“Нар, хур тэгширсэн гэдэг үгийг энэ зун хэлж чадахгүй нь дээ гэж бодож байлаа. Бороо овоо орж байна шүү” хэмээн нэгэн найз маань фэйсбүүктээ бичжээ. “Энэ зун олон жилийн дунджаас илүү хална”, “Ган гачиг тохионо”, “Үүлэнд зориудаар нөлөөлсөн ч бороо орсонгүй” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх нь олширч, энд тэндгүй борооны мөрөөсөл болсон байв.
Тэгвэл уржигдраас манай орны зарим нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орлоо. Тодруулбал, уржигдар нийслэл болон Архангай, Булган, Дундговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн зонхилох нутаг, өчигдөр баруун болон говийн аймгуудын зарим, төвийн бүсийн зүүн хэсэгт тэнгэр хураа хайрлав.
Өнөөдөр төв болон зүүн, маргааш төв болон говийн аймгуудын зарим, нөгөөдөр зүүн аймгуудын өмнөд хэсгээр түр зуурын бороо орох гэнэ. Харин энэ сарын 25-наас ихэнх нутгаар хэт халах төлөвтэй гэж Цаг уур, орчны шинжилгээний газрынхан онцолжээ.
Удтал хүлээлгэсэн бороо газрын цангаа тайлж, олон хүнийг баярлуулсан ч зарим нутагт аюул дагуулав. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд уржигдар усархаг бороо 10 цаг хэртэй үргэлжлэн орсноос гол үерлэсэн байна. Улаанбаатарын иргэн Б тус голыг гатлах гэж яваад живж, нас баржээ. Мөн Увс аймгийн Өмнөговь суманд Ховд гол үерлэж, хөдөлгөөн хязгаарласан байна.
Харин нийслэлд уржигдар 19.00 цагийн үеэс эхлэн орсон бороо 24 цаг хэртэй үргэлжилж, хур хүлээсэн нийслэлчүүдийг баярлуулав. Усархаг бороо хот байгуулалт, хотын ажилд дүн тавьж, “E mart”, “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, “Сэлэнгэ” зочид буудал, “Саппоро” орчмын уулзварын авто замд их хэмжээний ус тогтсоны улмаас хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл үүсгэв.
Үүнтэй холбогдуулан ЗЦА-ныхан дээрх замуудаар зорчихгүй байхыг анхааруулж, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн баруун урд байрлах нүхэн гарцнаас Дунд голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өчигдөр 15.00 цагаас эхлэн түр хугацаагаар хаасан юм. Түүнчлэн Хан-Уул дүүргийн V-XI хороонд онцгой байдлын 55 алба хаагч, гурван автомашинтай ажиллаж, усанд автсан болон осолдож болзошгүй айлуудад санаа тавин ажиллажээ.
Ганцхан хоног орсон ч иргэд, хотын ажлыг шалгасан бороо биднийг гамшиг, болзошгүй аюулд хэр бэлтгэлтэй буйг шалгалаа. Жилийн жилд үерт автдаг, эрсдэлтэй бүс гэгддэг хэд хэдэн газарт онцгой байдлын алба хаагчид ажиллаж, үерийн ус соруулж, суваг, шуудуу шинээр гаргасан байна.
Үүнд, Баянзүрх дүүргийн 21, 27, Сонгинохайрханы 19, 28 дугаар хороо, Чингэлтэйн Дэнжийн мянга орчим зэрэг 11 бүс багтдаг аж. Бороо зогссон ч алба хаагчид үерийн даланг хааж буусан айлуудыг нүүлгэх, ус зайлуулах шугам хоолой тавих ажлаа үргэлжлүүлж, Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгах гэнэ.
Хуурайшилт ихэссэнтэй холбоотойгоор сүүлийн үед хэд хэдэн газарт түймэр дэгдсэн. Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Сэлэнгийн Ерөө, Мандал, Хэнтийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байсан юм. Тэгвэл Сэлэнгэ, Төв аймагт уржигдраас бороо орсноор түймэр унтарсныг ОБЕГ-ынхан онцоллоо.
Ойрын өдрүүдэд найман аймгийн нутгаар үргэлжилсэн болон түр зуурын бороо оржээ. Үүнээс Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймагт ширүүн бороо орсон гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээнд дурджээ. Газар тариалангийн гол бүс нутагт харьяалагддаг дээрх хоёр аймагт тэнгэр хураа илүү хайрласанд тариаланчид сэтгэл амарсан гэсэн.
Дашрамд дурдахад, үерт автлаа гэсэн дуудлага, мэдээлэл ОБЕГ-т өчигдөр 53 ирсэн бөгөөд алба хаагчид 15 дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авсан гэнэ. Гарааш болон хүнсний дэлгүүр усанд автсан дуудлага зонхилж байжээ.