Азийн Ширээний теннисний холбооны тэмцээн болон харилцаа хариуцсан удирдагч Э.Мөнхбилэгтэй ярилцлаа. Тэрбээр мөн Катарын ширээний теннисний холбооны менежерээр ажилладаг бөгөөд өдгөө тус улсад оршин сууж буй. Түүнтэй цахимаар холбогдлоо.
-Та тамирчны гараагаа ширээний теннисээр эхэлсэн юм билээ. Харин өдгөө спортын олон төрлөөр хичээллэж буй бололтой.
-“Өнөөдөр” сонины хамт олон болон ярилцлагыг уншиж буй монголчууддаа энэ өдрийн мэнд хүргэе. Би анх 1999 онд анх ширээний теннисний “Номин клуб”-т БНСУ-ын дасгалжуулагч Пак багшийн удирдлагад хичээллэж эхэлсэн. Гурван жил хичээллээд, өсвөр үеийнхэн дундаа улсдаа дээгүүр тоглож байв. 2002 онд АНУ руу сурахаар очоод, хичээлийн хажуугаар бэлтгэл хийж Хойд Америкийн тэмцээнд оролцдог байлаа. Дараа нь Монголдоо ирээд оюутан болж, 2007 онд бэртэх хүртлээ тэмцээнүүдэд идэвхтэй оролцсон. Харин гэмтсэнээсээ хойш эрүүл байх зорилгоор тоглож, дотоодын тэмцээнд оролцдог болсон юм. Спортын бусад төрлөөр ширээний теннис шиг мэргэжлийн түвшинд хичээллээгүй ээ. Зөвхөн ширээний теннис гэлтгүй бүх спортод хайртай учир туялзуур сэлэм болон бодибилдинг, фитнесээр сонирхогчийн түвшинд хичээллэж, мөн олон улсын тэмцээн, наадам зохион байгуулах ажилд оролцож байсан.
Ази тив ширээний теннисээр дэлхийд тэргүүлдэг гэж хэлж болно. Тивийнхээ холбооны техник болон шүүгчдийн асуудал эрхэлсэн хорооны бүрэн эрхт гишүүн болоод нэлээд хэдэн жил өнгөрлөө. Азийн Ширээний теннисний холбооны тэмцээнүүдийг хариуцсан удирдах ажилтан болж, өндөр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулдаг түвшинд хүрчээ. Энэ хүртэл туулах зам амар байгаагүй. Олж авсан мэдлэгээсээ, гаргасан алдаанаасаа суралцаад, хүнд үед бууж өгөхгүй байх зарчимтайгаар л ажиллаж байна.
-2021 онд таныг тив, дэлхийн 30 гаруй тэмцээн шүүгээд буй талаарх мэдээлэл харлаа. Өдгөө энэ тоо нэлээд нэмэгдсэн байх?
-2021 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр ажилласан. Түүнээс хойш ихэвчлэн тэмцээн зохион байгуулагчаар ажиллаж байна. Шүүгчээр ажиллахаас нэг шат ахисан гэх юм уу даа. Сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Ханжоуд болсон Азийн наадамд л шүүгчээр ажилласан. Ази тивд олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулагч буюу сompetition manager хомс байсан юм. Тиймээс энэ чиглэлээр мэргэшин, 2022 оны зунаас хойш “Азийн цом” буюу шилдэг 16 тамирчны тэмцээн, Азийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн, өсвөр үеийн, ахмадын зэрэг бүх төрлийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар томилогдон ажилласан. Мөн бүсийн аварга шалгаруулах, дэлхийн аваргын сонгон шалгаруулалт гэх мэтээр сүүлийн 2-3 жилд олон тэмцээн зохион байгуулах ажилд оролцсон байна.
Энэ жилийн хувьд Казахстан улсад зохион байгуулсан насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлын хянагчийн үүрэг гүйцэтгэлээ. Тавдугаар сард Тайланд улсад болох олимпын эрх олгох тэмцээн, зургаадугаар сард БНХАУ-д зохион байгуулах Азийн өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллахаар сонгогдон, өдгөө бэлтгэл хангаж байгаа.
-Эдгээрээс гадна олон улсын шинж чанартай тэмцээнүүдийг Монгол Улсдаа зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэж байсан шүү дээ.
-Монголын ширээний теннисний холбооныхон 2023 онд Азийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан. Энэхүү тэмцээнд Зохион байгуулах хороог төлөөлж, техникийн даргаар ажиллаж байлаа. Өмнө нь Азийн Ширээний теннисний холбоо ахмадын аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор зохион байгуулж байгаагүй. Тиймээс олон сонирхолтой зүйлтэй тулгарч байв. Жишээ, баримжаа авах зүйл байгаагүй тул цөөнгүй хүндрэл бэрхшээлийг туулах шаардлагатай болсон. Энэ жил Азийн ахмадын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн наймдугаар сард Йордан улсад болно. Хяналтын ажлаар ирэх сард тэнд очиж магадгүй.
-Тамирчдын олон жилийн хүч хөдөлмөрийг талбайд дэнслэх нь маш хариуцлагатай ажил. Магадгүй тэдний сэтгэл зүйг ч мэдрэх чадвартай болдог байх. Яг л цуг тоглож байгаа мэтээр мэдэрдэг болов уу?
-Өөрөө тамирчин байсан болохоор зарим үед тэдний оронд байгаагаар төсөөлөх нь бий. Гэхдээ мэдээж ажлаа хийж байгаа учир бүх зүйлд мэргэжлийн түвшинд ханддаг. Тэвчээр хатуужил арын албаны ажилтан, шүүгч нарт ч хамаатай. Үгээр илэрхийлэхийн аргагүй, төрөл бүрийн мэдрэмжийг спорт хүнд өгдөг.
-Тэмцээн бүрд л нарийн техник, ур чадвар харуулсан тоглолтууд болдог. Таны хувьд дэнслэхэд тун хэцүү санагдаж байсан тэмцээн бий юү?
-Ширээний теннисний тэмцээнд шүүгчийн оролцоо харьцангуй бага, бүх өрсөлдөөн үзэгчдийн нүдэнд ил тод харагддаг учир тун хэцүү гэж хэлэхгүй. Тууштай байх нь л маш чухал. Зарим үед зөөлөн, заримдаа хатуу шүүж болохгүй. Сэтгэл хөтлөлд автаж, сандрах нь зохисгүй. Магадгүй секунд хүрэхгүй хугацаанд эргэлзээтэй шийдвэр гаргах шаардлага тулгарч мэднэ. Тиймээс тэр бүх зүйлд бэлэн, мөн дүрэм, журмаа маш сайн мэддэг байх хэрэгтэй.
-Ширээний теннисний олон улсын шүүгчээр Монголоос ажилласан анхны хүн нь та. Ийнхүү ажиллахдаа олж авсан гол туршлага тань юу вэ?
-2010 онд анх тавуулаа шалгалт өгч тэнцээд олон улсын шүүгч болсон. Ямартай ч тэр цагаас хойш мэддэг зүйлсээ бусадтай үргэлж хуваалцаж ирлээ. Үүний үр дүнд Монгол Улс аль хэдийнээ олон улсын 15 орчим шүүгчтэй болсон болов уу. Шүүгчийн үнэлэмж манай улсад жаахан доогуур байна гэж хардаг. Тиймээс шинэ залуу шүүгч олноор бэлтгэхгүй байх шиг. Үүнийг сонирхох залуучууд байвал мэддэг зүйлсээ харамгүй хуваалцахад бэлэн.
-Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар ажиллаж байх үедээ “Тогтвортой хөгжлийн зорилт”-той уялдуулсан олон ажлыг эхлүүлсэн байдаг. Тэдгээр нь өдгөө үргэлжилж байгаа юу. Жишээ нь, 2019 онд эрүүл мэндийн даатгалаа ашиглан спорт клубүүдэд хичээллэх санаачилгыг та гаргаж байж. Энэ нь ажил хэрэг болсон уу?
-2018-2020 онд БСШУСЯ-ны Спортын бодлогын газрыг агентлагтай нэгтгэсэн юм. Тэр үед Спортын бодлогын газрыг хариуцаж, баримт бичиг дээр голчлон ажилладаг байсан. Төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр, спортын клубийн магадлан итгэмжлэл, 700 гаруй нэр, төрлийн спортын барааг гаалийн татвараас чөлөөлөх жагсаалт батлуулсан. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний бие даасан байгууллагатай болсон зэрэг ажлыг санаачилж байлаа.
Уг нь хувь хүн өөртөө цаг зарцуулж, эрүүл мэндийн даатгалаасаа сар бүр багахан ч гэсэн мөнгийг зарцуулах эрх зүйн орчин бүрдэж байлаа. 2019 онд нийт 13 спортын клуб магадлан итгэмжилж байсан. Одоо даатгалын сангаас дэмжлэг өгөх хууль хүчингүй болж, клубийн тоо нэмэгдээгүй гэсэн мэдээлэл авсан.
-Тамирчны болон шүүгчийн замнал тань хэзээ, ямар тэмцээнээс эхэлж байв. Яагаад спортын замналыг сонгох болов?
-Багаасаа л спортод дуртай байсан. Хувь хүний сэтгэл зүйг маань ч спорт төлөвшүүлсэн. Амьдралд хүнд бэрх даваа тулгарахад спортын өгсөн хатуужил, дэглэм, сэтгэл зүй асар их дэм болдог. Ширээний теннисээр хичээллэж эхлээд 25 жил боллоо. Идэвхтэй хөдөлгөөн, спорт бол асар чухал зүйл. Нүдний өмнө ил харагддаг зүйлсээс гадна “хөшигний ард” асар их давуу тал байдгийг алхам тутамдаа мэдэрдэг. Идэвхтэй хөдөлгөөн бол амьдралд хайртай, эрүүл байх хүсэлтэй хүн бүрийн дадал хэвшлийн салшгүй хэсэг байх ёстой. Таны тархи, бие махбод, сэтгэл зүй гэх мэт бүхий л зүйлд тустай шүү дээ. Спорт энгийн атлаа баяр хөөр, гуниг, хамт олон, хатуужил өгдөг гээд хэлээд байвал ач холбогдол нь дуусахгүй байх. Мэргэжлийн тамирчин биш, хөгжөөн дэмжигч байсан ч баяр баяслаас эхлээд олон “бэлэг”-ийг спорт өгдөг шүү дээ.
-Спортын салбараас гадна бизнест ч хүч сорьж явсан. “Нью ивээлэн”, “Ноус” зэрэг компанийг хамтран эзэмшдэг гэж сонслоо. Өдгөө эдгээрийн үйл ажиллагаанд оролцож байгаа юу?
-Спортын төв байгууллагад ажиллахаасаа өмнө олон зүйл хийх хүсэлтэй байлаа. Заримыг нь оролдож ч үзсэн. Хийж буй зүйлс маань орлого олох гэхээсээ илүү хүмүүст хэрэгтэй, нийгэмд тустай байгаасай гэж эрмэлздэг байлаа. 2015 онд “Хүргээд өгөх үү” таксины аппликэйшн бүтээж, дараа нь “NOUS tech” технологийн нэвтрүүлэг нийгмийн сүлжээгээр болон “Боловсрол суваг” телевизээр гаргадаг байлаа. Хүмүүст урам зориг болон мэдлэг өгөх зорилгоор өглөөний болон оройны лекцүүдийг найзтайгаа хамтран зохион байгуулж байсан. 2017 онд түгжрэлтэй бүгд тэмцэх хэрэгтэй гээд хэд хэдэн цахилгаан дугуй Монголдоо авчирсан. Бүтэн цагийн ажил хийхийн хажуугаар тэдгээрийг амжуулдаг байв. Одоо спортын ажилд өөрийгөө бүрэн зориулж байгаа тул илүү зүйлд оролцож чадахгүй л явна.
-Спортын шүүгчийн ямар зэрэглэлтэй вэ. Ер нь ямар зэрэглэлүүд байдаг вэ?
-Ширээний теннисний шүүгчдийн зэрэглэлийг саяхан шинэчилж, ангилал нэмсэн. Цагаан, цэнхэр гэж байсан бол түрүү жилээс алтан ангилал нэмэгдлээ. Би цэнхэр ангилал авах шалгалтад тэнцээд, дээд түвшинд очихын өмнө шүүгч болон бусад бүх техникийн ажилчныг хариуцдаг тэмцээний менежер гэдэг ангилалтай болсон. Энэ нь шүүгчээс шалгуур өндөртэй бөгөөд олон улсын хоёр сургалтад амжилттай тэнцсэнээр эрх авч байлаа. Эдгээрийн үр дүнд зохион байгуулалтын, харилцааны, шийдвэр гаргах зэрэг олон ур чадвар олж авч байгаадаа талархдаг. Тэмцээний менежерээр ажиллахаар гэнэтийн асуудал шийдэх, олон оролцогч талын санаа бодлыг харгалзан зөв хариулт олох шаардлагууд тулгарна.
-“Монголоос анх удаа” гэсэн олон тодотголын эзэн нь болжээ. Сүүлд л гэхэд Азийн Ширээний теннисний холбооны гишүүнээр сонгогдсон шүү дээ.
-Баярлалаа. Олон улсын түвшинд ширээний теннисийг хөгжүүлж, чиглүүлэх боломжууд олдож байгаад талархдаг. Түгээн дэлгэрүүлэх зөндөө ажил бий.
-Олон улсын теннисний тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар ажиллахад ямар шаардлагуудыг хангах ёстой бол?
-Тэмцээний ерөнхий зохион байгуулагч нь нүдэнд ил харагддаггүй, бүх техник ажлыг амжуулдаг, гүйцэтгэдэг. Албан ёсны шаардлагуудаас дурдвал ширээний теннисний дүрмийн өндөр мэдлэг, олон хүн удирдан зохион байгуулах чадвартай байх ёстой. Мөн хэлний мэдлэг өндөр байхаас гадна тэмцээний бүх оноолт, хуваарь, дамжуулалтыг программ дээр боловсруулдаг чадвар эзэмших нь зүйтэй. Тиймээс техник, технологийн мэдлэг гэх мэт олон чадвар шаарддаг. Оролцогчийн виз, идэх хоол гэсэн жижигхэн зүйлсээс авхуулаад улс хоорондын харилцааны ньюанс тааруулах, тэмцээний шууд дамжуулалт, хөтлөлт, протокол гээд л хийх зүйл их. Тэмцээн болгоноос суралцсаар байдаг. Олон салбарын, өөр өөр зан араншин, мэдлэг чадвартай хүнтэй танилцдаг. Шинэ улс, соёлыг ойлгож мэдэрдэг гэх мэт давуу тал, боломж нээгддэг. Мөн туршлага хуримтлуулснаар дараагийн түвшний тэмцээн зохион байгуулахад сайтар суралцана. Жишээлбэл, 2022 оны төгсгөлд Азийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 тамирчны цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад спорт гэхээс илүү энтертайнмент, маркетинг, шоу талыг баримтлан ажиллаж, их зүйл суралцаж, дараа дараагийн боломжууд нээгдсэн.
-Спортын шүүгч Э.Мөнхбилэг гэхээсээ илүү хувь хүн талаасаа юу бүтээхийг зорьж, мөрөөдөж байна вэ?
-Таныг ингэж асуух үед нийгэмд хэрэгтэй зүйлс бүтээх мөрөөдөл минь нэлээн саарсан байна шүү гэж бодлоо. Мэдээж хүн бүр дотроо тодорхой зорилттой, мөрөөдөлтэй. Тиймээс залуучуудад хандаж “Та бүхэн өөрийн гэсэн зорилгоо тодорхойлоод, түүнд хүрэх алхмаа маш нарийн төлөвлөх нь чухал шүү” гэж хэлмээр байна. Бат бөхөөр бүтээсэн зүйл амархан нурахгүй шүү дээ. Бид хэт том зорилго, мөрөөдөл тавьдаг ч зам зуур тааралдах саад бэрхшээлийг дутуу үнэлэх, тооцоолох нь элбэг. Миний хувьд спорт болон сэргээгдэх эрчим хүч гэсэн хоёр чиглэлээр хүрээлэн буй орчиндоо үлдэцтэй, өгөөжтэй зүйл бүтээж үлдээх хүсэлтэй.
Аав маань насаараа сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх гэж зүтгэж, ээж түүнийг нь дэмжихийг хараад итгэл үнэмшил, урам зориг авч өссөн. Тиймээс ирээдүйд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бас ажиллана гэж бодож байгаа. Одоогоор сэргээгдэх эрчим хүчний ач холбогдлыг нь олон нийтэд таниулахаас өөрийг хийж чадахгүй л байна.
-Цаашид Монголд ажиллах төлөвлөгөө бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Харамсалтай нь, Монголын одоогийн нийгэм, орчин нөхцөл үнэхээр тааруу байна. Хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх нь байтугай өөрсдөө ч амар тайван ажилдаа явах боломжгүй байна шүү дээ. Уг нь үүнийг сайжруулах, өөрчлөх хүсэл эрмэлзэл байна. Түүнийгээ ирээдүйд хийх болно. Олон улсын байгууллагад ажиллан, туршлага хуримтлуулчхаад Монголдоо очиж ажиллах зорилготой. Сүүлийн жилүүдэд спортын ертөнцөд хурдацтай дэлхийн түвшинд гарсан Катар улсын Үндэсний олимпын хорооны үндсэн ажилтан болох нь ховор боломж шүү дээ. Түүнийгээ дагаад шаардлага их өндөр.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн