаадын орнуудад зорчиж, кредит картаа уншуулсан иргэдийн статистик мэдээллээс харахад Монголд ирсэн солонгосчуудын тоо өмнөх оны мөн үеэс 180 хувиар өссөн байжээ. Тэгэхээр зөвхөн монголчууд л Солонгосыг зориод буй хэрэг бус, хоёр орны иргэд харилцан бие биенийхээрээ орж, гарч байгаа бололтой. “12 цаг 20 минутад “Централ Тауэр” рүү хөдөлцгөөе” хэмээн бугуйн цагаа заачихаад, сайд өрөө рүүгээ явлаа.
12.30 цаг. Монгол Улсаас БНФУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон А.Баттөртэй үдийн зоог барихаар У Сун сайд “Централ Тауэр” руу явлаа. АСЕМ-ын үеэр тэд ажил хэргийн шугамаар олон удаа уулзаж байсан тул А.Баттөрийг Франц руу Элчин сайдаар явахаас нь өмнө баяр хүргэн, үдийн зоогонд урьж буй гэнэ.
Сайдын хувьд монгол хоолноос гурилтай шөл, ногоотой хуушууранд дуртай гэсэн.
13.50 цаг. БНСУ-ын цагдаа, прокурорын газрын төлөөлөгчид Элчин сайдтай уулзах цагаасаа 30-аад минутын өмнө ирчихсэн, хүлээлгийн өрөөнд сууж байв. Үдээс хойших уулзалтууд 30, 30 минутын зайтай төлөвлөгдсөн тул эхнийх нь цагаа баривал дараагийн хүмүүстээ том тус хүргэж байгаа хэрэг гэлтэй. Солонгосчуудын хувьд цаг яс барьж байсан бол манайхан харин 5-10 минутаар хоцорч ирцгээх нь үнэндээ жаахан санаа зовмоор юм билээ.
Монголд хэрэгжиж буй Хөгжлийн албан ёсны тусламж төслийн хүрээнд тус улсын Прокурорын ерөнхий газраас Мансууруулах бодистой тэмцэх албаны мөрдөн байцаагч, сургагч багш нар ирж, 14 хоногийн сургалт зохион байгуулаад, нутаг буцахын өмнө сайдтайгаа уулзах гэж буй нь энэ аж.
700 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий уг төсөл ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хүрээнд олон талын сургалт зохион байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх гэнэ. Энэ удаа Солонгосын Цагдаагийн ерөнхий газрын Цахим аюулгүй байдлыг хангах албаны төлөөлөгчид мөн хамт ирж, кибер халдлагаас хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар манайханд сургалт зохион байгуулжээ.
14.30 цаг. Цахим аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Солонгостоо нэлээд нэр хүндтэй “Mark Any” хэмээх компанийн төлөөлөл У Сун сайдтай уулзлаа. Сангийн яам болон Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын урилгаар ирсэн тэд төрийн байгууллагуудыг кибер гэмт хэргээс яаж урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгснөөс гадна Монголын нөхцөлд цахим аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мониторинг судалгаа хийжээ.
Ер нь тухайн улс оронд ажил хэргийн шугамаар ирж буй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл Элчин сайдтайгаа уулзаж, мэдээлэл өгөх нь хаана ч түгээмэл байдаг гэнэ. Ингэснээр хожим нь хоёр улс ямар ямар чиглэлээр хэрхэн хамтарч ажилласан, тэр нь хэр зэрэг үр дүнтэй байсан гэх мэт мэдээлэл болж үлддэгээрээ ач тустайг сайд онцолсон.
15.06 цаг. Элчин сайдын уулзалтын өрөөнд уригдсан дараагийн зочин нь Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг байв. Тэрбээр хоёр асуудлаар сайдтай уулзахаар иржээ. Солонгосын “E Mart” сүлжээ дэлгүүрийн анхны салбарыг Монголд нээсэн нь амжилттай байгаа тул удахгүй хоёр, гурав дахийг нь нээх гэж буйгаа тэрбээр сайдад дуулгалаа.
Мөн МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн хувиар тэрбээр Элчин сайдтай хоёр улс спортын салбарт хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх тухай халуун яриа өрнүүлсэн. Ирэх жил БНСУ-д зохиогдох гэж буй Пёнчаны өвлийн олимпын талаар, саяхан тэндхийн Олимпын хорооныхонтой уулзаж ярилцсан тухайгаа сайдад Б.Баттүшиг ерөнхийлөгч хуучилна билээ. Англи хэлээр “ус, цас” хоёр эрхмийн хувьд ойлголцохгүйн зовлонгүй тул энэ удаа инээд, хошигнолоор хачирласан “амттай” уулзалт болж, өнгөрөв.
У Сун сайд ирсэн зочдодоо ном, дэвтэр гэх мэтчилэн гарын бэлэг заавал өгөх аж. Тэр тоолонд ажлын болон уулзалтын өрөөнийхөө хооронд өөрөө л хурдлаад байх юм билээ. Үүдэнд нь нарийн бичиг бүсгүй сууж байхад шүү дээ. Хэдийгээр хоёр өрөө нь хоорондоо 20 гаруй алхмын зайтай ч манай сайд, дарга нар бол ийм тохиолдод ихэвчлэн товчлуур дараад, нарийн бичгээ дуудан, бүхнийг даатгадаг.
15.40 цаг. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор ажиллаж, амьдарч буй солонгос иргэдэд зориулсан визийн танилцуулга уулзалтыг БНСУ-ын ЭСЯ-наас энэ өдөр зохион байгуулж байгаа тул Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид энд оролцохоор уригдан иржээ.
Уулзалтынхаа өрөөнд тэднийг хүлээн авсан Элчин сайд “Д.Мөрөн даргыг өнөөдөр манай дээр ирж буйд миний бие их баяртай байна. Би таныг оройн зоогонд хэд хэдэн удаа урьж, ярилцах гэсэн боловч таны зав чөлөө болоогүй байх. Таны ажил минийхээс их бололтой” гээд ярианы эхэнд хэлчихэв.
Хариуд нь Д.Мөрөн дарга “Есөн сарын өмнө ажлаа хүлээж авсан тул эмхэлж цэгцлэх зүйл ч их байлаа. Монгол, Солонгосын ард түмэн хоорондоо их найрсаг харилцаатай, олон талаар хамтран ажилладаг. Тэр тусмаа сүүлийн үед Солонгосын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхон, олноор ирж суурьших боллоо.
Тиймээс энэ чиглэлээр бид хамтын ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай байна. Зургадугаар сарын 19-ний байдлаар манай улсад Солонгосын 2547 иргэн амьдарч байгаагийн дотор хамгийн олон буюу 592 нь хөрөнгө оруулагч байгаа юм” хэмээн ярилаа.
Ингээд ЭСЯ-ны нэгдүгээр давхарт болж буй уулзалт руу явцгаав. Солонгосчууд Гадаадын иргэн, харьяатын газрынхнаас асуух асуултаа урьдчилан бэлдээд, бичгээр өгцгөөжээ. Шинэчлэн баталсан хууль тогтоомжийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид виз хүсэхдээ юуг анхаарах, визийн зөвшөөрөл хэрхэн олгодог болсон, сунгалтаа яаж хийлгэх тухай гэхчлэн уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад чиглэл чиглэлийнх нь хариуцсан дарга нар хариулж, мэдээлэл өгөв.
16.35 цаг. Ирэх аравдугаар сард “Expo Моngolia 2017” үзэсгэлэнг зохион байгуулах гэж буй “Ёот Фау Консалт” компанийн менежер бүсгүй энэ өдөр мөн Элчин сайдтай уулзахаар цаг товложээ. Австри, Белги, ХБНГУ, Итали, Турк зэрэг орны томоохон үйлдвэрлэгч, экспортлогч компаниуд оролцох уг арга хэмжээнд Солонгосын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах хүсэлтэй байгаа тул энэ тал дээр тусалж дэмжихийг тэрбээр сайдаас хүссэн юм.
“Expo Моngolia 2017” үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлбэл Солонгосын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад танилцуулаад, улмаар оролцох санал тавихад татгалзах зүйлгүй гэдгээ Элчин сайд хэлснээр уулзалт өндөрлөв.
Элчин сайдын ажил хэрэгч уулзалтуудад эх орных нь брэнд бүтээгдэхүүн болох ундаа, шүүс үргэлж “хань” болдог ажээ. Нэг хэсэг зочин уулзалтын өрөөнөөс гараад, дараагийнх нь орж ирэхээс өмнө нарийн бичиг нь ундаа, шилэн аягануудыг шуурхай сольж тавих юм билээ. У Сун сайдаас ямар маркийн гар утас барьдгийг нь асуухад “мэдээж Samsung” хэмээн шуудхан хэлсэн.
Тэрбээр аль ч улс оронд очсон бай, Солонгост үйлдвэрлэсэн гар утас барьж, “Хьюндай” маркийн автомашинаа унадаг гэсэн. “Бид өөрийн улсынхаа бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй юм бол бусад хүн “Эдний бүтээгдэхүүн чанар муутай юм байна” гэж ойлгоно шүү дээ” гэсэн түүний үг эрхгүй нэгийг бодогдууллаа.
17.05 цаг. Солонгосын “Рафаел интернэйшнл” ТББ-ын сайхан сэтгэлт хүмүүс 2008 оноос хойш Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран, зүрхний төрөлхийн гажигтай 150 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийж байгаа аж. Тэд зөвхөн хүүхдүүдийг үнэгүй эмчлээд зогсохгүй, монгол эмч нарыг чадавхжуулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгт өөрсдөө ирж, мэс засал хийдэг юм байна.
Тэд энэ долоо хоногийн турш мэс засал хийх учраас хагалгаанд орсон хүүхдүүд болон эцэг, эхчүүдийг сэтгэл санаагаар дэмжин урамшуулж өгөхийг ЭСЯ-ныхнаас хүсэж, сайдтайгаа уулзахаар иржээ.
17.40 цаг. Энэ өдөр Элчин сайдтай уулзах хуваарьтай хамгийн сүүлчийн хүн нь БНСУ-д сурдаг Б.Ану хэмээх оюутан охин байлаа. Солонгост 5000 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд тэднээс цөөнгүй нь Монгол суугаа Элчин сайдтай харилцаа холбоотой байдаг гэнэ. Солонгост хамгийн түгээмэл ашигладаг олон нийтийн сүлжээний чатаар тэд У Сун сайдтай холбогдож, тэндэх нөхцөл байдлаа, ирээдүйн ажлынхаа талаар ярилцдаг байна.
Б.Анугийн хувьд хоёр жилийн өмнө сайдыг томилогдон ирэхэд MIU-г төгсөж байсан бөгөөд тэр үеэс өнөөг хүртэл л холбоотой байгаа аж. Солонгост нефтийн инженерээр сурдаг тэрбээр энэ удаа амралтаараа “Петро Чайна дачин Тамсаг”-ийн уурхайд дадлага хийхээр иржээ. Ирэнгүүтээ Элчин сайдын мэндийг мэдэж байгаа нь энэ бөгөөд буцахдаа ч мөн уулзах “болзоо” тавьжээ, тэд.
18.45 цаг. “Хоёр орны найрамдалт харилцаа илүү өргөжин хөгжихөд хүмүүс хоорондын итгэлцэл хамгийн чухал” гэсэн зарчим баримталдаг сайдын хувьд өөрийг нь зорин ирсэн монгол, солонгос оюутан, сурагч, эгэл жирийн иргэдийн хэнтэй нь ч цааргалалгүй уулзахыг хичээдэг гэнэ лээ. “Тэр хүмүүс Элчин сайдынхаа тухай сайхан сэтгэгдэлтэй байвал надад ч сайхан санагдана” хэмээгээд инээмсэглэсэн тэрбээр өрөөндөө үргэлжлүүлэн ажиллахаар үлдсэн юм.