Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг долоодугаар сарын 13- наас эхлэн улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд байршуулаад буй. Өнгөрсөн сарын 31-ний байдлаар уг сонгуульд оролцох 2 246 511 сонгогч бүртгэгдсэн байгаа аж. Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд болох тул тэр хүртэл сонгогчдын тоонд тодорхой өөрчлөлт орно. Нас барсан иргэдийг хасаж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан сонгогчдыг нэмж тооцно гэсэн үг. Тиймээс сонгогч та бүхэн www.election.burtgel.gov.mn хаягаар орж, нэрийн жагсаалт дахь бүртгэлээ шалгах боломжтой.
УИХ-ын сонгуулийн үеэр иргэд цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон байнга оршин суугаа хаягт бүртгэгдсэн бусад хүний мэдээлэл, тоог харж болж байсан билээ. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан зарим дэвшилт заалтыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд оруулаагүй. Тиймээс энэ удаа хаяг дээр нь бүртгэлтэй бусад сонгогчийн тоо, мэдээллийг харах боломжгүй, зөвхөн өөрийнхийгөө шалгах аж. Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй байвал оршин суугаа газрынхаа Улсын бүртгэлийн хэлтэст хандан засуулах юм байна.