Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
Түүхэнд анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох уг сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даагч 1338 хүн өрсөлдөж буй юм. “Өнөөдөр” сонин УИХ-ын сонгуулийн 13 тойрогт нэр дэвшигчдээс танилцуулж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дангаараа УИХ-ын сонгуулийн наймдугаар тойрог болж буй. Хамгийн олон буюу 380 гаруй мянган хүн амтай, өрсөлдөөн ихтэй дүүрэг гэдгээрээ онцлог. Таван мандаттай уг тойрогт 17 нам, хоёр эвслийн болон бие даагч нэг, нийт 88 хүн нэр дэвшсэн байна.
МАН-аас энд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн болон дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг нэр дэвшүүлсэн юм. Эдгээрээс олон нийтэд төдийлөн танил биш гишүүн нь Э.Бат-Амгалан. Тэрбээр Баянзүрх дүүргийн, дараа нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Тэгвэл дүүргийн Засаг даргын хувьд Н.Баярмөнхөд давуу тал байж мэднэ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд дүүрэгтээ ажил хийсэн бол шүү дээ. Намынхаа буруу булхайг нээлттэй шүүмжилж чаддаг, шударга гэж харагддаг учраас олон нийтэд нэр хүнд гайгүй нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр. Тэрбээр эрх баригч намаас илгээсэн хүчтэй өрсөлдөгчдийн нэг байх болно.
2020 оны сонгуулиар иргэд ихэд итгэж, боловсролтой, залуу хүн өөрөөр сэтгэж ажиллана хэмээн сонгосон, эмэгтэйчүүдийн төлөөлөл бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албыг давхар хашдаг, гишүүн Х.Булгантуяа. Гэвч тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд итгэсэн шиг зоригтой өөрчлөлт хийж, энэ салбарыг өөд татсангүй. Намын бодлогоо аялдан дагаад, олон нийтийн дургүйг хүргэх бодлогогүй үгс унагасан шиг өнгөрөөлөө. Тиймээс одоо түүнээс ихийг хүлээх хэрэггүй. Хүний гавьяат эмч, эрүүл мэндийн салбарыг өөд нь татна гэж сонгогдсон, гишүүн Ж.Чинбүрэн дахин хүч үзэж байна. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэгтэй түр хороог УИХ-аас жилийн өмнө байгуулж, даргаар нь Ж.Чинбүрэнг томилсон юм. Уг түр хорооныхон сонгуулийн жил эхэлснээс хойш гэнэт л шаргуу ажиллаж, эмийн үйлдвэрүүдийг шалгах болсон. Ж.Чинбүрэн гишүүн эл асуудлыг сонгуулийнхаа сурталчилгааны “сэдэв” болгоод авчихсан. Өмнөх гурван жилд нь чимээ аниргүй сууж байснаа гэнэт идэвхтэй болсныг өөрөөр яаж харах билээ. Түүний талаар “Ер нь эмчээ хийж, хүмүүсийн амь авраад явж байсан нь улс орондоо илүү хэрэгтэй юм байна даа” гэсэн дүгнэлт их сонсогдоод буй нь нууц биш. Сайн эмч бүр сайн улс төрч болж чаддаггүй. Хүн чаддаг, хэрэгтэй салбар, газартаа л мэдлэг, туршлагынхаа өгөөжийг харуулдаг хойно.
АН-аас залуу, шинэ хүмүүсийг нэр дэвшүүлсэн байгаа юм. Тэд эв найртайгаар баг болон ажиллаж буй юм билээ. Бүгд цахим хуудасныхаа дэвсгэрийг хамт авхуулсан зургаараа сольсон байна лээ. Тус намын нэр дэвшигчдийн дунд хоёр эмэгтэй бий. Сонирхолтой нь, тэд хоёулаа Ганболд гэдэг ижил овогтой юм байна. Г.Ууганцэцэг нь нийгмийн сүлжээнд дүр төрх нь харьцангуй танигдсан, телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлэг хөтөлж байсан, хүний их эмч, уламжлалт анагаах ухаан, дотоод шүүрэл, эмнэл зүйн дархлаа судлалаар мэргэшсэн эмч аж. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид намынхаа өнгө бүхий хантааз, пиджаак, дээл гэх мэтээр жигдэрч буй. Тэгвэл АН-ын нэр дэвшигч, эрх зүйч Г.Болормаа бор дээл сонгожээ. “Бор дээлт” гэсэн тодотгол өөртөө өгсөн байна лээ.
Харин залуус нь арай өөр. М.Тулгат 2016 оноос Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй юм. АН-ынхан дотроо талцаж асан үед тэрбээр тус намын даргаар хүртэл ажиллаж үзсэн, эдийн засагч мэргэжилтэй, харьцангуй танигдсан залуусынх нь нэг. Мөн 1980-аад оныхны төлөөлөл болох Ц.Жадамбаа 25 наснаасаа улс төрд хөл тавьж, АН-ын нарийн бичгийн даргаар томилогдож байжээ. Тэрбээр 2012-2016 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар ажиллаж, ТҮЦ машин, хоёр хувийн НӨАТ-ын буцаалт, замын цагдаагийн бэлэн бус төлбөр тооцооны систем, Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 3G сүлжээ бий болгох зэрэг цөөнгүй ажил хийсэн байна. Хуульч, мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн инженер мэргэжилтэй эл залууг АН-ыг өнгөлөх өрсөлдөгчдийн нэг гэж хэлж болно. Т.Батцогт бол 2012-2020 он хүртэл найман жилийн турш Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан хүн. Тэгэхээр дүүрэгтээ нэлээд танигдсан байх нь. Эдүгээ нийслэлийн АН-ын хорооны даргын албатай, инженер мэргэжилтэй, намынхаа аппаратад цөөнгүй жил ажилласан туршлагатай. УИХ-ын гишүүн байгаагүй, эдгээр нэр цэвэр залуус баянзүрхчүүдийн хувьд боломжийн сонголт байхаар харагдаж байна.
МАН, АН-аас гадна ИЗНН, Иргэний хөдөлгөөний нам, БНН, Шинэ нэгдсэн эвсэл, ХҮН, Ард түмний хүч, Үнэн ба зөв, Ард түмний олонхын засаглал, Иргэдийн оролцооны нэгдэл намаас тус бүр таван хүн нэр дэвшүүлсэн аж. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам хамгийн цөөн буюу хоёр хүн сойжээ. Мөн өрсөлдөөн ихтэй тус дүүрэгт энэ удаа Г.Батболд хэмээх ганцхан бие даагч нэрээ дэвшүүлсэн байгаа юм. Үндэсний эвслээс хүйсийн харьцаа 50:50 байдлаар дөрвөн хүн нэр дэвшүүлсэн байна. Инженер, газар зохион байгуулагч мэргэжилтэй, эдүгээ Монголын сүүний нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг Б.Жадамба, “Мэдлэгийн хотхон” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, эрх зүйч Б.Эрдэнэбат, багш, эдийн засагч, “Хөх хүрээ” Монгол боловсрол судлалын хүрээлэнгийн тэргүүн, АНУ-ын Рочвиллын их сургуулийн магистр П.Энхцэцэг, багш, БНСУ дахь “Ань Мин” хууль зүй, өмгөөллийн товчооны ахлах зөвлөх Ц.Мөнхцацрал нар уг эвслийг Баянзүрхэд төлөөлж буй нэр дэвшигч байх нь.
ХҮН намын таван нэр дэвшигчийн гурав нь эмэгтэй юм байна. Энэ дүүрэгт нам намаас сойсон эмч нарын нэг нь О.Цэцэгбал. Блоггер Шагж гэлэнг дагадаг хүмүүс бол энэ бүсгүйн хувь хүнийг сайн мэднэ. Таван хүүхдийн ээж, тайван, дөлгөөхөн ч зорьсон ажилдаа тууштай, махруу нэгэн гэдгийг нөхрийнх нь бичвэрээс эчнээ мэддэг болжээ. Сонгуульд нэр дэвшсэнийг нь мэдэх хүртэл түүнийг Удаан гэдэг нэртэй гэж уншигчид нь боддог байсан юм. Тэгвэл жинхэнэ нэр нь О.Цэцэгбал юм билээ. Эмч мэргэжилтэй эл бүсгүй биеэ засаад гэрээ зассан, одоо төрөө засахад эмч, эх хүний хувиар мэдлэг, туршлагаа зориулахаар шийдсэн гэнэ. Ногоон дээл, улаан трико бол түүний сонгуулийн үеэр бүрдүүлсэн имиж. Мөн сэтгэл зүйч Д.Батцэцэг, санхүүч Б.Алимаа нарын бүсгүй бий. Эдийн засагч Г.Баттөмөр хэмээх залуу ч энэ багт багтжээ. ХҮН намын багийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр ахалж буй гэхэд болно. Нэр дэвшигчид дундаасаа олон нийтэд танигдсан ганц хүн нь тэр байгаа юм. Мөн дээрх сургууль нь боловсролын салбарт хувь нэмрээ оруулж яваагаар нь хүмүүс үнэлдэг. 2020 оны сонгуулиар тэрбээр мөн тус дүүрэгт нэр дэвшиж, чамлахааргүй санал авч байсан. Тиймээс тэр энэ удаа сонгогдох магадлал өндөртэй өрсөлдөгчдийн нэг болж буй. Эрх чөлөөний эвсэл намаас нэр дэвшүүлсэн дөрвөн хүнийг дарга Б.Цацрал нь ахалжээ. Сэтгүүлч мэргэжилтэй эл бүсгүй “No war” хөдөлгөөний гишүүн, иргэний нийгэм гэж нэрлэдэг байсан бүлгийг эдүгээ төлөөлж буй гэхэд болно.
МАН-ыг эс тооцвол бусад намаас улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй, шинэ гэж болохоор хүмүүс голдуу нэр дэвшигч нь наймдугаар тойргийн өрсөлдөөнийг илүү сонирхолтой болгож буй юм. Улиг болсон хуучин улс төрчид биш, шинэ салхи үлээж мэдэх хувилбар энэ тойрогт харагдаж байна.