Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон С.Браун болон Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон Чен нар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубынхантай уулзаж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Түүх сөхвөл, 1987 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг АНУ хүлээн зөвшөөрч байжээ. Улмаар тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Жорж Шульц, НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Нямдоо нар хоёр улсын хооронд "Дипломат харилцаа тогтоох тухай харилцан ойлголцлын Санамж бичиг"-т гарын үсэг зурж, Тусгаар тогтнолоо тунхаглах боломж бүрдсэн. Жилийн дараа 1988 оны дөрөвдүгээр сарын 17-нд Улаанбаатар хотноо АНУ-ын Элчин сайдын яам, 1989 оны гуравдугаар сард Вашингтон хотноо Монгол Улсын Элчин сайдын яам тус тус нээсэн гэдэг.
“Монгол, АНУ-ын харилцаа цаашид Монголчуудын чадавхт суурилсан салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна” хэмээн Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албан дарга Жон С.Браун нэн тэргүүнд онцоллоо. Тэрбээр “Бизнес, худалдаа, усны салбараас гадна, агаарын тээврийн салбарт сүүлийн арван жилд хамтран ажилласны дүнд нислэгийн аюулгүй байдлын чиглэлд хамтрахаар болсон. Уул уурхайн салбарт нүүрс, зэснээс бусад эрдэс баялагт судалгаа хийж, шинэ технологи нэвтрүүлж, чухал ашигт малтмалын чиглэлд хамтарна. Технологийн үсрэнгүй хөгжлийн үед сансар судлалын салбарт харилцаагаа өргөжүүлнэ. Тус салбарт 20 жилийн өмнө хиймэл дагуул хөөргөдөг байсан өртөг өдгөө эрс хямдарсан учраас боломж бий. Түүнчлэн Монголын Шинжлэх ухааны байгууллагатай хамтраад сансрын зураглалыг сайжруулахаар зорьж байна. Мөн хөдөө аж ахуйн салбарт ажиллах зорилт ч бий. Тодруулбал, усыг үр бүтээмжтэйгээр зарцуулах, дэлхийд танигдсан америк технологийг нэвтрүүлэх юм. Үүний эхлэл болгож Хүнс хөдөө аж ахуйн ассоциацтай “Өвлийн ногоон хүлэмж” төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна” хэмээн ярилаа.
Бизнесийн Тогтвортой хөгжлийг сайжруулах “Best” хөтөлбөр
2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аар төлөөлүүлэн АНУ-ын Засгийн газраас Монгол улсад таван жилийн хугацаатай нийт 41.3 тэрбум төгрөг (15 сая ам.доллар)-ийн буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр нь Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн ил тод байдлыг сайжруулах, засаглал бэхжүүлэх замаар эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой. Дээрх хөтөлбөрийн санхүүжилт нь АНУ-ын Хөгжлийн санхүүгийн корпорациас гардаг бөгөөд мөнгөн дүн сүүлийн хоёр жилд 60 хувиар өссөн байна. “Best” хөтөлбөрөөс “Гоёо” кашмир зээл авч, 2020 онд үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон улсын чанарын стандарт нэвтрүүлжээ.
Усны компакт гэрээ
2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Мянганы Сорилтын Корпорац (МСК) 350 сая ам.долларын өртөг бүхий Монголд хэрэгжих усны Компакт гэрээг эхлүүлсэн. Улаанбаатар хотод нүүрлэж буй усны хямралыг зогсоох зорилго бүхий МСК болон Монгол Улсын Засгийн газрын энэхүү түншлэл нь усны тогтвортой хангамжийг өргөжүүлэх, усны салбарын урт хугацааны санхүү, институц, байгаль орчны тогтвортой байдлыг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж буй. Монгол Улсын Засгийн газраас дээрх хөрөнгө оруулалтыг дэмжин 111.8 сая ам. доллар хүртэлх хувь нэмрийг оруулах юм.
Тэтгэлэгт ба солилцооны хөтөлбөрүүд
АНУ-ын Элчин сайдын яамнаас академийн болон мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрүүд, төгсөгчдийн эвентээр дамжуулан хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
Үүнд:
- Фулбрайтын Оюутны хөтөлбөр
- Фулбрайтын Судлаачийн хөтөлбөр
- Фулбрайтын Дунд сургуулийн багш нарын TEA хөтөлбөр
- Фулбрайтын Мэргэжилтний хөтөлбөр
- Фулбрайтын Англи хэлний туслах багшийн хөтөлбөр
- Хюберт Хамфригийн хөтөлбөр
- Багш судлаачдын SUSI хөтөлбөр
- АНУ-ын Цэргийн болон Тэнгисийн цэргийн академийн хөтөлбөр
- Бакалаврын оюутнуудын Глобал USRAD хөтөлбөр
- Бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI хөтөлбөр
- Ахлах ангийн сурагчдад зориулсан FLEX хөтөлбөр
- Шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллах сонирхолтой залуу эмэгтэйчүүдэд зориулсан TechGirls хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Соёлын хөтөлбөр
АНУ-ын Элчин сайдын яамнаас Америкийн уран бүтээлчдийн амжилтын нууцаас хуваалцах, олон улсын соёл, уламжлалыг дэмжих, хамтын ойлголцлыг нэмэгдүүлэх үүднээс олон төрлийн соёлын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг аж.
Үүнд:
- Урлагийн элч хөтөлбөр
Урлагийн элч хөтөлбөр нь АНУ-ын урлаг, соёлын шилдэг уран бүтээлчдээр дамжуулан хоёр орны соёлын солилцоо, хамтын ажиллагааг дэмждэг байна.
- Уран зургийн хөтөлбөр
АНУ-ын Төрийн Департаментын Элчин сайдын яамд дахь уран зураг (ЭУЗ)-ийн албыг 1963 онд байгуулсан. Түр хугацааны болон байнгын уран зургийн үзэсгэлэн хөтөлбөрүүд, хэвлэл нийтлэлүүд гаргадаг аж. Дэлхий дахинаа АНУ-ын ЭСЯ, консул болон засаг захиргааны байгууллагуудын төлөөлөгчийн 200 гаруй газруудад америк болон тухайн улс орны орчин үеийн уран зургийн бүтээлүүдээс сонгон шалгаруулж, түр хугацааны болон байнгын уран зургийн үзэсгэлэнг зохион байгуулдаг.
- Соёлын өвийг хамгаалах сан
2001 оноос хөгжиж буй орнуудын соёлын өвийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Элчин Сайдын Соёлын өвийг хамгаалах санг байгуулжээ. Энэ нь дэлхийн түүхэн дурсгалт газар, уламжлал соёлыг хамгаалах төслүүдийг дэмждэг. Монголд тус сангаас Чойжин ламын сүм музейн Ядам сүмийг сэргээн засварлах, Амарбаясгалант хийдийн цахим аялал, Дуут хадны бичээсийг хамгаалах зэрэг 22 төслийг санхүүжүүлсэн байна.
Англи хэлний хөтөлбөр
- Англи хэлний фэллов (ELF) хөтөлбөр: АНУ-аас мэргэжлийн TESOL-ийн багш нар Монгол дахь боловсролын байгууллага дээр 10 сар хүртэл үргэлжлэх хөтөлбөр.
- Англи хэлний мэргэжилтэн хөтөлбөр: АНУ-аас TEFL болон TESOL-ийн мэргэжилтэн Монгол Улсад хоёр долоо хоногоос дөрвөн сар хүртэл ажиллах хөтөлбөр.
- Англи хэлний Аксесс Микро-тэтгэлэгт хөтөлбөр”: Англи хэлний Аксесс микро-тэтгэлэгт хөтөлбөр нь амьжиргааны төвшин доогуур өрхийн 14-20 насны хүүхдүүдэд зориулсан, хоёр жилийн эрчимжүүлсэн сургалт юм.
- И-багш тэтгэлэгт хөтөлбөр: Энэ нь АНУ-ын их сургуулийн долоо хүртэл төрлийн хичээлээс сонгон онлайнаар суралцах боломжийг Англи хэлний багш нарт олгодог.
Монгол, АНУ-ын харилцаа "Гуравдагч хөрш"-ийн бодлогод суурилсан. Тус харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр иржээ. 2019 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн айлчлалын үеэр манай улстай стратегийн түншлэл бүхий тав дахь улс нь АНУ болов. Манай улс НҮБ, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага, НАТО, АСЕАН бүс нутгийн форум зэрэг олон улсын байгууллагуудад гишүүнчлэлтэй юм.