Монгол, Франц төдийгүй дэлхий нийтэд энх тайвныг үүтгэсэн Өрнө, Дорнын хэлхээ холбоог илэрхийлэх нэн чухал түүхийн эх сурвалж бол Монголын Ил хаант улсын найм дахь хаан Өлзийтөөс 1305 онд Францын IV Луй Филипп хаанд илгээж байсан захидал юм. Уг захидлыг 700 гаруй жилийн дараа эх хувиар нь Монгол Улсад авчирч үр хойч бидний сонорыг мялаах нь. Энэ нь нийт 42 мөр, 908 үгтэй, гурван метр урт, 80 см өндөртэй, монгол бичгээр бичсэн, эв найрамдлыг эрэлхийлсэн агуулгатай захидал аж. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын эзэнт гүрэн, дундад зууны үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбаттай ярилцлаа.
-Юуны түрүүнд Ил хаант улсын түүх, соёлын талаар товч мэдээлэл өгнө үү.
-XIII зууны дэлхийн түүхэнд Монголын эзэнт гүрэн их тод ул мөр үлдээсэн. Монголчууд бидний хамгийн бахархалт, алтан үе юм. Энэ тухайд Их Монгол Улсын түүхээс гадна Монголын Юань, Цагаадайн, Ил хаант, Алтан ордны гэсэн бүрэлдэхүүн улсын түүхээр төлөөлүүлэн өгүүлдэг. Тэр дундаа өнөөгийн Бага Ази хийгээд Ойрхи Дорнодын түүхэнд нөлөө үзүүлсэн гэдэг утгаараа Иран, Ирак, Туркийн бүс нутагт байгуулсан Монголын Ил хаант улсын түүх ихээхэн сонирхолтой. Ил хаант улсыг байгуулсан хугацаа нь XIII зууны дунд үе буюу 1250-иад оноос эхэлсэн гэж үздэг. Энэ улс нь дэлхий дахинд энх амгаланг авчирч, бүгдийг нэгтгэхийн тулд монгол хаадын хэрэгжүүлж байсан бодлого, тэр дундаа Мөнх хааны явуулсан бодлого, үйл ажиллагаатай ихээхэн холбоотой. Мөнх хаан Их Монгол Улсын төрийг барьж байхдаа дүү Хүлэгүг Ойрхи Дорнодын бүс нутаг руу илгээжээ. Ингэхдээ өөрийн 10 цэрэг тутмаас хоёрыг нь татаж, их цэрэг бүрдүүлэн, зам зуур явах газар, орныг нь бэлтгэх зэрэг бодлого хэрэгжүүлсэн. Улмаар Монголын эзэнт гүрний их цэрэг Ойрхи Дорнодын бүс нутгийг байлдан дагуулснаар Ил хаант улс бий болсон гэж үздэг. Түүхэн сурвалжид байгуулсан хүнийх нь нэрээр Хүлэгүгийн улс хэмээн тэмдэглэж ирсэн. Харин судалгааны бүтээл зэрэгт Ил хаант улс гэх нэрээр нь сайн мэддэг.
Дэлхийн түүхэнд Ил хаант улс тодоор бичигдсэн үе нь 1258 он. Багдадыг эзэлснээр тухайн бүс нутагт монголчууд ноёрхлоо тогтоож байгаагаа зарласан юм. Үүнээс хойш 1335 он хүртэл Монголын Ил хаант улс тухайн бүс нутагт оршин тогтносон. Энэ хугацаанд монголчууд олон хот балгас байгуулж, татварын нэгдсэн системтэй, худалдаа, эдийн засаг хөгжин цэцэглэсэн улс бий болгож чадсан юм. Сонирхолтой нь, Ираны нутаг дэвсгэрт төвлөрч байсан Ил хаант, Оросын нутаг дахь Алтан ордны, Дундад Азид төвлөрсөн Цагаадайн зэрэг улс нь Хубилай хааны байгуулсан Юань улстай харилцаа, хамааралтай хэвээр байж. Ялангуяа эдийн засаг, улс төр, соёлын хувьд ихээхэн хамааралтай байсан гэдэг. Тиймээс л бүрэлдэхүүн улс гэж нэрлээд буй юм.
-Өлзийт хааны угсаа гарваль, түүхэнд бичигдэн үлдсэн гол гавьяа нь юу байв?
-Ил хаант улсын түүхэнд нэр гарч буй хаадаас Газан хааны шинэчлэлийн тухай судлаачид их онцолдог. Эдийн засгийн гол шинэчлэлүүдийг хийсэн гэлцдэг. Мөн үндэслэн байгуулагч Хүлэгү хааны тухай ч түүхэнд дурдагддаг юм. Харин Өлзийт бол Ил хаант улсын найм дахь хаан. Тэрбээр тухайн улсын улс төр, эдийн засгийг бэхжүүлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Харин амьдралынх тухайд гэвэл олон төрлийн шашныг сольж, хослуулж байсан. Шалтгаан нь тэр буддизмыг талархдаг аавтай. Гэтэл ээж нь Христийн шашин шүтдэг. Харин тэрбээр исламын шашны гол төлөөлөгч болж чадсан юм. Захирч буй бүс нутгийнхаа онцлогоос хамааран яах аргагүй исламын шашинд эргэлт буцалтгүйгээр орсон байна.
Өлзийт хаан Монголын төдийгүй дэлхийн түүх бичиглэлийн үүтгэлд хамаарна. Учир нь Өлзийтийн хаанчлалын жилүүдэд Рашид ад-Дины алдарт “Судрын чуулган” гэж нэрлээд буй, олон эрдэмтэн, мэргэдийг хамарсан бүтээл төрсөн. Ер нь Монголын хаад түүх, соёлыг дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлт, улсын хөгжилд их анхаарч байж.
-Эрдэмтэд Рашид ад-Дины “Судрын чуулган”-ыг зөвхөн Монголын бус, дэлхийн түүхийг бичих гэсэн анхны оролдлого гэж үздэг шүү дээ.
-Өлзийтийн хаанчлалын жилүүдэд дэлхийн түүхийг бичих эхлэл болсон уг бүтээлийг гаргаснаараа онцлог. Дэлхийн түүхийг монгол хаадын зарлигаар эрдэмтэн, мэргэд хамтарч бичсэн нь “Судрын чуулган”-ы гол ач холбогдол. Түүнчлэн Монгол, Хятад тэргүүтэй олон газраас эрдэмтдийг авчран Египет, Ойрхи Дорнодын болон монголчуудын дэлгэрэнгүй түүхийг бичсэн. Үүнээс өмнөх түүхүүдийг судлаачид дэлхийн түүх хэмээн бичиж байсан. Гэсэн хэдий ч үнэндээ бүс нутгийн түүх л байв. Харин Монголын эзэнт гүрэн бол тус тусдаа байсан ертөнцүүдийг нэгтгэж, жинхэнэ дэлхийн түүхийг бичин, шинэ шатанд гаргасан гэж үздэг.
Өлзийт хааны Францын IV Луй Филипп хаанд бичсэн захидлын эх хувь
-Ил хаант улсын Аргун хааны хүү Өлзийт 1305 онд Францын IV Луй Филипп хаанд улс хоорондын дипломат харилцааг чухалчилсан тэмдэглэл ирүүлсэн гэдэг. Хожмоо бид үүнийг нь “Өлзийт хааны захидал” гэж нэрийдэх болсон шүү дээ. Энэхүү захидлын агуулгын талаар тайлбарлаж болох уу?
-Захидлын тухай хэлэхээс урьтаж монгол хаадын бодлогын тухай ярих хэрэгтэй байх. Монголын их амар амгалан гэх ойлголтын талаар судлаачид түүхийн сурвалжуудад үндэслэн дэлгэж тавих нь элбэг. Тухайн үеийн эзэнт гүрний хаад даян дэлхийд энх амгаланг тогтоохын тулд монгол төрийн бодлогыг хэрэгжүүлсэн түүхтэй. Тэрхүү бодлогын хамгийн том илэрхийллийг судлаачид Өлзийт хааны захидалтай холбож тайлбарладаг. Уг захидал Парис дахь Үндэстний архивт хадгалагдаж байсныг Францын эрдэмтэн Абел-Реумза анх олж, 1824 онд хэвлүүлснээр дэлхий дахинаа танигдсан. Хожим нь Польшийн монголч эрдэмтэн В.Котвич судалж, “XIV зууны эхэн үед монголчууд дэлхий нийтийн энх тайвны санааг сэдэж үүсгэсэн болох нь” гэсэн судалгааны өгүүллээ 1933 онд францаар бичсэн бөгөөд үүний дараа монгол хэлээр орчуулагдсан. Эрдэмтэд эзэнт гүрний талаар судлах явцдаа уг захидлын тухай маш их сонирхож ирсэн. Судалгаанд нь бусад монгол хааны олон захидал ч багтдаг. Жишээ нь, монгол, перс зэрэг хэлээр бичсэн захидал цөөнгүй бий. Эдгээрийн дотроос Өлзийт хааны захидлыг яагаад онцлох болсон талаар нь судлаад үзэхэд гол шалтгаан нь Монголын их амар амгалан, эв найрамдал, дипломат ёсны тухай дэлгэрэнгүй өгүүлсэн нь юм билээ. Агуулгын хувьд сүрдүүлсэн, дайсагнасан гэх мэт олон төрлийн захидал бий шүү дээ. Харин тэдгээрийн дотроос эв найрамдлын тухай өгүүлсэн уг захидал өнөөдөр ч гэсэн үнэ цэнээ алдаагүй хэвээр байна. Захидлын эхлэл хэсэгт өвөг дээдсийнхээ тухай өгүүлдэг. Харин гол хэсэг нь “Бид дөчин таван оноос нааш эв үгүй байсан ах дүү нар найрамдаж чадав. Танай нутагт ч мөн найрамдал тогтсон гэж сонслоо. Түүнээс илүү сайн зүйл үгүй юм” гэсэн утгатай байдаг.
-Өлзийт хааны захидлыг монгол бичгээр бичсэн юм билээ. Үүнийг анх хэн кирилл бичигт хөрвүүлж байсан бэ?
-Юуны түрүүнд галиглаж буулгасан тухай нь ярих нь зөв байх. Францын эрдэмтэн Абел-Ремуза, Оросын эзэн хааны ШУА-ийн эрдэмтэн И.Ж.Шмидт, Роланд Бонапарт нар судалж фото эх зэргийг хэвлүүлсэн байдаг. Харин В.Котвичийн судалгааг Монголын эрдэмтэн Ц.Шагдарсүрэн гуай кирилл бичигт буулгасан.
-Дэлхий нийт энэ захидлыг энх тайвныг үүтгэсэн, гайхамшигтай гэлцдэгийн учир юу вэ?
-Захидлын эхлэл хэсэгт “Та нарыг ч мөн найрамдал тогтоосон гэж сонслоо. Ингэж найрамдахаас өөр сайн зүйл гэж юу байх билээ” гэх эв найрамдлын тухай өгүүлбэр байдгийг өмнө дурдсан шүү дээ. Энэ нь монгол хаад энх тайвныг эрхэмлэж байсныг дэлхий нийтэд илэрхийлж чадсан.
-Өлзийт хааны захидлыг Франц улсаас олсон шүү дээ. Энэхүү захидалтай адил түүхийн олон эх сурвалжууд Монголд бус гадаадад хадгалагдаж байна. Үүний талаар тайлбарлаж болох уу?
-Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. XX зууны үеийн, эсвэл Манжийн эрхшээлийн үеийн монгол нутгаас олдсон дурсгал, эд өлгийн зүйлс музейд хадгалагдаж байдаг. Гэтэл эзэнт гүрэн гэдэг ойлголт нь өнөөгийн Монголоос хамаагүй уудам газар нутгийг хамарч байсан. Тэгэхээр эзэнт гүрний өв соёл өргөн, уудам нутаг дэвсгэрт тархах нь ойлгомжтой. Монголын эзэнт гүрэн хөрш улсуудтайгаа захидлаар харилцаж байсан. Тэгэхээр эзэнт гүрний өв соёл, эд өлгийн зүйлс дэлхийн өнцөг булан бүрд байх нь гайхах зүйл биш. Хамгийн тод жишээ нь Өлзийт хааны бунхан Иранд байгаа нь юм. Кувейт, Катар нь Монголын эзэнт гүрний харьяанд байсан нутаг биш. Гэтэл ямар нэгэн байдлаар түүхийн үйл явц дунд тэнд эзэнт гүрний өв соёл хадгалагдаж байна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Харин бид тэрхүү их түүхийн голомтыг сахиж суугаа монголчууд юм.
-Манай улсад Өлзийт хааны захидлын хуулбар хэд хэдэн газар бий гэж сонссон. Хаана хадгалдаг вэ?
-Нэгийг нь Үндэсний номын сан, нөгөөг нь Үндэсний музейд хадгалдаг.
-Захидлын эх хувийг хэзээ Монголд авчрах гэж буй юм бол?
-Монголд хэзээ авчрах нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн ч үүнийг их сайхан түүхэн үйл явдал гэж харж байгаа. Бид ойрын жилүүдэд олон улсын түүхэн үйл явдлуудын гэрч болсоор байна. Манай улсад Ромын Пап айлчиллаа. Энэ бол олон улсын харилцааны талаасаа түүхэн үйл явдал. Үүнтэй адилаар монгол хаадын захидал, үзэл санааг 700 гаруй жилийн дараа эх хувиар нь олж харна гэдэг нь үнэхээр сайхан. Зарим хүний хувьд сүслэхээр хэмжээний чухал үйл явдал юм. Ийм боломж тэр бүр олдохгүй, маш ховор шүү дээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн