Э.Эрдэнэцэцэг
Солонгосын хаа нэгтээ таарсан бол монгол гэхээргүй харагдах энэ охиныг М.Марал гэдэг. Гадаадад албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг Монголын цорын ганц, бүрэн дунд сургуулийн VII ангид суралцдаг юм, тэрбээр. Тэр хэзээ ч Монголд очиж байгаагүй. Тиймээс Солонгост ирсэн хүн бүрээс Монголын тухай сониучирхан асуудаг. Гэвч өсөж, торнисон Солонгос улсаас нь тэс өөр, бохир, заваан, хөгжилгүй гэхээс өөр зүйл барагтай бол сонсож байгаагүй гэдгийг ярианаас нь мэдэв. Гэсэн ч яг юу нь өөр вэ гэдгийг мэдэх хүсэлтэй.
Багшийнхаа заасан хийгээд цахим хуудаснаас авсан мэдээллээр нь Монгол маш өргөн уудам газар нутаг, цэлийсэн тал, байгалийн баялаг ихтэй орон гэдгийг мэднэ. Аав, ээж нь Орост байхдаа том охиноо төрүүлж, нэг нас хүрэхэд нь Монгол руу явуулжээ. Харин Марал Солонгост мэндэлсэн. Хорвоо дээрх ганц эгчтэйгээ нүүр тулж уулзаж байгаагүй. Өдөр бүр дүрсээ харж ярьдаг ч энэ нь түүнд хангалтгүй санагддаг. Тийм болохоор тэр эгчтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдэд учиргүй их атаархдаг.
Солонгосоор хэлд орсон түүнийг аав, ээж нь эх хэлээрээ ярьж чадахгүй байж болохгүй гэснээр энэ сургуульд суралцах болж, бага зэрэг аялгатайг эс тооцвол одоо монголоор чөлөөтэй ярьдаг болжээ. Монгол сайн хөгжөөгүй, ажиллаж, амьдрахад хэцүү гэж ойр тойрныхон нь түүнд хэлсэн тул тэрбээр хэзээ нэгэн цагт зөвхөн аялахаар очно гэж ярьсан юм. Монголд нэг ч удаа очиж үзээгүй, тэр байтугай эх хэлээрээ ярьж чаддаггүй түүн шиг хүүхдүүд БНСУ дахь монгол сургуульд цөөнгүй бий.
Тэд хэний ч өмнө эргэлзэлгүйгээр “Би монгол хүн” гэж хэлж чадах ч эх орныхоо талаар төдийлөн мэддэггүй. Хэрэв ийм сургууль байгаагүй сэн бол тэд өнөөдөр монгол хүн гэдгээ ч мартсан байх биз. Хорь орчим жилийн тэртээ, хилийн чанадад монгол хүүхдүүдийн төлөө энэ сургуулийг байгуулсан Ю Хэ Гын гэх эрхэмд талархууштай.
1999 он. Солонгосыг зорих монголчуудын цуваа ид эрчээ авч байсан үе. Манайхан зээл аван байж тус улсад ирж, тэрийгээ дараад, гэр бүлээ, дараа нь үр хүүхдүүдээ татах болжээ. Хэл ус мэдэхгүй хүүхдүүд сургууль, цэцэрлэг гэхээсээ илүү ээж, аавыгаа ажилдаа явсан хойгуур урт өдрүүдийг тоглож наадан өнгөрүүлнэ. Хэсэг хүүхэд өдөржин гудамжинд, харж хандах хүнгүй тоглож байхыг харсан сүмийн номлогч эхэндээ тэднийг өнчин хүүхдүүдтэй андуурсан гэдэг.
Харин хүүхдүүдтэй ярилцсаны эцэст Монголоос ирсэн гэдгийг нь мэджээ. Ийн тэрбээр монгол хүүхдүүдэд сургуульд орох замыг нь нээж, солонгос хэл заах болжээ. Солонгост гадаадын иргэд тодорхой хугацаанд зорилго тавин ирж, ажиллаад л нутаг буцдаг бол монголчууд өдгөө ч нүүдлийн маягаар амьдарч байгаагийн нэг илрэл нь энэ хэмээн тус сургуулийн удирдлагууд онцолсон.
Анх найман хүүхэдтэйгээр сүмд хаалгаа нээсэн тус сургууль дараа нь төмөр чингэлэгт хичээллэх болов. Харин гурван жилийн өмнө олон хүний хандив, тусламжаар биеийн тамирын талбай, урлагийн танхим бүхий орчин үеийн жишигт нийцсэн байртай болсноор өдгөө 300 орчим сурагч, 20 гаруй багштайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдүүдээ шаардлага хангасан сургуультай болгох гэж сургуулийн удирдлага, эцэг, эхчүүд нь чадах ядахаараа мөнгө хандивласнаас гадна нүүлгэх, цэвэрлэх зэрэг ажилд нь тусалцгаасан гэнэ.
Багш нарын олонх нь монгол, гар урлал гэх мэт хичээлийг солонгос хүн заадаг аж. Эдгээрээс бусад хичээл эх хэлээр, манай сургалтын хөтөлбөрийн дагуу, тэр бүү хэл монгол сурах бичиг ашигладаг. Зарим хичээлийг Солонгост магистрантур, докторантурт суралцаж буй хүмүүс ирж, цагаар заадаг гэнэ.
Түүнчлэн тус сургууль Монголын боловсролын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй, хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөний талаарх бүхий л мэдээлэл тэнд байдаг төдийгүй суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгодог. Улсын шалгалтыг Монголын сургуулиудын жишгээр, БСШУСЯ-наас ирүүлсэн материлаар авдаг гэнэ. Хүүхдүүдийн зарим нь төгсөөд Монголдоо очиж сурдаг бол солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч, Солонгосын их, дээд сургуульд элсэх нь ч бий.
Бороо шивэрсэн намуухан өглөө Сөүлийн нэг захаас нөгөө зах руу тус сургуулийг чиглэн метрогоор хоёр цаг орчим явж, зорьсон газартаа хүрэв. Хүүхдүүд хичээл эхлэхийн өмнө цуглан, Төрийн дууллаа дуулах нь бахармаар аж. Солонгосын тэнгэрт манай Төрийн дуулал монгол үрсийн цовоо дуугаар эгшиглэнэ.
Манай сургуулиуд ихэвчлэн хоёр, зарим нь бүр гурван ээлжээр хичээллэдэг бол эндхийнх нэг ээлжтэй. Солонгост үйл ажиллагаа явуулдаг монгол сургууль ч мөн адил. Хэдий хүний нутагт ч гэлээ Монголоос сайхан нөхцөлд сурч байгаа хүүхдүүдэд бага зэрэг атаархах сэтгэл төрсөн. I, II ангийнхны хичээл 9.30, бусад ангийнхных нь 8.30 цагаас эхэлж, орой 17.00 хүртэл сургууль дээрээ байрлах боломжтой. Өдөр их завсарлагаанаар хүүхдүүдэд үдийн хоол өгдөг. Хоол нь халуун ногоо багатай, монголжуу амттай.
Хажуугаар зөрсөн хүүхэд бүр “Сайн байна уу, эгч ээ” гэж мэндэлнэ. Тэд өмнө нь надтай уулзаж байгаагүй. Анх удаа зөрөх төдий тааралдахад ийн мэндлэхэд нь би эхлээд гайхсан. Харин дараа нь тэд хүн бүрийг хүндэтгэж харилцахын чухлыг ийм эрт ухаарчээ гэдгийг мэдлээ.
БНСУ дахь монгол сургууль 2005 онд тухайн үеийн БСШУЯ-наас тусгай зөвшөөрөл авсан юм билээ. Тухайн үеэс IX анги, энэ жил хоёр дахь удаагаа XII анги төгсгөж буй. Нийт 153 сурагч төгсчээ. Анхны төгсөгчид нь нийгэмд аль хэдийнэ байр сууриа олж, Монголд өөрийн компанитай хүртэл болсон гэнэ.
Эл сургуульд хамгийн удаан буюу 12 жил ажиллаж буй, бага ангийн багш Б.Мөнгөнцэцэг “Хоёр, гурван жилийн өмнө манай сурагчдын тоо эрс цөөрсөн. Эцэг, эхчүүд “Монгол маань сайхан болж байна. Бид ч бас сурсан мэдсэнээ эх орондоо үлдээе. Бүтээн байгуулалтад гар бие оролцъё” гээд нутаг буцсан. Гэтэл энэ жилээс эргэж ирэх боллоо. Түүнчлэн залуу хос сурч, ажиллахаар хүүхдээ дагуулан ирж байна. Манайх I-XII ангийн тус бүр нэг бүлэгтэй. Зарим бүлэг ганц, хоёрхон сурагчтай байх үе байсан. Одоо нэг бүлэг хамгийн багадаа 17, ихдээ 30 хүүхэдтэйгээр хичээллэж байна. Сүүлийн үед Солонгост төрсөн, Монголд очиж үзээгүй, ямар ч төсөөлөлгүй, тэр ч байтугай эх хэлээрээ сайн ярьж чаддаггүй хүүхдүүд олон болсон” гэв.
Солонгост амьдардаг монгол хүүхэд бүр тус сургуульд сурах боломжтой, жилийн төлбөр нь 1.5-1.6 сая вон. Түүнчлэн өөр хотод амьдардаг хүүхдүүдэд зориулсан дотуур байр ч бий. Энд 6-18 насны хүүхдүүд хамтдаа аж төрдөг. Гэхдээ хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулж байх үүднээс амралтын өдөр дотуур байр ажилладаггүй.
Сургуулийн дэргэд цэцэрлэг байгуулаад найман жил болж буй юм билээ. Зарим хүүхдийг 24 цагаар хардаг гэсэн. Өдгөө 3-5 насны 16 хүүхэдтэй. Багш нарын олонх нь солонгос бөгөөд хүүхдүүдэд янз бүрийн сургалт явуулдаг гэдгийг онцолсон.
“Монгол цагаан толгой 35 үсэгтэй. Эгшиг 13, гийгүүлэгч 20, тэмдэг үсэг хоёр гэж гурав ангилна” хэмээн нэгэн дуугаар унших хүүхдүүдийн дуу ангийн гаднаас цуурайтна. Хаалгаар орвол Д.Амаржаргал багш дөрөвдүгээр ангийнханд монгол хэлний хичээл зааж байлаа. Шүлэг хэрхэн бүтдэг талаар багш тайлбарлаж, хүүхдүүд мэддэг шүлгээ уншин, үүнд өгүүлсэн нутаг ус хаана байдгийг Монголын газрын зурган дээр заалаа.
“Монголынхоо нийслэл Улаанбаатар хотыг харцгаая” хэмээгээд дэлгэцэнд нийслэлийн зургийг харуулахад хүүхдүүд биширсэн өнгөөр дуу алдав. Сүхбаатарын талбайн өмнүүр алхах цэргийн сүрт жагсаалыг хараад багшаасаа “Дайн болж байгаа юм уу” гэв. Багш томоохон баярын өдрүүдэд цэргийн сүр хүчээ ийн гайхуулдгийг ярьж өглөө.
Үүний дараа номин ногоон тал дээр зурайх шороон замыг харсан хүү “Энэ замыг “УАЗ-469” машин л туулна даа” хэмээхдээ бусдынхаа мэдэхгүйг хэлчихсэн мэт додигор сууна. Нээрээ ч тийм машиныг мэдэх хүүхэд энд цөөн. Монголд очиж үзсэн хүүхдүүд хэрхэн аялсан, машин нь замдаа эвдэрч, танихгүй хүмүүс тусалсан, хөдөө нутаг, таван хошуу малын тухай яриа цааш хөврөв.
Тус сургууль эх орондоо хэрэгтэй хүнийг бэлтгэх, монгол хүн болж төрснөөрөө бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой гэсэн. Учрыг нь лавлахад хүүхдүүд төдийгүй томчуудад эх орноо муулах хандлага их байдаг гэнэ. Тиймээс багш нар солонгос хүмүүс болоод Монголын талаар төсөөлөлгүй хүүхдүүдэд буруу сэтгэгдэл төрүүлэхээс сэргийлж тэдэнд аль болох зөвөөр тайлбарлахыг хичээдэг гэсэн.
Арга ядсан үедээ “Монгол маань хөгжиж байгаа улс. Энэ мэт асуудал байхаас аргагүй. Үүнийг засах хүмүүс нь та нар” гэж хүүхдүүдэд хэлдэг аж. Тэрчлэн тус сургуулийнхан Монгол бахархлын өдөр, Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж, бэсрэг наадам хийж, соёл, уламжлалаа сурталчилдаг юм билээ.
МОНГОЛОО, ДАРАА НЬ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ ХҮСЭЛТЭЙ ХӨВГҮҮД
Монголд нэг ч удаа очиж үзээгүй бага ангийн хүүхдүүдээс эх орныхоо талаар юу мэдэхийг нь асуухад зарим нь солонгос, монголоор холин ярив. Тэд “Цас их ордог, олон морь байдаг. Бас их шороотой гэсэн. Монголд очиж үзмээр байна. Та гэрт амьдарч үзсэн үү. Хэзээ Монгол явах вэ. Монголын хөдөө шороо байдаггүй хэрнээ хотод яагаад байдаг юм бол” гэж эргээд намайг асуултаар “булсан”. Харин Монголд сурч байсан хүүхдүүдийн хувьд “Сургуулийн сурах орчин, багш нарын хувьд ялгаатай. Энд цөөхөн хүүхэдтэй учраас багш хүүхэд бүртэй тулж ажилладаг” гэсэн юм.
Солонгосын хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 16 нас хүрсэн хүүхэд эцэг, эхийн зөвшөөрлөөр ажил хийх эрхтэй. Тус сургуулийн X ангийн сурагч Х.Түвшин-Амгалан амралтаараа зөөгчөөр ажилладаг. Тэрбээр “Нэг цаг ажиллаад 6500 орчим вон авдаг. Харин Монголд нэг цаг ажиллахад 1900 төгрөг байдаг гэсэн.
Солонгос хүмүүс мөнгийг нь авсан бол ажлыг нь хийх ёстой гэдэг бол монголчууд яаж зүгээр байж байгаад мөнгө авах вэ гэж боддог юм шиг санагддаг. Манайхан энэ зангаа засаж чадвал шинэ Монголыг бүтээнэ. Би хичээлдээ шамдаж, сайн сураад эх орондоо очиж, улсаа хөгжүүлнэ” гэв.
Энд ирээд зургаан жил болж байгаа, ирснээсээ хойш буцаагүй, XII ангийн сурагч Т.Тэгш-Алдар төгсөөд Монголын аль нэг их, дээд сургуульд сурах төлөвлөгөөтэй. Гэхдээ тэр бага зэрэг эмээж байна гэсэн. Учир нь Монголд түүнд найз байхгүй. Буцаж очно гэдэг нь дахиад өөр нэг шинэ улсад хөл тавьж байгаатай адил.
Интернэтээс авсан мэдээллээр нь бол “Монгол их замбараагүй, дээр, дооргүй юу хийхээ мэдэхгүй хүмүүсээр дүүрэн улс. Ийм нийгэмд очоод юу хийж, яаж амьдрах вэ гэдэгтээ санаа зовж байна. Гэхдээ эх орон минь учраас амархан дасах байх” хэмээн ний нуугүй хэлэхдээ Монголыг, дараа нь дэлхийг өөрчлөхийг хүсдэгээ ч нуугаагүй.
Түүний ярианаас эх орноо гэсэн, түүнийхээ төлөө санаа зовсон өнгө аяс илэрч байсан юм. Анх ирэхдээ тэрбээр солонгос сургуульд сураад эх хэлээ бараг мартсан хүүхдүүдийг хараад монгол сургууль л биш бол өөр сургуульд сурахгүй, нутаг буцна гээд шийдчихсэн байсан гэсэн.
Тэрбээр “Монгол хүний машин, эсвэл гэр нь ямар ч тоос тортоггүй, цэвэрхэн. Гэтэл гудамжинд энд тэндгүй хог, нус, цэр, тамхины иш. Харин солонгос хүний гэр, машин нь бохир. Гэсэн атлаа гудамж нь цэвэрхэн, хүмүүс хогоо ялгаж хаядаг. Монгол хүмүүст миний гэхээс бидний гэсэн сэтгэл байдаггүй. Улс маань хөгжөөд зам, талбай, барилга нь гоё болж байгаа гэсэн. Тэрнээс илүү хувь хүн бодлоо өөрчилбөл Монгол амархан хөгжинө” хэмээсэн юм. Түүний үгээр нийтлэлээ өндөрлөе.