Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр гуравдугаар сарын 26-ны өдөр Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Др. Михал Лукештэй уулзжээ. Тэрбээр Монгол, Чехийн хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэж, энэ өдрүүдэд Прага хотын Амьтны хүрээлэнд нээгдсэн Монголын говь үзвэрийн ач холбогдлыг тэмдэглэв.
Талууд 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей болон Чехийн Үндэсний музей хамтран үзэсгэлэн гаргах, Прага хотноо Монголын үндэсний урлагийн тоглолт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Улмаар Үндэсний музейн төлөөлөл ирэх сард Монголд очиж ажиллахаар төлөвлөж буйг Др.М.Лукеш мэдээллээ.
Уулзалтад хоёр улсын Соёлын яамны төлөөлөл байлцсан бөгөөд соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаар болов. Чехийн Үндэсний музей нь 200 гаруй жилийн өмнө байгуулагдсан Төв Европын томоохон музейнүүдийн нэг. Жилд 1.5 сая хүн тус музейг үзэж сонирхдог аж.
Эх сурвалж: Прага дахь ЭСЯ