“Номадик балет" продакшны уран бүтээлчид ээлжит бэлгээ бяцхан үзэгчдэдээ зориулж дэлгэлээ. Тэд энэ удаад ах, дүү Гриммийн 1812 онд зохиосон алдарт “Цасангоо ба долоон одой” үлгэрийг тайзнаа амилуулсан юм. Өнгөрсөн амралтын өдөр “Корпорэйт" зочид буудлын тоглолтын танхимд болсон эл бүжгэн жүжгийн гол дүр Цасангоод гоцлол бүжигчин О.Саруул бүжив. Хүн бүхний танил, дэлхий дахинд алдартай "Цасангоо" хэмээх энэхүү үлгэрийг дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулан, тайз, дэлгэцийн олон арван бүтээлийн гол сэдэв болгосоор ирсэн. Тэдгээрээс хагийн алдартай нь 1937 онд "Уолт Дисней" студийн таван жилийн турш хөдөлмөрлөж бүтээсэн "Цасангоо ба долоон одой" бүрэн хэмжээний, хөгжимт хүүхэлдэйн кино бөгөөд дүрүүд нь өнөөгийн хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчдийн зүрх сэтгэлд мөнхөрсөн, хайртай дүр билээ. Дэлхийн олон театрт "Цасангоо" балетыг тоглодог бөгөөд “Номадик балет" продакшны авьяаслаг, хөдөлмөрч залуус хөгжмийн зохиолч Б.Павловскийн хувилбараар эх орныхоо тайзан дээр анх удаа амилуулсан нь энэ байлаа. Монголын сонгодог урлагийн хөгжилд бас нэгэн шинэ хуудсыг нээж буй энэхүү бүтээлийг энэ сарын 19-нд үзэгчдэд дахин толилуулна.