-Би эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр 19 дэх жилдээ ажиллаж байна. ХБНГУ, Швейцар улсад мэргэжлээрээ ажиллаж байсан. Энэ хугацаанд ургийн оношилгоо, гажиг заслаар нарийн мэргэшсэн.
Ажиллаж буй салбараа хамгийн сайнаар хөгжүүлэх нь миний мөрөөдөл. Бусад улс оронд перинатал тусламж, үйлчилгээ маш сайн хөгжсөн. Эх жирэмслэхээс төрөх хүртэл нь бүрэн гүйцэд оношилж, эмчилдэг. Эхийн хэвлий дотор нь урагт мэс засал хийдэг болчихсон. Намайг ажлаа авах үед буюу 2021 онд манай улсад ийм төв байгаагүй. Тиймээс перинаталогийн үндэсний хэмжээний төвтэй болно гэж ажлаа эхлүүлсэн юм. Одоо дөрвөн давхар барилга барьчихсан үйл ажиллагааг нь эхлүүллээ. Манай улс цөөн хүн амтай. Жирэмсэлж буй, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд ойролцоогоор 30-40 хувийг эзэлж байгаа. Эхийн хэвлийд бүрэлдсэн ураг бүрийг бүрэн гүйцэд оношилдог, эмчилдэг болно. Эрүүл монгол хүнийг бий болгохын тулд эх барихын салбарын тэргүүлэх чиглэл перинатал оношилгоо, эмчилгээг сайжруулах ёстой. Тиймээс хамгийн түрүүнд эх, ургийн оношилгооны төвтэй болж, цогцоор нь ажиллуулъя гэсэн зорилтдоо хүрлээ. Ингэснээр эх, нярайн эндэгдэл буурах боломжтой.
-Перинаталогийн төвтэй болсноор ургийн гажгийг оношилж, эндэгдлийг бууруулах боломжтой гэж ойлгож болох уу?
-0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дийлэнх нь нярай үедээ байдаг. Өөрөөр хэлбэл, хүүхэд төрсний дараа эндэх тохиолдол олон. Үүнд гурван шалтгаан нөлөөлдөг гэж үздэг. Нэгдүгээрт, перинаталоги үед үүссэн эмгэг. Өвчтэй ээжээс эмгэгтэй хүүхэд төрөх эрсдэл өндөр. Дараагийнх нь амьсгалын гачаал буюу хүчилтөрөгчийн дутагдал нь ургийн бүтэлт, төрөлхийн гажиг үүсэхэд нөлөөлдөг. Урьдчилан сэргийлж болохуйц хүүхдийн эндэгдэл гэж бий. Үүнийг бууруулахын тулд бид бүх арга хэмжээг авах ёстой. Тухайлбал, зүрхний гажигтай ураг байлаа гэж бодъё. Эхийн хэвлийд нь зүрхний нарийссан судсыг нь тэлээд өгчихвөл бусад эрхтэн системд нөлөөлөхгүйгээр ураг өсөж хөгжих боломжтой. Хүүхэд мэндэлсний дараа тэлсэн судсыг нь эмчилж, мэс засал хийх юм. Бусад оронд ингэж ажилладаг. Манай улсад бүрэн оношилж чаддаггүй нь хүний нөөц, тоног төхөөрөмжийн асуудал зэргээс шалтгаалж байсан. Нөгөө талаас манай төв эх болон хүүхдийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс эх, хүүхдийг салгаж ойлгож болохгүй. Хүүхдийн тусламж, үйлчилгээ дагаад сайжрах ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрүүлэх нь эхний зорилго. Дараа нь эрүүл хүүхдэдээ чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй.
-Шинэ төвүүдэд ажиллах хүний нөөц хангалттай юу. Мөн дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй болсон уу?
-Манай Перинаталогийн төвийн Удам зүйн лаборатори тоног төхөөрөмж, хүчин чадлаа хоёр дахин нэмсэн. Жирэмсэн эмэгтэй бүрээс ургийн гажгийг эрт илрүүлэх NIPT (Non invasive prenatal test) шинжилгээ авдаг болохоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн ургийн гажиг оношилдог өндөр түвшний ЭХО аппаратыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэж өглөө. Нэг сарын дараа ЭХО аппаратаа суурилуулна. Төвүүдэд ажиллах мэргэжилтнүүдээ бэлдсэн. Орчин нөхцөлөө сайжрууллаа. Ингэснээр эх, хүүхдийн тусламж, үйлчилгээ нэг алхам урагшиллаа.
-Хүүхдийн эмнэлгийг шинээр барьж буй юм билээ. Ажлын явц аль шатанд байна вэ?
-Манай эмнэлэгт хоёр төрлийн бүтээн байгуулалт өрнөж байна. 2022 оноос хойш дөрвөн шинэ барилга барилаа. Иж бүрэн цогцолбор барилгын засвар ажлыг гүйцэтгэх зураг төслийг боловсруулан Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан. Нийт 66.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Одоогоор барилгын их засварт улсын төсвөөс 28.5 тэрбум төгрөг төсөвлөж, найман багц бүхий засварын ажлыг гүйцэтгэж байна. Хүүхдийн эмнэлгийн амбулаторийн зургаан давхар барилгын явц 85, ажилтнуудын хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэл 60 хувьд хүрсэн. Манай эмнэлэг 1100 гаруй ажилтантай. Цэцэрлэгийн насны 200-гаад хүүхэд бий. Төвийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг 33 тасагтай. Тэдгээрийн гуравны нэгийг нь бүрэн засварлажээ. Өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн 10 тасгийг засварлаж дууссан.
-Манай улсын нийт гэр бүлийн 10 орчим хувь нь үргүйдлийн асуудалтай гэсэн албан бус тоо бий. Үргүйдлийн төвийн үйл ажиллагааг яаж сайжруулсан бэ?
-Үргүйдлийн тархалтын үндэсний хэмжээний судалгааг өдгөө хийж байгаа. Манай төвийн хэмжээнд хийж буй судалгаа бий. Энэ чиглэлээр хоёр ч эмч маань докторын зэрэг хамгааллаа. Үргүйдлийн төв өмнө нь эмнэлгийн нэг буланд үйл ажиллагаа явуулдаг байсан. Үргүйдэл гэдэг ганц эмэгтэй хүний бус, гэр бүлийн асуудал. Нөхрийг нь мөн эмчилдэг. Эмэгтэйчүүдийн үзлэг, эмчилгээ дундуур эрэгтэй хүнд үйлчлэх зэрэг орчин нөхцөлийг өмнө нь бүрдүүлж чадаагүй байсан. Харин одоо зай талбайг нь өргөсгөн, тусад нь гурван давхар барилгатай болгосноор үйлчлүүлэгчийн тав тухтай орчныг бүрдүүллээ. Одоо үйл ажиллагаа нь тогтворжсон.
-Эх, хүүхдийн эндэгдлийн түвшин өмнөх оныхоос буурчээ. Гэвч тусламж, үйлчилгээг илүү сайжруулж, эндэгдлийг зогсоох шаардлагатай байх?
-Тийм ээ. Эхний эндэгдэл өнгөрсөн оныхоос зургаан тохиолдлоор буурсан. Эхийн ноцтой хүндрэл 26 тохиолдлоор өссөн. Энэ нь гэхдээ муу үзүүлэлт биш. Яагаад гэхээр өнгөрсөн онд 215 ээж эндэх эрсдэлтэй байсныг бид эмчилсэн. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 17 эх эндэж, 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл өмнөх оныхоос 8.7 просантимилээр буурсан. 2021 онд “Ковид-19” цар тахлын жилд эхийн эндэгдэл өндөр байсан. 2021 онд 68, 2022 онд 23 эх эндсэн. Манай Тандалтын алба улсын хэмжээнд ажилладаг. Улсын хэмжээнд 0-5 нас, тэр дундаа нярайн эндэгдэл өнгөрсөн онд буурсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд өнгөрсөн онд 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 14.9 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.6-гаар буурсан байна. 2022 онд тав хүртэлх насны 1016, өнгөрсөн онд 961 хүүхэд энджээ. Бид эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор үндэсний хэмжээнд бусад эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйгээр хангадаг. Манай зөвлөх эмч нар орон нутгийн мэргэжилтнүүдийг дөрвөн бүсэд хуваан, сургалт явуулж байна. Тухайн бүсэд эх, нярайн эндэгдэл их байвал хариу арга хэмжээ авч ажилладаг. Гэвч эх, нярайн эндэгдэл гарсаар байгаа нь ганцхан эрүүл мэндийн салбар бус, нийгмийн асуудал. Жирэмсний хяналтдаа орохгүй, эмчид үзүүлэхгүй байгаа ээжүүд эдийн засгийн асуудалтай, архины хамааралтай байх тохиолдол цөөнгүй.
-Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүждэг болсноор багагүй бэрхшээлтэй тулгарах болсон. Танай эмнэлэгт санхүүжилттэй холбоотой асуудал үүсэж байна уу?
-Чанартай үйлчилгээг хэр олон хүнд хүргэнэ, тэр хэрээр санхүүжилтээ бүрдүүлдэг болсон. Манай эмнэлэгт ирсэн хүн бүрийг үзнэ, нэг ч хүнийг буцаахгүй. Амбулаторийн тусламж, үйлчилгээ өнгөрсөн оныхоос нэмэгдсэн. Барилга байгууламжаа өргөтгөсөнтэй холбоотойгоор цаашид амбулаториор үйлчлүүлэгчид улам өснө. Тухайлбал, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг өмнө нь 11 өрөөтэй байсныг 20 болголоо. Манай эмнэлэг урьд нь төрсний дараах тусламж, үйлчилгээ үзүүлдэггүй, өрхийн эрүүл мэндийн төв рүү шилжүүлдэг байсан. Харин одоо төрсний дараах тусламж үзүүлж байна. Улсын хэмжээнд жилээс жилд төрөлтийн тоо буурч байгаа. Гэхдээ манай эмнэлэгт амаржсан ээжүүдийн тоо буураагүй. Дэлхийн жишигт нийцсэн төрөх өрөөтэй болсон учраас эмэгтэйчүүд ЭХЭМҮТ-д амаржих хүсэлтэй байна. Гүйцэтгэлийн санхүүжилттэй болсноор бид улсын төсвөөс ганц ч төгрөг авахгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ системд шилжээд удаагүй. Одоо эмнэлгүүд хаалттай байсан өрөөгөө бүгдийг нь нээж, мөнгө олдог болох гэж байна. Эрүүл мэндийн салбар менежментийн хувьд сайжирсан ч засах зүйл байгаа нь үнэн. Үйл явцын алдааг сайжруулах боломжтой. Том зургаар нь харахгүй, өнөө, маргаашаа яриад байвал салбарын шинэчлэл үр дүнгээ үзүүлж чадахгүй. Жишээлбэл, цахим систем гацдаг. Эмч, үйлчлүүлэгч нарт энэ нь асуудал хэдий ч сайжруулж болно.
-Тэгэхээр танай эмнэлэгт эмэгтэйчүүдхарьяалалхаргалзахгүйгээртөрж болох нь ээ?
-Иргэн эмч, эмнэлгээ сонгох систем рүү шилжсэн. Мэдээж харьяаллын дагуу бусад төрөх эмнэлэг үйлчилгээ үзүүлж байгаа. Гэхдээ манай эмнэлэгт төрөх хүсэлт гаргасан эмэгтэйчүүдийг хүлээж авна. Улсын хэмжээнд төрж буй эмэгтэйчүүдийн 10-15 хувь нь манай эмнэлэгт амарждаг. Голдуу хүндрэлтэй ээжүүд төрдөг.
-Танай төв олон улсын жишигт нийцсэн төрөх өрөөнүүдтэй болсон. Тэр дундаа усанд төрөх зориулалтаар тоноглогдсон хоёр өрөөтэй. Усанд эх барьж авсан тохиолдол бий юү?
-Урьд нь манай эмнэлэг төрөх найман өрөөтэй байсан. Их засварын үеэр өрөөнүүдээ бүртгэж үзэхэд 22 болсон. Нийт өрөөний ердөө 40 хувьд л үйлчилгээ үзүүлж, бусдыг нь агуулахаар ашиглаж байжээ. Тиймээс бүх өрөөг тохижуулсан. Тэдгээрээс 10-ыг нь гэр бүлээрээ байрлах боломжтой VIP өрөө болгосон. Төрөх өрөө бүр дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй болсон. Монголчууд усанд төрж заншаагүй учраас одоогоор ийм тохиолдол гараагүй. Европ эмэгтэйчүүд усанд төрөх дуртай. Усанд төрөх нь өвдөлтийг намдаадаг. Эхийн хэвлийд усан орчинд байсан хүүхэд шууд ус руу гарахад даралтын зөрүү мэдрэх нь бага байдаг юм.
-Тав тухтай орчин бүрдүүлэхээс гадна ажилтнуудын хандлага, харилцаанд хэрхэн анхаардаг вэ?
-Манай төв ажилтнуудынхаа хандлагыг сайжруулах зорилгоор сургалт байнга хийдэг. Үйлчилгээний стандарт бий болгосон. Жишээлбэл, үйлчлүүлэгчийнхээ нүд рүү харж ярилцах гэх мэт. Энэ их засвар, хөрөнгө оруулалтын дараа бид гурван үр дүн хүлээж байгаа. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж сайжирсан байх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, бага өртгөөр хүртээмжтэй ажиллахыг зорьж байна. Тухайлбал, 2021 онд бид гүйцэтгэлийн санхүүжилтээс илүү гарсан нэг тэрбум төгрөгөөр төвийнхөө 33 сувилагчид байрны урьдчилгаа өгсөн. Сувилагч нар маань тэтгэвэрт гартлаа эндээ ажиллах юм. Мөн “Ажлын байрыг ЭХЭМҮТ-өөс” гэсэн уриалга гаргаж, сургуулиа дөнгөж төгсөөд ирсэн сувилагчид гурван сая төгрөгийн тэтгэмж олгон, таван жилийн гэрээ байгуулан ажиллуулж байна. Эмнэлгийн ажилтнууддаа үндсэн цалин, Засгийн газрын нэмэгдэл, бас гүйцэтгэл, үр дүнд суурилсан урамшуулал олгодог. Ингэснээр зөвхөн үйлчлүүлэгчийн тоо биш, чанарт анхаарч байгаа юм. Үйлчлүүлэгчийн мэс заслын шарх нь идээлдэггүй, буцаж ирдэггүй, давтан хагалгаанд ордоггүй байх гэсэн үзүүлэлтийг харж, эмч, сувилагчид урамшуулал олгодог. Урамшуулалт цалин нь үнэн бодитой, шударга байвал хэн ч маргаан үүсгэхгүй. Цаашид бид засварын ажил дууссаны дараа гадна талбайдаа ногоон байгууламжтай болно.