Томоохон театрын тайзнаа жүжигт тоглож буйгаар өөрийгөө төсөөлөн, толины өмнө үгээ бэлдэж байгаагүй хүн цөөн болов уу. Тэгвэл тэрхүү мөрөөдлөө биелүүлэх боломж бүрджээ. Тодруулбал, найруулагч Л.Таванбаяр “Жаалхүү” драмын сургалтаараа дамжуулан олны хүслийг биелүүлж эхлээд байна. Тус сургалтад хамрагдсанаар стрессээс ангижрах, баг хамт олноор ажиллах, уран бүтээлч хандлагаас таашаал авах, өөрийгөө илэрхийлэх, гоо зүй болон ёс зүйн мэдрэмжээ зөв чиглүүлэх чадварт суралцах аж. Оролцогчдод мэргэжлийн ур чадвар, гадаад үзэмж зэрэг шаардлага тавихгүй, хүссэн хүн бүр өөрийгөө сорих боломжтой. Гурван сарын хугацаанд амралтын өдрүүдэд 17.00-20.00 цагийн хооронд бэлтгэл хийж, бүрэн хэмжээний жүжигт оролцон, жүжигчид дүрдээ хэрхэн уусаж, амьдардгийг өөрийн биеэр мэдрэх боломжийг олгох юм байна. Жүжиглэх ур чадварын хичээлийг Л.Таванбаяр, хөдөлгөөний урлагийг найруулагч Э.Алтан-Өлзий, тайзны ярианы хичээлийг Б.Саран-Эрдэнэ заах аж. Найруулагч Л.Таванбаяр “Энэ хүн жүжигчний дугуйланд суралцсан учраас юунд ч хамаагүй тоглох эрхтэй гэсэн сертификат олгохгүй. Авьяасыг нотариатаар батлах боломжгүй. Хүмүүст амралтын өдрөө ая таатай өнгөрүүлэх боломжийг л бид олгож байгаа юм. Ер нь бол иог хийх, ууланд алхах, загасанд явахтай адил хобби шүү дээ” хэмээжээ.
Жүжигчнээр суралцаагүй, өөр мэргэжлийн хүмүүс эвлэлдэн нэгдэж, драма, комеди, мюзик холл, пантамимо, элэглэл зэрэг бүхий л төрлөөр ганцаарчилсан болон хамтарсан тоглолт хийх нь дэлхий нийтэд ХХ зууны эхэн үеэс дэлгэрчээ. Тэгвэл үүнийг Монголд анх удаа “Жаалхүү” драмын сургалтаар нэвтрүүлж байна.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн