СЕХ-ноос сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг өнгөрсөн баасан гарагт улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа. СЕХ-ны Мэдээллийн технологийн төв, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцсон ажлын хэсгийнхэн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгосноор хэсгийн хороодод хүргүүлдэг юм.
Сонгогчийн санал авах, тоолох, дүнг гаргах үйл ажиллагаанд “New image cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэдэг. Энэ нь санах ойн төхөөрөмж, саналын хайрцаг, нөөц тэжээл, хамгаалалтын соронзон түлхүүр, тэжээлийн залгуур, модем, зөөврийн хуванцар цүнхнээс бүрддэг юм байна. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 2198 хэсгийн хороонд санал тоолох 2943 төхөөрөмж ашиглах аж. Нам, эвсэл болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл санал тоолох төхөөрөмжүүдээс сонгон, бүрдэл бүрийг шалгаж саналын хуудас уншуулж, үйл ажиллагааг нэг бүрчлэн туршиж үзсэн юм. Ажиглагчид саналын хуудсыг хэд хэдэн янзаар тэмдэглэн уншуулж шалгасан байна. Мөн саналын хуудсыг дуурайлган хийсэн нөхцөлд унших, эсэхийг ч нягталжээ. Саналын хуудас усан хээтэй үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтайгаар аймаг, дүүргийн хэмжээнд хэвлэгддэг. Үүнийг олшруулах боломжгүйг ажиглагчид нягталж баталгаажуулсан аж. Саналын хуудсыг сонгогчдын тоонд үндэслэж, тодорхой нөөцтэйгөөр хэвлүүлснийг хэсгийн хороодод тагнуул, цагдаагийн байгууллагын хяналтын дор хүргүүлж буй юм.