Дэлхийн утга зохиолын сонгодог төлөөлөгчдийн нэг Оросын алдарт зохиолч Лев Николаевич Толстойн "Анна Каренина" сонгодог жүжиг тавдугаар сарын 1-нээс Улсын драмын эрдмийн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна. Өмнө нь жүжигчин Н.Баярмаа Анна Каренинаг "амилуулсан". Тэрбээр буурь сэлгэж, шинэ театраа нээсэн. Тиймээс түүнийг залгамж халааг залуу жүжигчин О.Хонгорзул авахаар болсныг найруулагч зарласан юм. Харин Т.Сэргэлэн Вронскийн дүрийг бүтээнэ. Тэрбээр дүрийнхээ талаар өмнө нь "Залуу жүжигчдийг илүү их сураасай, илүү их хөгжиж, ур чадварын хувьд өсөөсэй гэсэндээ найруулагч намайг энэ дүрд сонгосон болов уу гэж бодож чадлаараа хичээж ажилласан. Хүний амьдралд гэр бүл гэдэг хамгийн нандин зүйл. Хайр сэтгэл нь түүнийг ийм нэг нандин зүйл рүү оруулж ирж, нэг гэр бүлийн нэг бүсгүйн хайр сэтгэл түүний хөлд арчигдаж байгаа нь эмгэнэлтэй бөгөөд харамсалтай. Хүнд хэлж болдоггүй үнэн гэж байдаг, бас засаж болдоггүй буруу байдгийг харуулсан “Анна Каренина”-д Вронский гол дүрийн нэг. Зохиолын төгсгөлд манай найруулагчийн нэмсэн “Хожмын тавилан гэж байдаг бол чи намайг олоорой, чи заавал намайг таниарай” гэдэг үг бий. Энэ үг Вронскийн дүрийн нэг гол шугам. Дүр болгон өөрийн гэсэн зан чанартай. Тэр дүр дотор байгаа өөртөө итгэлтэй, бардам, оргилуун дэврүүн, бас ээжийнхээ үгэнд ордог гээд Вронскийд байгаа олон шинж чанаруудыг аль болох өөрөөсөө гаргах гэж хичээж тоглоно" хэмээсэн удаатай. Улмаар Улсын драмын эрдмийн театр энэ удаад шинэ бүрэлдэхүүн, шинэ өнгө аясаар "Анна Каренина"-г толилуулахаа амлаад байгаа билээ.
Сонгодог зохиолын гайхамшиг нь он цагийн уртад үл гандаж, ой санамжаас эс гээгдэнэ. Харин ч ямагт үнэ цэнээ мэдрүүлж хаана, ямар ч нийгэмд үр шимээ үлдээж байх жамтай аж... Жүжгийн тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ.