Монголын боксын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Азийн хүрэл медальт, ОУХМ М.Намуун энэ спортоор хүүхэд байхаасаа хичээллэсэн. Түүнд амжилт авчирч, урам зориг төрүүлсэн жил 2015 он байв. Тэр жил өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрэл медальтай ирсэн нь хойшид олон улсын тэмцээнд өрсөлдөхөд их нөлөөлсөн гэдэг. Түүнээс хойш хоёр жилийн дараа залуучуудын ДАШТ-д оролцож, мөн хүрэл медаль хүртсэн нь шилдгүүдийн эгнээнд жагсаж, шигшээ багт хөл тавих эхлэл болсон юм. Орхон аймгийн боксын дэвжээнээс тамирчны гараагаа эхлүүлж, улсын аваргаар долоон удаа тодорсон тэрбээр 2019 онд Азийн АШТ-ээс хүрэл медаль гардаж байв. ХБНГУ-д 2023, Монголд 2024 онд зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнд хошой аваргаар шалгарсан түүнийг зочноор урилаа.
-Дэлхийн боксын холбооноос Монголд анх удаа зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын тэмцээнээс тамирчдаа медаль хүртэхийг хараад үзэгчид догдолж огшсон. Та ч эх орныхоо дэвжээнд дэлхийн шилдгүүдийг буулган авч түрүүллээ.
-Манай улсад болсон томоохон тэмцээн тул үзэгчдэд таалагдаж, сэтгэл өндөр хүлээн авч байгаа нь анзаарагдсан. ОУОХ өнгөрсөн жил Олон улсын боксын холбооны (IBA) шүүгчдийн шүүлтийн луйврын асуудлыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гишүүнчлэлийг нь цуцалсан. Үүнтэй зэрэгцээд Дэлхийн боксын холбоо байгуулагдсанаар олон улс нэгдэх болсон юм. Монгол Ази тивээс тус холбоонд нэгдсэн анхны улс. Тиймээс манайд томоохон тэмцээн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бид эх орондоо болж байгаа гэдэг утгаар өндөр ач холбогдол өгч оролцсон. Олон улсын тэмцээнд хараахан оролцоогүй шинэ залуу тамирчдад энэ удаа “Дэлхийн цом”-д өрсөлдөх боломж гарлаа. Тэдний зарим нь жиндээ дэлхийн шилдэг тамирчидтай тулалдан өөрийгөө таниулж, медаль хүртэн амжилтынхаа гарааг эхлүүллээ. Миний хувьд ХБНГУ-д өнгөрсөн жил зохион байгуулахад нь түрүүлсэн тул аваргаа хамгаалж тоглохыг хичээсэн. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд найман тамирчин өрсөлдсөн. Би эхний тоглолтод Филиппин, дараагийнхад нь БНХАУ-ын тамирчныг ялж, финалд шалгарсан юм. Алтан медалийн төлөөх тулаанд Японы тамирчныг хожиж, хошой аварга боллоо.
-Шилдгүүдийг ялахын тулд танаас хурд, хүч, ухаан, ур чадвар их шаардах шиг болсон доо.
-Надтай учраа таарсан тамирчдаас Хятадын боксчин хамгийн амаргүй нь байв. Өмнөд хөршид хамтарсан бэлтгэл хийхээр цөөнгүй очсон ч тухайн тамирчныг огт харж байгаагүй. Тиймээс бид хэн хэндээ шинэ танил байлаа. Тэрбээр урагш шахаж, довтолдог онцлогтой. Ийм тамирчин өрсөлдөгчөө ядрааж сульдаадаг. Түүнийг ялахын тулд надаас хурд, эрч хүч, ухаан, ур чадвар, туршлага маш их шаардсан шүү. Рингэнд өрсөлдөгчөө бүрэн судлах боломж бараг гардаггүй. Тоглох явцдаа эхний нэг минутыг судлахад зарцуулна. Бидний тулаан II, III үед ширүүн өрнөсөн. Аль аль нь ялахыг хичээж байв. Тайлбарлагч “М.Намуун ч гэсэн ядарсан харагдана. Маш их хүч, хатуужил тэвчээр гаргаж байна даа” гэж хэлснийг нь тэмцээн өндөрлөсний дараа бичлэг үзэхдээ сонссон. Эх орныхоо дэвжээнд үзэгчдийн өмнө аваргаа хамгаалж тулалдах нь миний зорилго байлаа.
-Та шигшээ багийн босгоор алхаад багагүй хугацааг үдлээ. Бокстой нөхөрлөсөн он жилүүдийнхээ дурсамжаас сөхвөл сонирхолтой түүх өгүүлэх байх.
-Шигшээ багт хөл тавиад долоон жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд дотоод, гадаадын олон тэмцээнд оролцлоо. Би 11 жилийн өмнө энэ спортод хөл тавьсан. Хүүхэд байхдаа гар утсаа дээрэмдүүлэхэд аав, ээж “Хэн нэгэнд дахиж дээрэлхүүлэхгүйгээр биеэ хамгаалдаг бол” гэж боксоор хичээллэх санал тавьсан юм. Тэр үед гэрийнхний минь санал таалагдаж, бэлтгэл хийхээр явдаг боллоо. Багш нэг өдөр “Та нар Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд оролц. Би аваад явъя. Медаль авхуулна гэж амлахгүй ч тэмцээн үзүүлээд дарийн утаа үнэрлүүлмээр байна” гэв. Багшийн хэлснийг гэрийнхэндээ дуулгахад “Чамайг биеэ хамгаалж сур гэсэн болохоос тамирчин бол гээгүй. Гурван жил хичээллэсэн хүүхдүүдтэй 20 гаруй хоног хичээллэсэн чи тулалдаад бэртэж гэмтэнэ шүү дээ” гээд зөвшөөрсөнгүй. Боксын тэмцээн үзэгчдэд сайхан санагддаг ч тулалдаж буй тамирчдын аав, ээжид бол хэцүү л байдаг. Аав, ээжийнхээ үгнээс гардаггүй би тэр тэмцээнд оролцохын тулд уйлж байлаа. Охиноо хүсэл сонирхлынхоо төлөө өөрсдөөс нь анх удаа зөрөхийг тэд харчхаад ихэд гайхаж, сүүлдээ зөвшөөрсөн дөө.
-Тамирчны амьдралаар замнах хэцүү л гэдэг. Та ч гэсэн дардан замаар урагшлаагүй байх. Унаж, босох үед хамгийн их бодогддог зүйл тань юу вэ?
-Тамирчин байх бодсоноос амар зүйл биш л дээ. Баярлаж гуниглах үетэй байнга нүүр тулдаг. Миний хувьд амжилт төдийлөн ахихгүй, медалийн бараа харалгүй хоёр жил явсан. Сүүлдээ аав, ээждээ тэмцээнд оролцохоор болсноо хэлэхээс ч халгана. Тэдэндээ “Би бэлтгэлээ хийж байгаа шүү” гэж худал хэлнэ. Манайхан мэдээ үзээд намайг мэдчихдэг. Ээж холбогдож “Миний охин яаж байна. Хэцүү санагдаад уйлж сууна уу” гээд асууна. Надад сэтгэл зовниж буйгаа мэдэгдэхгүйг хичээдэг ч дуу хоолойных нь өнгөнөөс мэдрэгддэг юм. Тамирчдын туулсан замыг би ч гэсэн туулж яваа. Амархан ирдэг амжилт гэж байхгүй. Заримдаа “Би буруу зүйл хийгээд байна уу. Миний явах зам энэ мөн үү” гэж өөрөөсөө асуудаг. Бэлтгэлээ сайтар базааж, жиндээ орсон хэрнээ л тэмцээнд азгүйтэж, ямар нэгэн тохиолдлоор хожигдоно. Тийм үед “Одоо болих цаг болсон гэж үү. Амжилт гаргах үе минь энэ хүрээд дуусаж байгаа юм болов уу” гэж боддог. Өөрийгөө голсон, буруутгасан бодол хүнийг улам доошлуулдаг шиг санагдсан. Олимп, дэлхийн медальтан болно гэж хүссэн тэмүүлэл минь намайг унаж, босоход, эргэлзэж тээнэгэлзэхэд бокст буцаан авчирдаг байлаа. Одоо бол амжилт гаргах, үр дүнд заавал хүрэх ёстой гэсэн хүнд бодлоор өөрийгөө ачаалахаа больсон. Дуртай спортдоо зав гаргаад хөдөлмөрлөж байгаа цаг хугацаанаас, өдөр бүр хийж буй бэлтгэлээсээ аз жаргалыг мэдрэхийг хичээж байгаа.
-Сэтгэл тавгүй үедээ хэнтэй ярилцаж тайвширдаг вэ?
-Ээжтэйгээ. Хүн өөрийг нь ойлгодог хүнтэй ярилцахад тайвширдаг. Найз залуу минь миний хамгийн сайн сонсогч. Дуу цөөнтэй, даруу зантай. Надад урмын үг хэлж, хурцлахгүй ч яриаг минь хэзээ ч тасалдаггүй. Намайг ярьж дуусангуут “Үргэлжлүүлээд, хичээгээд үз дээ” гэнэ. Би өмнө нь “Түүнийг ялж, заавал түрүүлнэ” гэсэн хатуу зорилго тавьж, өөрийгөө стресстүүлдэг байлаа. Энэ удаагийн “Дэлхийн цом”-д аварга болно гэхээс илүү үзэгчдэд өнгөрсөн жилүүдэд хэр суралцсанаа, багш нартаа бэлтгэл хэрхэн хийснээ харуулъя. Ялж, хожигдох нь хамаагүй, сурсан, мэдсэн зүйлээ харуулж, харамсахгүйгээр тулалдъя гэж зорьсон.
-Боксчдод хоногшиж үлдсэн тулаан байдаг даа. Тэр үе рүү тань буцааж авчирдаг дурсамжаар чинь аялъя.
-Бий бий. АНЭУ-ын Дубайд 2021 онд болсон Азийн АШТ-д Казахстаны тамирчинтай тулалдлаа. Түүний урагш давшдаг, замбараагүй тоглолт маш их ядрааж бухимдуулсан. Шүүгч түүнийг II үед торгож, ялалтыг надад өгөв. Шийдвэрлэх тоглолтод би хожих нь тодорхой болоход гурван шүүгчийн хоёр нь тэнцүүлж, нэг нь түүнд ялалтыг өгсөн. Тэгсэн тэнцүүлсэн хоёр шүүгчээс дахин санал авахад нөгөө талд ялалтыг өгчихлөө. Хожиж явсан тулаан сонин тохиолоор өөр тийш эргэж, өрсөлдөгчдөө 3:2-ээр ялагдсан юм. Тэр үед Азийн аварга болох боломж байсан ч атгаад алдсандаа харамсдаг. Хүнд хэчнээн хичээсэн ч санаснаар болдоггүй зүйл байдаг. Тэр тэмцээнд тийм л зүйл болсон. Ялагдал маань олон сар бодогдож, дахин босох хүч төрүүлсэн. Түүнээс хойш алдаандаа дүгнэлт хийж, илүү хичээсэн дээ.
-Б.Пүрэв-Очир багшийн удирдлагад боксоор хичээллэсэн охидоос та өдгөө шилдгүүдийн эгнээнд багтдаг тамирчин болжээ.
-Би Орхон аймгийнх. “Эрдэнэт бокс” клубээс гараагаа эхлүүлж, өнөөг хүртэл тууштай явахад багшийн хичээл зүтгэл нөлөөлсөн. Боксын тэмцээнд аав, ээжээс зөвшөөрөл авч анх оролцохдоо ОХУ-ын туршлагатай тамирчинд хожигдсон юм. Тэгтэл багш “Чамаас авьяас харагдлаа. Шилдэг тамирчинтай тулалдсан гэхэд муугүй шүү. Болж байна” гээд медаль авсан мэт урам өгч билээ. Түүнээс гадна танихгүй дасгалжуулагчид ирээд “Чиний тоглохыг үзсэн. Хойшид хичээвэл ямар ч тамирчинтай таарсан ялахаар байна” гээд сэтгэлийн дэм өгч байв. Хэрвээ багш урам зориг төрүүлээгүй бол ганц ялагдчихаад халширсандаа орхих байсан биз. Намайг бокст үлдээхийн тулд найз нөхдөдөө “Чи очоод шавьд минь урмын үг хэлээд өг” гэж ятгасан “явуулга” байсан гэж боддог юм. Түүний “Энхийн цагт хөлс их гарвал дайны цагт цус бага урсана” гэж хэлдэг үг нь сэтгэлд хоногшжээ. Багш хүүхэд байхаас минь бүх зүйлийг эхнээс нь заасан. Шигшээ багт ирэхэд ч өмнөх шигээ нэгбүрчлэн тулж ажилласан шүү. Энэ удаа ч гэсэн намайг “Дэлхийн цом”-ын дэвжээнд авч гарлаа. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчны дасгалжуулагчийг шагнасан юм. Тамирчин хүн багшийгаа шагнал гардахад өөрөө медаль хүртсэнээс илүү баярладаг юм билээ.
-Тэмцээнд оролцохоор очиход тань таатай сэтгэгдэл үлдээсэн нь ямар улс бол?
-Би нам гүм, хүн цөөнтэй, цэвэр, тухтай орчинд байх дуртай. Надад бороо орохын өмнөх бүүдгэр, бүрхэг тэнгэр таалагддаг. Ингээд бодсон чинь хамгийн түрүүнд Европын орнууд санаанд орж байна. Польшийн Варшав, Йорданы Амман хот сайхан санагддаг. Залуучуудын ДАШТ-д оролцоход багш “Энэтхэгт нэг ирсэн хүн гурван удаа хөл тавьдаг юм даа” гэж билээ. Түүний хэлснээр гурван удаа зорьсон. Тус улсад дэлхийн зургаан удаагийн аварга Мери Ком бий. Хөгжөөн дэмжигчид нь эмэгтэй боксчдодоо их хайртай. Энэтхэгт түүний амьдрал, амжилт, уналт, босолтыг харуулсан кино байдаг. Гэхдээ түүний туулсан замналыг амархан, хөнгөн мэт гаргасан санагдсан. Мери Ком кинонд гардгаасаа илүү хүнд зам туулж амжилтад хүрсэн. Уран сайхны аргаар бүтээсэн кино шүү дээ гэж бодоод л шүүмжлэнгүй үзэж байлаа. Би түүнийг Монголд 2017 онд болсон “Чингис хаан-Улаанбаатар цом” олон улсын тэмцээнд оролцохоор ирэхэд нь харж байлаа.
-Тантай тулалдсан тамирчдаас хамгийн сонирхолтой тоглолт өрнүүлсэн нь хэн бэ?
-Серби улсын нэр дээр тоглодог ОХУ-ын Буриадын тамирчин Наталъя Шадрина хамгийн сонирхолтой тулаан өрнүүлсэн. Хэдийгээр миний өрсөлдөгч ч гэлээ түүний ур чадвараар бахархаж, шилдгүүдийн нэг болохыг нь хүлээн зөвшөөрч билээ. Түүнийг Парисын олимпод өрсөлдөж, 60 кг-д мөнгөн медаль хүртэхэд нь их бахархсан. Буриадын Улаан-Үд хотод 2017 онд болсон тэмцээнд түүнтэй тоглохдоо урагш довтолдог арга барилтайг нь мэдсэн юм. Тухайн үед би хэнд ч бууж өгөхийг хүсдэггүй, шартай байв. Тактик сайн мэдэхгүйгээсээ болж “Түүний довтолж тоглох ямар хамаатай юм. Би ч гэсэн адилхан үзэлцэнэ” гэж тулалдсан. Тэрбээр өөрөөсөө нэг их хүч зарцуулахгүйгээр хөнгөн тоглосоор намайг ялж билээ. Миний шаталт дээр ажиллаж, ялалт байгуулахад туршлагатайг нь мэдэрсэн.
-Өөрийгөө хөгжүүлэхэд та цаг зав хэр гаргаж байна вэ?
-Шигшээ багийнхан долоо хоногийн зургаан өдөр бэлтгэл хийдэг. Энгийн хүмүүс шиг өдөржин ажиллахгүй ч өдөрт гурван цаг сургуулилалт хийдгээ бодохоор чөлөөт цаг ихтэй ч юм шиг. Гэхдээ томоохон зүйл төлөвлөөд өөрийгөө хөгжүүлэхэд дутмаг. Бэлтгэл, сургалт, хамтарсан сургуулилалт, гадаад, дотоодын тэмцээнд оролцдог болохоор урт хугацааны ажил төлөвлөх боломжгүй байдаг юм.
-Тэмцээний товлосон хугацаа дөхөхөөр таны сэтгэл зүй ямар болдог бол?
-Сүүлийн үед хүнд бодлуудаас өөрийгөө чөлөөлдөг болсон. Миний хүсдэг үр дүн бол бэлтгэлээ сайн хийдэг шигээ рингэнд ч гэсэн тэгж тоглохыг зорьдог. Тамирчин хүнд спортын сэтгэл зүйчийн зөвлөгөө чухал юм билээ. Боксын шигшээ багийнхантай сэтгэл зүйчид хамтарч ажилладаг. Хүмүүс тэднийг тамирчдыг өөртөө итгэлтэй болгож, зоригжуулах үүрэгтэй гэж боддог. Би ч гэсэн эхэндээ ийм л бодолтой байлаа. Гэтэл сэтгэл зүйн зөвлөгөө өөр болохыг уулзаж ярилцахдаа ойлгосон юм. Энэтхэг улсад өнгөрсөн жил болсон ДАШТ-д сэтгэл зүйчтэй анх удаа хамтарч ажиллахдаа олон зүйлийг ухаарсан. Би багаасаа аливаа зүйлд үүрэг хариуцлагатай байхыг хичээж ирсэн. Ангийн багш, 10 жилийн хамт олон, найз нөхөд, ойр дотнын минь хүмүүс “Намуунаа л чадна, мэднэ, хийнэ” гэсэн итгэл хүлээлгэхэд даагаад л гардаг байв. Сэтгэл зүйчтэй анх уулзахдаа яг тэр зангаараа хандсан. Тэр үед Б.Золзаяа эгч “Чиний бодож байгаа зорилго юу вэ гэж” асуухад “ДАШТ-ий финалд заавал шалгарна. Энэ бол миний гол зорилго” гээд хариулж байв. Тэрбээр Монголд болсон “Дэлхийн цом”-ын тэмцээн эхлэхийн өмнө надтай дахин уулзаж зорилгыг минь асуухад “Би хэдэн тулаан хийж, ялж, ялагдах нь хамаагүй. Зүгээр л рингэнд гараад харамсахааргүй тогломоор байна” гэхэд толгой дохиод “Чи өмнөхөөсөө өөр болсон байна” гэсэн шүү. Хүнд өөрийгөө таних, дотоод ертөнц рүүгээ өнгийж ярилцах цаг ирдэг. Уналт, босолтын дараа надад өөрийгөө таних үе иржээ гэж бодсон шүү.