Бэлтгэсэн: Ч.Болортуяа, З.Амгалан
Гал түймрийн үед шанага ус, үер усны гамшигт хүрз шорооны үнэ цэнийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол онцгойгийнхон. Тэд өрөөлийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн төлөө өөрийн биеийг үл хайрлан зүтгэдэг. Дүрэлзэн асах гал, үерлэн шуугих ус, нүүр нүдгүй шуурах цас, элдэв гамшгийг сөрж, аврал эрсэн нэгний төлөө ухрах эрхгүй зүтгэдэг. “Тэдний хийх ёстой ажил шүү дээ, ингэж зүтгэснийхээ төлөө цалин авдаг” гэж хэлэх хүн цөөнгүй байж болох.
Гэвч тэд бидний адил хүн гэдгийг мартаж үл болно. Галд шатдаггүй, усанд живдэггүй, ууланд төөрдөггүй, шуурганд осолддоггүй супермэн биш шүү дээ, тэд. Гагцхүү “...Хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлана...” гэсэн тангарагтаа хатуу зогсож, уйгагүй бэлтгэл сургуулилалт, хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийнхөө халхавчинд л найдан улалзах галтай улаан гараараа “тулалддаг”.
Онцгой байдлын албаны техник хангамж улсын хэмжээнд 57, Улаанбаатарт 70 хувьтай хангагдсан гэх. Онцгой байдлын алба болон хөгжсөн 13 жилийн дотор гал унтраах 251 машин, хорт хийн утаанаас хамгаалах 750 ширхэг багтай болсон нь чамлахааргүй амжилт гэж удирдлагууд нь ярьж байгаа ч эгэл жирийн аврагч, гал сөнөөгчийг иж бүрэн техник хэрэгсэл, хувцас хэрэглэлтэй болгох яагаа ч үгүй байна.
Ялангуяа орон нутаг дахь онцгой байдлын алба хаагчид ой, хээрийн түймэрт төмөр утсаар хийсэн савар мэт зүйл гартаа бариад, олгой хаймар унинд уяад л эрэлхэг зоригтойгоор ханцуй шамлан орж явчихна. Хэнтийд гарсан түймрийг унтраасаар, ядарсан ч зүтгэсээр байгаад Дорнод аймаг руу “хил нэвтэрсэн” тохиолдол ч цөөнгүй гэдэг. Утаа, галаас өөр ханьгүй уул, хээр тал дунд хэдэн сараар “цөлөгдөх” нь ч бий. Үүний тод жишээ нь өчигдөр цурманд оруулсан Минжийн хангайн түймэр.
Тус түймрийг унтраахын тулд онцгойгийн залуус амсхийх завгүй 37 хоног “ноцолдсон”. Өөрөөр хэлбэл, тэд нэг сар долоо хоногийг хайртай бүхнээсээ хол, халуун гал дунд нойр хоолгүй шахам өнгөрүүлсэн байна. Ой, хээрийн түймрийн үед эхний гурав хоног идэх хоол, хүнсээ аврагчид өөрсдөө аранзандаа хийгээд авч явдаг аж.
Аранзанд нь борц, гоймон, цагаан, шар будаа хагас кг, ёотон, байхуу цай, уут боорцог төдийхөн багтана. Харин гурав хоногоос илүү ажиллах бол тухайн нутгийн Засаг захиргаанаас хоол хүнсийг нь зохицуулдаг гэнэ. Ингэж зүтгэснийх нь төлөө нэг өдрийн цалинг нь гурав дахин нэмж олгодог ч тэдний хүнд хүчир хөдөлмөр, амиа алдах эрсдэлийн дэргэд өчүүхэн санагдана.
Одоогоос 10 жилийн өмнөх явдал хэдий ч саяхан мэт тодхон. 2007 оны зургадугаар сарын 14-нд “Ми8” нисдэг тэргээр ой, хээрийн түймэр унтраахаар явж байсан 16 хүн алтан амиа алдсан харамсалтай явдал болсныг уншигч та санаж буй. Тэд үүрэгт ажлаа биелүүлэхээр яваад хорвоогоос үүрд буцсан шиг олон олон аврагч бусдын төлөө амиа зольсоор байна. Дорнод аймгийн Баяндун суманд түймэр унтрааж явсан таван алба хаагчийн гурав нь амиа алдаж, хоёр нь маш хүнд түлэгдсэн.
Д.Багабиш гэдэг аврагч өөрөөсөө насаар залуугаа түймрээс хамгаалан, биеэрээ дарж хэвтээд амийг нь аварсан түүхтэй. Тэрбээр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт ирээд амьсгал хураасан юм. Өрөөлийг амийг авраад өөрийгөө зольсон түүн шиг баатруудыг өнөөдөр хэн ч дурсахгүй байгаа нь харамсалтай. Аврагч, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг сайжруулж, техник хангамжийг 100 хувьд хүргэхэд 200 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэнэ.
Хэдий их мөнгө мэт сонсогдовч, монгол хүний, Монголоо гэсэн залуусын амьтай харьцуулахад юу билээ. Биднийг дулаан хөнжилдөө дугжирч байхад онцгойгийн залуус галд хайлсан гутлынхаа улыг төмөр утсаар додомдоод, суганыхаа булчирхайг цочтол түймрийн цурмыг балбаж зогсоо. Хорт хийн утаа аминд хүрэх аюултай байтал тэд баггүй л зүтгэж харагдана. Өвлийн хүйтэнд хөлдсөн хувцас нь хайрсан ч дайснаа дарсандаа баярлан инээмсэглэн явна, тэд.
ИНФОГРАФИК
БАЙР СУУРЬ
Онцгойгийнхны техник хэрэгслийн хангамж, хүрэлцээ хэр байдаг талаар зарим хүний байр суурийг сонслоо.
ГАЛ УНТРААХ АНГИУДЫН БАГАЖ ХЭРЭГСЛИЙН ХАНГАМЖ 50 ХУВЬТАЙ
Д.ЭРДЭНЭБААТАР (НОБГ-ын дэд дарга, хурандаа):
-Өндөр барилгад гарсан галыг унтрааж, аврагчдыг тухайн цэгт хүргэх зориулалттай механик шатны машин манай улсад гурав байдаг. Нэг нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах X ангид, нөгөө хоёр нь хотын баруун, зүүн захад бий. Эл машин нь тусгай тоноглолтой учраас өртөг өндөр.
2003 онд ЖАИКА-гийн төслийн хүрээнд 17, 2013 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар галын 22 машин, хорт хийнээс хамгаалах баг, шат гээд шаардлагатай бүх хэрэгсэлтэй нь хамт онцгой байдлынханд хүлээлгэж өгсөн. Эдгээрийг нийслэлд аврах үйл ажиллагаанд ашиглаж байгаа ч үзлэг оношилгоонд оруулж, засаж шинэчлэх цаг нь болсон.
Улаанбаатарт аврах нэг, гал унтраах 15 анги бий. Энэ ангиудад одоо байгаа гал унтраах багаж хэрэгслийн хангамж 50 хувьтай. Гал унтраах ангийн зэрэглэл, үйлчлэх хүрээ болон барилга, хот байгуулалтын стандарт гэж бий. Үүнд тусгаснаар бол гал унтраах, аврах ангийнхан ослын дуудлага авснаас хойш 4-5 минутад тухайн газарт нь очих ёстой. Тэгэхээр тав, зургаан км тутамд нэг, Улаанбаатарт нийтдээ 50 гаруй аврах анги байх шаардлагатай. Эдийн засаг хүндхэн байхад ийм тооны анги байгуулахад хүндрэлтэй. Гэхдээ нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Алслагдсан бүсэд гал унтраах анги барина” гэж тусгаад, эхнээс нь хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
ХҮЧИН ЧАДАЛ САЙТАЙ ТЕХНИК ХЭРЭГСЛЭЭР БҮХ АНГИЙГ ХАНГАХ НЬ ЧУХАЛ
Б.СУМЪЯАБААТАР(Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах X ангийн I салааны гал сөнөөгч, ахлах ахлагч):
-Иргэд биднийг багаж хэрэгсэлгүй, нүцгэн гараараа түймэр унтрааж байна гэж ярьцгаадаг. Ой, хээрт гарсан түймрийг унтраахад тэр бүр машин явах боломжгүй. Тиймээс дандаа гар ажиллагаатай багаж ашигладаг. Түүнийг нь харсан улс “Гар хоосон байна, холоос усаа зөөлөө” гэх мэтээр шүүмжилдэг.
Машин гарах боломжгүй тохиолдолд бид ус зөөлгүй яах вэ дээ. Нисдэг тэрэг ч байхгүй шүү дээ. Манай анги I зэрэглэлийнх, гурван тасагтай. Механик шатны болон есөн тоннын багтаамжтай, хөөсний машин тус бүр хоёр байдаг. Техник хэрэгслийн чанар, хүртээмж нэг үеэ бодоход сайжирсан. Сүүлд 2010 онд гал унтраах машин авсан бол хамгийн өндөр настай нь 2001 оных байна.
Хүн ам ихсэж, хот тэлэхийн хэрээр аюул осол гарах нь ихэснэ. Тиймээс онцгой байдлын бүх ангийг хүчин чадал сайтай, сүүлийн үеийн техник хэрэгслээр бүрэн хангах нь чухал. Аврах ажиллагааны техник хэрэгсэлд машинаас гадна хийлдэг дэр, галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч зэрэг зайлшгүй хэрэгтэй олон багаж бий. Эдгээрийн хангамж боломжийн.
ХҮН НЭГ БҮРИЙН ХАМГААЛАХ ХУВЦАС ХЭРЭГСЭЛ ДУТМАГ
М.АДЪЯАБААТАР (Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын орлогч, дэд хурандаа):
-Манай аймаг Гал унтраах, аврах хоёр ангитай. Цогтцэций болон Даланзадгадад бий. Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамж 2014 оноос нэлээд сайжирсан. Энэ үеэс парк шинэчлэл хийж, 2014, 2015 онд үйлдвэрлэсэн шинэ техникүүдийг орон нутгийн ангиудад хуваарилсан юм.
Үүнээс өмнө хэцүүхэн л байлаа. 1970, 1980-аад оны үеийн хоцрогдсон, хуучин машинтай. Ер нь манайх бусад аймагтай харьцуулахад техник хэрэгслийн хангамж сайн. Харин хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгсэл дутмаг.
АВРАГЧДАД НИСДЭГ ТЭРЭГ ХЭРЭГТЭЙ
Э.ГЭРЭЛТУЯА (Сүхбаатар дүүргийн иргэн)
Гал унтраах, аврах хэчнээн ангитай, багаж хэрэгсэл нь хэр зэрэг хүртээмжтэй байдаг тухай сайн мэдэхгүй байна. Гэхдээ гал сөнөөгчид хүндхэн нөхцөлд ажилладаг гэж сонссон. Саяхан Богд ууланд айхтар түймэр гарлаа. Энэ үеэр хийсэн сурвалжилгыг зурагтаар үзсэн.
Аврагчид машинаа уулын бэлд зогсоочихоод хоолойгоор ус дамжуулж шүршиж байгаа нь өрөвдөлтэй харагдсан. Гэтэл өнөөх хоолой нь богинодоод түймрийн голомтод хүрэхгүй байсан. Гадаадын орнуудад нисдэг тэрэг ашигладаг гэх юм билээ. УИХ-ын гишүүд нисдэг тэргээр сүнгэнээд байх юм.
Уг нь аврагчдад л тэр нь байвал болмоор. Хэр зэрэг аюулгүй, чанартай хэрэгсэлтэй байна, тэр хэрээр хохирол, эрсдэл бага шүү дээ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ЗАЛУУХҮҮ: Нисдэг тэрэг, хүчин чадал сайтай машин хамгийн их шаардлагатай
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүүтэй ярилцлаа.
-Ой, хээрийн түймэр, объектын гал, үер усны аюул гээд сүүлийн хэдэн сар онцгой байдлын алба хаагчид маш завгүй ажиллалаа. Сая орсон борооноор хэд хэдэн түймэр бүрэн унтарсан гэл үү?
-Ой, хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн. Энэ жил бороо хур бага орж буй учраас ногоорч эхэлсэн газрууд шарлаж, хатаад байна. Хуурайшилтын нэн аюултай түвшинд байгаагаас ой, хээрийн түймэр ихсэж, унтраахад хүндрэлтэй, удаан хугацаа зарцуулж байгаа.
Түймэр гарсан даруйд алба хаагчид очиж байгаа ч гал модны үндэс дагаад хөрсөн доогуур тархан шатсан тохиолдол цөөнгүй. Одоогийн байдлаар гурван түймрийг цурманд оруулсан. Булганы Тэшиг суманд нэг түймэр асаж байна.
-Минжийн хангайн түймрийг сар гаруйн дараа унтраасан гэсэн байх аа?
-Тийм. Хамгийн олон хоног ажилласан нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сэлэнгийн Ерөөгийн зааг дээр гарсан Минжийн хангайн түймрийг өнөөдөр (өчигдөр) цурманд орууллаа. Аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, Орхон, Дархан-Уул аймгийн онцгойгийнхон нэг сар долоо хоног нойр, хоолгүй ажилласны эцэст унтраасан.
Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Хэнтийн Өмнөдэлгэр, Булганы Тэшиг суманд гарсан түймэрт хүн хүч, техник хэрэгсэл очиход хүндрэлтэй, хамгийн ойрхондоо найман км газар явган алхаж хүрсэн. Аврагч, гал сөнөөгчид 10-20 литрийн багтаамжтай ус шүршигч, үлээх аппарат, цохиур, хувцсаа үүрээд хэдэн арван км алхаж ойн түймэрт хүрч байна.
-Нисэх онгоцоор ус шүршиж, ой, хээрийн түймрийг унтраах боломж байдаггүй юм уу?
-Манай улсад агаараас ус цацдаг зориулалтын онгоц байхгүй. Европын улс, далай тэнгис ихтэй оронд түймрийн дээрээс ус цацаж унтраадаг. Усаа соруулдаг, хутган авдаг гэсэн хоёр төрлийн онгоцыг дэлхий нийтэд хэрэглэж байна. Уудам газар нутагтай, далай тэнгисээс алслагдсан манай улсад энэ нь үр ашигтай арга биш.
Тухайлбал, Хэнтийн Өмнөдэлгэрт гарсан түймрийг унтраахад Хөвсгөлөөс усаа зөөх болно. Шатахуун маш их зарцуулна шүү дээ. Гэхдээ Шадар сайд У.Хүрэлсүх бидэнд “Ой, хээрийн түймэр унтраах менежментээ өөрчилж, хөтөлбөр боловсруул, судал” гэсэн үүрэг чиглэл өгсөн. Дээр хэлсэн хоёр төрлийн болон богино хугацаанд олон хүн тээвэрлэх зориулалтын онгоцны талаар судалж байгаа.
-Техник хэрэгслээ шинэчлэхэд мэдээж хөрөнгө чухал. Үүнийг яаж шийдвэрлэх вэ?
-Үндэслэл сайтай, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулбал олон улсын юм уу, төсвийн хөрөнгөөр шийдэх боломжтойг Шадар сайд хэлсэн. Хөрөнгөгүй гээд суугаад байвал онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдал эрс шинэчлэлд орохгүй” гэдгийг ч тэрбээр онцолсон.
Тиймээс бид хөрөнгө мөнгөнөөс айхгүйгээр Онцгой байдлын албанд ямар машин техник, тоног төхөөрөмж тохирох, нэн шаардлагатайг үндэслэлтэй гаргахаар ажиллаж байна. Ой, хээрийн түймэр гарах, газар хөдлөх, хүчтэй цас, шороон шуурга болдог зэрэг аймаг бүрийн онцлогоор нь тохирох тоног төхөөрөмжийг хуваарилах юм.
ОХУ, БНХАУ, БНСУ-ын ой, хээрийн түймэртэй тэмцэж буй менежментийг судалж, хөтөлбөр боловсруулснаар техникийн чадавхийг тодорхой түвшинд гаргах юм.
-Манай хойд хөршид түймэр их гардаг шүү дээ. Тэд ямар арга, техник хэрэгсэл ашиглаж буйг судалж үзсэн үү?
-ОХУ-ын онцгой байдлын бүтэц манай улсынхаас огт өөр. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах ажлыг цогцоор нь Ойн нөөцийн газар нь хариуцдаг. Манайхаар бол БОАЖЯ гэсэн үг. 2012 онд баталсан Ойн тухай хуулийн төсөлд бид ой, хээрийн түймэртэй тэмцэх, унтраах ажлыг нэг байгууллага нь хариуцах санал оруулсан.
Гэвч одоо урьдчилан сэргийлэх ажлыг БОАЖЯ, гарсан түймэр унтраахыг онцгой байдлынхан хариуцаж байна. Уг нь нэг юмны хоёр талыг ингэж салгах нь буруу юм. Байгаль нуурын хойд талд ассан түймэр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаар ороод ирлээ.
Монгол орны газар нутгийн 10 хүрэхгүй хувийг ой эзэлж байна. Тиймээс ой, хээрийн түймрээс сэргийлэх ажилд гойд анхаарах хэрэгтэй.
-Онцгой байдлын албаны машин, техник хэрэгсэл өмнөхөө бодвол харьцангуй сайжирсан ч хангалтай биш. Нөхцөл байдал ямар байна вэ?
-2015 онд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж, техник хэрэгслээ шинэчилсэн. Гэвч гамшгийн үед хэрэглэдэг аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд элэгдэлд орох нь амархан учраас дахин шинэчлэх шаардлага гарч байгаа. Мөн нэгж, салбаруудын бүтцийн асуудал чухал байна.
Тодруулбал, Гал унтраах, аврах ангийг I-IV зэрэглэлд ангилдаг. Стандартад зааснаар IV зэрэглэлийн ангид 56 албан хаагч байх ёстой гэж үзвэл өнөөдөр 30 гаруй хүн л ажиллаж байна. Ийм тооны хүнтэй ангиас ой, хээрийн түймэрт 24 нь явлаа гэхэд ганцхан ээлжийн л алба хаагч үлдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, түймэрт ажиллаж байгаа бүү хэл, анги дахь алба хаагчид нь ээлж солих боломжгүй цөөхүүлээ байна. Тиймээс стандарт, нормд нь заасан бүрэлдэхүүнтэй ажиллуулахгүй бол дуудлагын үед хүндрэл учирч болзошгүй нь. Гамшиг ослын аль ч дуудлагад маш шуурхай очих нисдэг тэрэг, хүчин чадал сайтай машин техник, хувцас хэрэглэл, хорт утааны баг нэмж авах шаардлагатай байна.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Урьдчилан сэргийлэх, ИЛРҮҮЛЭХ СИСТЕМ ЧУХАЛ
Манай хойд хөршийн хувьд ой хээрийн түймэр унтраах гол хэрэгслүүдийн нэг нь нисэх онгоц. Тодруулбал, цэргийн тээврийн Ил-76 болон нисдэг завь гэгддэг Бе-200. Нисдэг завь нь цагт 150-190 км хурдтайгаар 12 тонн ус, 1.2 шоо метр химийн бодис тээвэрлэх чадалтай. Түймрийн голомтод цагт 250 км хурдтай нисэж, 0.8-1 секундийн дотор усаа асгадаг.
Тэрчлэн энэ онгоцыг эрэх, аврах, янз бүрийн онц байдлын үед тусгай багийг хүргэх, эдийн засгийн бүсэд эргүүл хийх, байгаль орчны хяналтад ашиглах боломжтой. ОХУ-ын Онцгой байдлын яам гал сөнөөгч ийм дөрвөн онгоцтой. Ил-76 нь 40 тонн ус тээвэрлэж, 50-100 метрийн өндрөөс 6-8 секундэд усаа асгах боломжтой. Бе-200-гаас ялгаатай нь түймэр рүү асгах усны хэмжээ их учир өргөн талбайг хамарсан галтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлнэ. Ийм онгоц Орост тав бий аж.
Тэгвэл Канад улс гал түймэртэй тэмцэх 112 нисэх онгоцтойгоос 45 нь хувийн компанид, бусад нь мужуудын захиргаанд харьяалагддаг байна. Тоо ширхгийн хувьд олон ч чадлын хувьд нэг нь Бе-200-тай харьцуулшгүй. Мөн нисэх онгоц төдийгүй автомашинууд нь дэлхийн II дайны үеийнх гэнэ. Гэхдээ агаарын хяналтын сүлжээ хөгжсөн тул гарсан түймрийг бага байхад нь илрүүлдэг учир хуучирсан, жижиг гэлтгүй нисэх онгоцууд нь маш үр өгөөжтэй ажилладаг байна.
АНУ-д байдал нэлээд өөр. Төрийн өмчийн, галын цөөн нисэх онгоцтой. Хамгийн том парктай нь Калифорни муж улс бөгөөд тэнд 1950-иад онд үйлдвэрлэсэн S-2T гэдэг нисэх онгоц 23 бий. Үүнээс гадна Миннесотад гурав, Умард Каролинад нэг онгоц байдаг. Галын машинууд нь хувийн компаниудад харьяалагддаг бөгөөд мөн л дэлхийн II дайны үеийнх аж.
Тус улсын хувийн компаниуд янз бүрийн загварын 34 онгоц, тэдгээрийн дотор Mcdonnell douglas-10, Boeing-747 зэрэг аварга том нь байдаг ч хүрэлцдэггүй юм байна. Тиймээс гол ачаалал АНУ-ын Агаарын цэргийн хүчин, Үндэсний гвардын тээврийн С-130 нисэх онгоцонд ногддог.
Бусад улсад ч үүнтэй төстэй дүр зураг ажиглагдаж байна. 50-60 жилийн настай техник гал сөнөөгчдийн ажлын голыг нугалдаг. Гэхдээ газар авахаас нь өмнө галыг унтраах гол зорилго тавьдаг аж. Тиймээс гал түймэр зэрэг онцгой байдал үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, гарсан цаг тухайд нь илрүүлэх системийн үүрэг эрс өссөн байна.
Их хэмжээний гал түймэртэй тэмцэхийн тулд Агаарын цэргийн хүчин, хөгжингүй орнуудын агаарын тээврийн компаниудын ашиглалтаас гарсан том техникүүд, эсвэл ус асгах системээр тусгайлан тоноглосон цэргийн тээврийн нисэх онгоцнуудыг ашигладаг.
Үүний сацуу хамгийн хүчтэй нисэх онгоцтой байсан ч урьдчилан сэргийлэх, түргэн илрүүлэх системийг хөгжүүлэхгүйгээр шаардлагатай үр дүнд хүрэх боломжгүй юм. Тиймээс Агаарын цэргийн хүчин, Онцгой байдлын яамны нүд, чих болж, галын голомтыг бага дээр нь унтраах ойн агаарын хамгаалалт мэтийн бүтэцтэй болох шаардлага тулгараад буй.
Гал түймэртэй зөвхөн агаараас төдийгүй газарт тэмцдэг. Галын машин дэлхийн бараг аль ч улсад хүрэлцдэггүйн дээр ойн түймэртэй тэмцэхэд шаардлага хангадаггүй гэнэ. Ийм нөхцөлд ОХУ КАМАЗ, Урал машинтай ч дугуй нь галд тэсвэргүй тул хэрэглээ нь эрс хязгаартай. Тиймээс гинжит хүнд техникийг гал унтраахад ашиглах ёстой аж.
Хойд хөршид БХЯ-ны хэрэглээнээс гарсан хуягт техникийг гал түймэртэй тэмцэхэд зориулан тоноглож ашигладаг байна. Хэр баргийн хүн гал сөнөөгч болдоггүй гэдэг. Бие бялдрын бэлтгэл, сэтгэл санааны хувьд тогтвортой, зоригтой хүн л энэ салбарт ажилладаг. Украинд ажилласан жил, албан тушаал, ур чадвараасаа хамаарч гал сөнөөгч жилд дунджаар 6650 гривений цалинтай.
Үүн дээр ажлын амжилтын шагнал авдаг. Мөн ганц бие бол нийтийн, гэр бүлтэй бол албаны байранд үнэ төлбөргүй амьдарна. Хүн бүр ийм хөнгөлөлт эдлэх боломжгүй ч үлдсэн нь орон сууцны төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт эдэлдэг юм байна.
Орон сууц авах ээлж, эмнэлгийн үйлчилгээнд ч гал сөнөөгч хөнгөлөлт авдаг. Гал сөнөөгчид ОХУ-д жилд дунджаар 16.600 рубль, Казахстанд 80.500 тенге, АНУ-д 44.260 долларын цалинтай аж.