- Аав нь Афганистанд, ээж нь охинтойгоо Солонгост, хоёр дүү нь Ерөөд энэ зуныг өнгөрөөнө -
Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд Монголын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 13 мянга орчим цэргийн алба хаагч оролцсон бөгөөд манайхны нэр хүнд, байр суурь жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Сав л хийвэл мөргөлдөөн, байлдаандаа тулчих гээд байдаг үймээн самуунтай харь газарт энхийг сахиулж буй ахлагч, офицеруудын ар гэрийнхэн ямархуу байдалтай аж төрдгийг харуулахаар “Өнөөдөр” сонин Монголд анх удаа “Аавын эзгүйд” нэртэй сонины реалити сурвалжилга эхлүүлсэн билээ. Цуврал сурвалжилгынхаа 10 дахийг хүргэж байна.
2017.06.16-ны баасан гариг.
БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт мэс засалд орох гэж буй М.Номин-Эрдэнэ, түүний ээж Д.Мөнхчимэг хоёрыг үдэн гаргаж өгөхөөр гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь өглөө эрт онгоцны буудалд цуглажээ. Ч.Мөнхжанцан дэд хурандааг Афганистан улсыг зорьсноос хойших хоёр сар гаруйн хугацаанд эдний гэр бүлд тохиолдсон нэгэн баярт үйл явдал нь энэ гарцаагүй мөн тул ийн хөл хөөрцөг бололгүй ч яах вэ.
Дархан-Уул аймгаас ээжийнх нь эгч нөхөртэйгөө хамт хот руу гарах гэж байгааг дуулсан М.Оюу-Эрдэнэ хөдөөнөөс яаран ирж, тэдэнтэй нийлжээ. Уг нь тэрбээр дүү М.Эрдэнэбатынхаа хамт Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байдаг нагац өвөө, эмээгийндээ амрахаар очоод байсан юм. Ээж нь тэднийг явахаасаа өмнө Ерөөд аваачиж өгөөд, эзгүй хойгуур нь эмээ, өвөөгийнхөө үгэнд орж, ажилд нь тусалж байхыг захисан билээ.
Гэвч хайртай эгч нь олон сарын турш хүсэн хүлээсэн мэс засалдаа орохоор харь нутгийг зорьж байгаа тул тэр өөрийн биеэр гаргаж өгмөөр санагдсан бололтой. Харин Төрхурахын аманд Хүндийг өргөлтийн холбооныхонтойгоо бэлтгэлд гарсан М.Анхцэцэг эгч нь ээж, дүү хоёроо гаргаж өгөхөөр урьд орой нь иржээ. Түүнчлэн Номиогийн ангийнхан буюу төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн есдүгээр ангиас гурван хүү ирж, гадаад руу эмчилгээнд явах гэж буй нэгэндээ сэтгэлийн дэм өгснийг дуулгая.
ХҮРГЭН АХ ХҮЧТЭЙ
“Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжилга олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Ч.Мөнхжанцангийн дунд охин М.Номин-Эрдэнийн эмчилгээний төлбөрийг бүрдүүлэх хандивын аян эхлүүлснээр ердөө 14 хоногийн дотор 73 сая төгрөг цугласан билээ.
Эх орноо, хүсэл мөрөөдлөө мөнгөөр солиогүй хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүд туслахаар элгэн түмэн монголчууд эрвийх дэрвийхээрээ хөдөлсний ачаар өнөөдөр ийн дүү нь эмчилгээнд явж буй. Улс орны эдийн засаг хямарч, тэр хэрээр айл өрхүүдийн орлого хонх ёнх болтлоо дундраад байгаа өнөө цагт монгол хүний халуун сэтгэлийн илч хариагүйн баталгаа, бид нэгдэж чадвал юуг ч бүтээж болохын тод жишээ энэ болов.
Энд хандивын аян өрнөж байхад Солонгосоос Анхаагийн зурагтай футболка, аяга худалдаж авъя гээд мөнгөө урьдчилан шилжүүлсэн хүмүүсийн захиасыг тээшиндээ хийсэн ээж, охин хоёр зэгсэн их ачаатай болоотохжээ. “Манай хил, гаалийнхан ч учирлаад хэлэхэд ачаа тээшийг минь гайгүй нэвтрүүлчих байх аа. Харин Солонгосын хил, гаалиар л асуудалгүй нэвтэрчихвэл зүгээр байдаг...” хэмээн Д.Мөнхчимэг эгч санаа зовинонгуй хэлсэн.
Гэрийн эзэн хилийн чанадад үүрэг гүйцэтгээд, эзгүй байгаа ч гэлээ хүргэн ах Л.Баярмагнай нь ирсэн тулдаа тэдний ачаа тээшийг боож баглах, өргөж тээх, “Буянт-Ухаа” руу хүргэх гол ажлыг нугалж байлаа. МИАТ компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн онгоц 08.30 цагт хөөрөх ёстой ч тэднийх Нисэхэд амьдардаг тул гэрээсээ тэгтлээ яаралгүй, тайван гарцгаав.
ЭРГЭЭД БАЯРТАЙ УУЛЗАХЫН ЕРӨӨЛТЭЙ НУЛИМС
07.40 цагт онгоцны буудалд очиход, эмээ Д.Долгорсүрэн, авга эгч Ч.Отгончимэг, авга ах Ч.Гонгор нар нь ирчихсэн, хүлээж байлаа. Хоёр сар гаруйн өмнө отгон хүүгээ Афганистан руу энхийг дэмжих ажиллагаанд явуулахдаа гэрээсээ үдэж байсан Д.Долгорсүрэн гуай ач охиноо өөрийн биеэр гаргаж өгөхөөр иржээ. Гадаад руу эмчилгээнд явах гэж буй охиноо байн байн энхрийлэн үнсэх буурай дотроо юу эсийг бодсон бол.
Номиог гэрийнхээ хамгийн эрх танхи нь гэдэг. Охин гэр бүл, ойр дотнынхонтойгоо салах ёс хийгээд, дотогш орохын даваан дээр мэлмэрүүлж орхих нь тэр. Түүний нулимс эмээ, ээж хоёрыг нь ч бас “уруу татав”. Гэхдээ энэ бол есөн сарын өмнөх тэр нэгэн аймшигт өдрийн өвдөлт, шаналал, “Даанч яав даа” гэсэн гаслангийн гашуун нулимсаас огт өөр билээ.
Энэ бол охиноо эрүүл саруул болгоод, эргээд баяртай уулзахын ерөөлтэй баярын нулимс юм. Харин энэ үед Анхаа том эгчийн хувиар “Хүсэн хүлээсэн хагалгаандаа ороод, эрүүл саруул, бас хөөрхөн болоод ирэх гэж байж битгий уйл” хэмээн дүүгээ тайвшрууллаа. Спортын хүний тэвчээр хатуужил, сэтгэлийн хат юухан дээр ч илэрдэг аж.
ТУС БАГАДАХГҮЙ
Энд нэг зүйлийг онцлоход, Мөнхжанцан дэд хурандаагийн ээж, ах хоёр нь нисэхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан аж. Тиймээс тэд жилд нэг удаа гадаад руу зорчих эрхтэй байдаг бөгөөд үүнийг нь МИАТ компанийнхан ээж, охин хоёрын нэр дээр шилжүүлж өгчээ. Хагалгааны явцаас шалтгаалаад тэнд нэг сараас илүү байхаар болбол тийзийн хугацаагаа сунгах эрх нь ч нээлттэй гэсэн.
Мөн Д.Мөнхчимэг эгчийг Солонгост очсон хойноо орон сууцныхаа түрээсэнд санаа зовохгүй байгаасай гэсэндээ байрны эзэд нь нэг сарын төлбөрөө авахгүй гэж хэлсэн талаар бид өмнө нь нийтэлсэн. Мах, цусан төрлийн холбоогүй, хар элгийн, жирийн нэгэн гэр бүл хүртэл “Охиныхоо хагалгааны зардалд тэр мөнгөө нэмэрлээрэй” хэмээснийг бодоход манайхан үнэхээр л халуун сэтгэлтэй ард түмэн ажээ.
Одоо ээж, дүү хоёроо иртэл Анхаа сэтгэл амар бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой боллоо. Учир нь тэд Солонгост хоёр сар шахам байхаар болчихоод буй.
Очсон өдөртөө эмнэлэгтээ шууд хэвтсэн М.Номин-Эрдэнэ охин маргааш эхний хагалгаандаа орно. Гүн түлэгдлийн дараах шатны эмчилгээ учраас нэг дор бүгдийг “бөөндөлгүй”, 21-28 хоногийн зайтай дараагийн хагалгааг хийхээр товлосон тухай ээж нь дуулгасан юм.