АНУ-ын Лас-Вегас хотод энэ сарын 7 хүртэл үргэлжлэх жүдогийн ахмадын ДАШТ-д Монголоос 47 тамирчин зодоглож байна. Дээрх тэмцээний эхний өдөр өрсөлдсөн жүдочдоос М6 ангиллын (55-59 нас) 60 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Х.Нямдорж түрүүлж, аварга боллоо. Тус ангилал, жинд хүч сорьсон Орхон аймгийн “Хангарьд” клубийн тамирчин Г.Баатарсүрэн удаалсан юм.
Тэгвэл М9 (70+ нас) ангиллын 66 кг-д Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний Л.Зандан хүрэл медаль хүртсэнээр анхны тэмцээнээ амжилтаар эхлүүлэв. Түүнчлэн M6 (55-59 нас) ангиллын 73 кг-д Ховд аймгийн “Сутайн хүчтэн” клубийн тамирчин М.Гүнтэвдорж, М8 (65-69 нас) 73 кг-д мөн “Хангарьд” клубийн Н.Батсуурь, +100 кг-д Увс аймгийн “Увс нуур” дэвжээний Ж.Ганболд нар шагналт V байрт шалгарчээ.